УИХ-аас Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийг баталж гаргасан. Улмаар хуулийг энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхлээд байна. Хуулийн хүрээнд дөрвөн төрлийн тэтгэмжийг олгох юм.
Тодруулбал, жирэмсний тэтгэмжийг эх таван сартайгаасаа төрөх хүртэлх хугацаанд cap бүр 50 мянган төгрөг авна. Хоёрдугаарт, 0-3 настай хүүхдээ асарч байгаа эхэд cap бүр мөн 50 мянган төгрөгийн тэтгэмж өгнө. Гуравдугаарт, хоёр ихэр хүүхэд төрүүлсэн эхэд хүүхэд тус бүрт нь нэг сая төгрөг олгох бол гурав ба түүнээс дээш ихэр хүүхэд төрүүлсэн эхэд хүүхэд тус бүрээр тооцож гурван сая төгрөгийг олгох юм.
Мөн 0-18 нас хүртэлх гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу улиралд 240 мянган төгрөгийг олгохоор болсон.
Өрх толгойлсон эцэг, эхэд олгох тэтгэмжийг ирэх гуравдугаар сарын 20-ноос олгоно. Ингэхдээ улиралд нэг удаа олгох юм. Харин бусад төрлийн халамжийг нь cap бүрийн 20-ноос олгох юм. Эхнийх нь энэ сарын 20-ны өдрөөс “Капитал", “Хаан”, “Төрийн банк”-аар дамжуулж олгох юм байна.
ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОНО
Хэдийгээр сурагчдын амралт эхэлсэн ч ханиад томуу татраагүй л байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 9.2 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа нь сүүлийн гурван жилийн дунджаас нэг хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Нийт өвчлөгсдийн 55 орчим хувийг дөрөв хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа аж.
Үүнтэй холбоотойгоор томуу, томуу төст өвчин дэгдэх магадлалтай /01-03 дугаар сард/ үед тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, гэрээр асарсан, ажил хийж байгаа эх, эцэг, асран хамгаалагч нарт тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгохыг Засгийн газраас төрийн байгууллагад үүрэг болгож, хувийн хэвшилд зөвлөмж болгожээ.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН ХЭМЖЭЭГ БУУРУУЛАВ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг буруулсан. Тодруулбал, тухайн ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2, ажилтан хоёр хувь байхаар тогтов.
Хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч, 0-18 насны хүүхэд болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.12-т заасан иргэний жилийн шимтгэл 24 мянга, гадаадын иргэн, харьяалалгүй иргэн, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл өсгөн бойжуулж байгаа эх, эцэг, хугацаат цэргийн албан хаагч, ял эдэлж байгаа ялтны шимтгэлийг 4800 төгрөгөөр тогтоов.
Д.Цолмон


Сэтгэгдэл байхгүй байна