Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийг танилцуулав.
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн баяр, амралтын өдрүүдэд нийслэлийн цагдаагийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, 6786 дуудлага мэдээлэл, 362 гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүртгэсэн байна. 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Нийслэлд онц ноцтой гэмт хэрэг, гудамж талбай олон нийтийн газар осгож нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Давхардсан тоогоор явган эргүүлийн 1380 чиглэлд 3512 алба хаагч, авто эргүүлийн 248 автомашинд 496 алба хаагч, цагдаагийн 16 хэсэгт 128 алба хаагч ажиллаж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 829 иргэнийг эрүүлжүүлж, зөрчил гаргасан 7256 иргэнийг 209.637.500 төгрөгөөр торгож, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 153 жолоочийн зөрчлийг илрүүлж, эргүүлийн чиглэлд үйлдэгдсэн 30 гэмт хэргийг шуурхай эрэн сурвалжлан, халуун мөрөөр нь илрүүлж, таслан зогсоосон байна.
Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 4369 дуудлага ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 120, зөрчлийн шинжтэй 4249 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1414 ослыг материалжуулан шалгаж байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 678 бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 25.5 хувиар буурчээ.
Зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийслэлийн дүүргүүд, хэрэгжүүлэгч агентлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн харъяа болон нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд, төсөвт байгууллагуудын 2017 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх ажлыг зохион байгуулах, “Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалтын бэлтгэл ажлыг хангах, Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүйгээр ТҮЦ, ил задгай худалдаа үйлчилгээ эрхлэхийг таслан зогсоож, нүүлгэн шилжүүлэх” үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгчээ.
Эх сурвалж: Ulaanbaatar.mn
Сэтгэгдэл байхгүй байна