Улаанбаатрыг утаа, түгжрэлээс гаргах хотын даргын эхний оролдлого сүр дуулиантай өндөрлөв. Төмөр замын төв буудал буюу вокзалын дэргэдэх “1000 машины зогсоол”-ыг өчигдөр чөлөөлж, Налайх дахь Авто худалдааны цогцолбор луу нүүлгэхээр боллоо. Өчигдөр уг зогсоолыг чөлөөлөх үеэр зогсоолыг түрээслэгчид болон цагдаагийнхны хооронд бяцхан мөргөлдөөн үүсч, зарим хүмүүсийг баривчлахад хүрсэн байна. Үүнээс болж иргэдийн дунд “1000 машины зогсоол”-ыг нүүлгэх нь зөв, буруу гэсэн мэтгэлцээн үүсч, нэг хэсэг нь “нийслэлийн түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад тустай зөв алхам” хэмээн олзуурхсан бол нөгөө хэсэг нь “хувийн хэвшлийг хаалаа, хавчлаа, хүч хэрэглэлээ” гэсэн уур бухимдлаа соошлаар нэг тараав. Сайн ажиглаад байвал асуудлын гогцоо аль алиндаа биш бололтой.
Уг нь энэ талбай Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийнх. 2006 оноос “Даяар хас” компанид түрээслүүлж, 2016 онд гэрээний хугацаа дуусчээ. Дээрх газарт Улаанбаатар хотын шинэ зорчигч үйлчилгээний төв буюу орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн төмөр замын вокзал барих тухай Нийслэлийн Засаг даргын захирамж, авто захыг Налайх дүүрэгт шинээр барьсан Авто худалдааны цогцолбор луу нүүлгэх шийдвэр гарснаас хойш жил гаруйн хугацаан өнгөрчихөөд байгаа.
Авто зогсоолын үйл ажиллагааг зогсоох тухай мэдэгдлийг хотын захиргаанаас өгч байсан ч аль аль тал нь хойрго хандсаны улмаас өчигдөр буюу 2018 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр авто зогсоолыг албадан чөлөөлөхөд хүрчээ. Оройн 18:00 цагаас өмнө автомашинуудыг зөөвөрлөж, зогсоолыг чөлөөлөх хугацаа өгсөн ч уг зогсоолыг түрээсэлж байсан худалдаа эрхлэгчид албаны хүмүүсийн шаардлагыг эсэргүүцсэн тул Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс тус газрыг хамгаалалтад авчээ. Болсон үйл явдал гэвэл ердөө л энэ.
Уг нь бол хотын захиргаа автомашины худалдаа эрхэлж амьдралаа залгуулж байгаа энгийн иргэдтэй ингэж нударга зөрүүлж байхаар “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгтэй гэрээ хийсэн түрээслэгч компанитайгаа яриад асуудлыг зохицуулчихсан бол иргэдийн уур бухимдлыг ингэтэл хөөргөхгүй байлаа. 1000 хүнтэй хэрэлдэж байхаар ганц түрээслэгчтэй ярих нь хамаагүй хялбар биз дээ. Зогсоолыг түрээсэлсэн компани хаалгаа бариад “Үүнээс хойш нэг ч машиныг оруулахгүй, гаргахгүй. Манайх үйл ажиллагаагаа зогсоолоо” гэхэд хэн ч гэсэн хэдэн арван саяын хөрөнгөө харуул хамгаалалтгүй, эзэнгүй хашаанд хаяад ганд нь гаргахыг хүсэхгүй нь тодорхой.
Ямар ч ажил хийсэн заавал нэг ягт нь тулгаж, хэрүүл тэмцэл өдөөж байдаг нь манайхны зан уу, МАН-ынхны зуршил уу? Ямар огт байгаагүй, оргүй хоосноос сэдсэн зүйл ч биш. Тэртэй тэргүй өмнөх дарга нь шийдвэрээ гаргаад шилжүүлэх газрыг нь хүртэл бэлэн зэхчихсэн байхад цагийн юмыг цагт нь хийчихгүй, заавал ч үгүй хөхөө өвлийн хүйтнээр хүн амьтны нус нулимс барах нь юуны утга вэ? Нэг нь хийсэн дүр үзүүлж, нөгөө нь эсэргүүцсэн болж байж ажил хийж байгаагаа олонд тайлагнадаг юм уу, хаашаа... Ажил хийвэл гоё хий л дээ, хотын дарга аа!
Б.ЗАЯА
Видеог ЭНД дарж үзнэ үү.


Сэтгэгдэл байхгүй байна