Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн татварын өөрчлөлтүүд олон нийтийн дунд шүүмжлэл эсэргүүцэл төрүүлж буй. УИХ 2006 оноос хойш хэрэгжиж байсан шатлалгүй татварыг өөрчилснөөр өндөр буюу 1,5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэд 10-25 хувийн татвар төлөхөөр болж байгаа нь иргэдийн дургүйцлийг төрүүлж байгаа юм. Гэхдээ үүний зэрэгцээ, цалин түүнтэй адилтгах орлого, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөө худалдсан ч 25 хувийн татвар төлнө гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ талаар болон татварын бусад асуудлаар өмгөөллийн “Веритас партнерс” нөхөрлөлийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Б.Мэргэнээс тодрууллаа.
-Жилд 18 сая төгрөг буюу сард 1,5 сая төгрөгөөс дээш орлоготой иргэд 10+ буюу 25 хувь хүртэл татвар ногдуулахаар болсон. Гэхдээ үүнтэй зэрэгцээд үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө зарсан орлогоос ч 25 хувийн татвар ногдуулна гэсэн ойлголт төржээ. Жишээлбэл, 100 сая төгрөгийн байр зарлаа гэхэд 25 сая төгрөгийг татварт төлнө гэсэн пост сошиалаар тархсан. Энэ талаар тайлбарлана уу?
-Ийм ташаа ойлголт тархсан байна лээ. 2006 онд хувь хүний орлогын албан татварын хууль батлагдахдаа “үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2 хувийн татвар авна” гэж заасан. Тэр хууль одоо хэвээрээбайгаа. Өөрөөр хэлбэл, та 100 сая төгрөгийн байшин борлуулсан бол 2 хувь буюу 2 сая төгрөгийг л татвар төлнө.
-Тэгэхээр машин буюу хөдлөх хөрөнгө борлуулсны татварт ч өөрчлөлт ороогүй гэсэн үг үү?
-Дээрх хуулинд үл хөдлөх хөрөнгийн борлуулсны татварыг зааж өгсөн ч хөдлөх хөрөнгийн борлуулалтын татварыг тодорхой зааж өгөөгүй байсан. Сүүлд батлагдсан хуулинд хөдлөх хөрөнгө борлуулсны татварыг хэрхэн тооцож авах тухай зохицуулалт нэмэгдэж орсон. Жишээ нь, машин бол хөдлөх хөрөнгө. Гэхдээ зөвхөн борлуулсан орлогын ашгаас гэдгийг илүү тодорхой болгосон. Энэ нь тухайн хөдлөх хөрөнгийг анх худалдаж авсан үнийн дүн болон худалдан авахдаа зарцуулсан хөрөнгийг хасаад үлдсэн мөнгөнөөс 10 хувийн татвар авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, та машиныг тухайн үед 20 сая төгрөгөөр худалдаж аваад дараа нь зарахдаа 21 сая төгрөг болгож зарсан бол таны анх худалдаж авсан 20 сая төгрөгийг хасаад нэг сая төгрөгөөс 10 хувийн татвар авна гэсэн үг. Энд нэг зүйлийг сайн анхаарах хэрэгтэй. Та тухайн машиныг 20 сая төгрөгөөр худалдаж авсан гэдгээ баримтаар нотлох ёстой.
-Эсрэгээрээ 19 сая төгрөгөөр зарвал яах вэ?
-Энэ тохиолдолд та татвар төлөхгүй. Яагаад гэвэл та 20 сая төгрөгөөр худалдаж авсан. Мөн анх худалдаж авсан үнэ дээр тухайн машиныг худалдаж авахад зарцуулсан хөрөнгө гэж хасагдана. Жишээ нь, та тухайн машиныг 20 сая төгрөгөөр авчихаад шаардлагатай засвар үйлчилгээ хийлгэж тодорхой зардал гаргасан бол тэр бүх зардлыг хасна. Тэгээд худалдан авалт болон засвар үйлчилгээний мөнгөн дээрээ нэмж худалдаж байгаа тохиолдолд тэр илүү нэмэгдэл мөнгөнөөс чинь 10 хувийн татвар авах юм.
-Хадгаламжийн хүүгийн орлогоос, тэр ч байтугай хүүхдийн 20 мянган төгрөгөөс татвар авах нь гэж яриад байгаа?
-Хадгаламжийн хүүгийн орлого гэдэг бол тухайн хадгаламжинд байгаа хүүнээсээ олсон орлого эсвэл таны дансанд үлдсэн мөнгөнөөс чинь тодорхой хэмжээний хүүгийн орлого нэмэгдэхийг хэлдэг. Хуучин заалтаар бол зөвхөн 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай тэр нь жилээс доош хугацаатай эсвэл огт хугацаагүй хадгаламжны хүүгээс авдаг байсан. Одоо бол хэдэн төгрөгийн хадгаламжтай, тэр нь ямар хугацаатай байхаас үл хамаараад бүх хадгаламжийн хүүнээс 10 хувийн татвар авдаг болж байгаа гэсэн үг. Тодруулбал, 100 сая төгрөгийн хадгаламжтай хүн жилд 1.5 сая төгрөгийн хүү авдаг байлаа гэж бодоход эндээс 10 хувь буюу 150 мянган төгрөгийн татвар төлнө гэсэн үг.
- Үүнээс гадна цалингийн татвар дээр бас ойлголт муу байх шиг байна. 25 хувийн татвар төлөх ч юм шиг яриад байна л даа?
-Цалингийн татвар бол 4 шатлалтай явж байгаа. Ер нь цалинг жилээр нь тооцоод бодчихдог. Тэрийг нь хялбарчлаад сараар бодоод үзэх юм бол 1.5 сая төгрөгийн цалинтай бол тэндээс 10 хувийн татвар төлнө. Түүнээс дээшээ 2.5 сая төгрөгийн цалинтай бол 1.5 сая төгрөгөөс нь 10 хувийн татвараа аваад үлдсэн мөнгөнөөс нь 15 хувийн татвар авна гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2 сая төгрөгийн цалинтай байх юм бол 1.5 сая төгрөгөөс 10 хувь буюу 150 мянган төгрөгийн татвар аваад, үлдсэн 500 мянган төгрөгөөс 15 хувь буюу 75 мянган төгрөг татварт авна гэсэн үг. Тэгэхээр 2 сая төгрөгийн цалинтай хүн 225 мянган төгрөгийг татварт төлөхөөр болж байгаа юм. Үүнийг хүмүүс ойлгохдоо 2 сая төгрөгөөс шууд 15 хувийн татвар төлөх юм шиг ташаа ойлгоод байх шиг байна. Ийм байдлаар шаталж явсаар байгаад хамгийн дээд тал нь 25 хувийн татвар авна.
Энд бас нэг зүйлийг онцлоход ийм буруу ташаа ойлголтууд гарсан нь Засгийн газар хууль сурталчлах үүргээ хангалттай биелүүлээгүйгээс үүдэлтэй гэдгийг хэлэх хэрэгтэй. Хууль сурталчлах нь Засгийн газрын үүрэг. Энд өгүүлсэн хуулийн өөрчлөлтийг 2017.04.14-нд баталсан, 2018.01.01-ээс хэрэгжиж байгаа. Өөрөөр хэлбэл, хуулиа иргэдэдээ тайлбарлан таниул, бэлтгэл ажлаа хангах 8 сарын хугацаа байсан атал одоо ийм ташаа ойлголт газар авч байгаа нь хуулиа сайн тайлбарлаагүйгийнх. Татвар нэмнэ ээ л гэсэн болохоос бусад өөрчлөлтүүдийг нарийвчлан тайлбарлаж чадаагүй. Иргэд нь татвартай холбоотой бухимдал дээрээ нэмээд буруу ойлголтоос үүдэн улам бухимдаж байхад энэ талаар албан ёсны тайлбар хийхийн оронд өрийг өрөөр төлснөө гайхуулаад л өнгөрлөө л дөө.
Сэтгэгдэл байхгүй байна