Шатахууны онцгой албаны татварыг нэмэх сургаар өнгөрсөн оны сүүлчийн өдрүүд буюу 2017 оны 27,28-ноос “Тэс петролиум” “Тод Монгол”, “Магнай трэйд” гэх мэт импортлогч компаниудын шатахуун түгээх станц /ШТС/-ууд бензин зарахгүй “гэдийж” эхэлсэн тухай бид өмнө мэдээлж байсан. “Гэдийж” гэхийн учир нь хэдийгээр яг шатахуун зарахгүй гээгүй ч нэг удаад нэг хүнд 30 мянган төгрөгнөөс илүү үнийн дүнтэй бензин зарахгүй гэсэн “хязгаарлалт” тогтоогоод байсан юм. Үүнийгээ “нөөц хангагдаагүй” гэж тайлбарласан тухай сошиал “мэдээлэгчид” мэдээлсэн.
Харин энэ “хязгаарлалт” гэх тайлбар нь нөөцөөс шалтгаалаагүй талаар албаны эх сурвалж “Нөөц хэвийн хэмжээнд буюу А-80 автобензин 68 хоног, Аи-92 автобензин 46 хоног, дизелийн түлш 28 хоногийн нөөцтэй байгаа” гэж мэдээлсэн.
Ийн төөрөгдөлт үүсгэн хэрэглээг хязгаарлах үйлдэл хийж байгаа алхмын талаар ШӨХТГ-д хандан арга хэмжээ авахыг хүссэн ч шатахуун имдортлогчид ямар учраас хязгаарлалт хийж буйгаа тайлбарлаагүй. Харин Ашигт малтмал газрын тосны газраас “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж үнийг тогтворжуулах, зохион байгуулах хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хэвшил иргэний нийгмийн хамтарсан зөвлөлөөр шатахууны үнийн асуудлыг хэлэлцэнэ” гэж мэдэгдсэн гэсэн талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл Шатахууны үнийн зөвлөл өнөөдөр буюу нэгдүгээр сарын 9-ний өдөр 10.00 цагт хуралдах юм байна. Тус зөвлөлийн хурлаар шатахуун импортлогч компаниуд цаашид шатахууны үнэ нэмэгдэх эсэх талаар хэлэлцэх гэж байна. Дээр өгүүлсэнчлэн холбогдох албаныхан нөөц хэвийн, шатахууны үнэ нэмэгдэх ёсгүй гэж байгаа ч “Тэс петролиум” орон нутгийн салбарт А-92 шатахуун 1790 төгрөг болсон бол бусад ШТС-уудад 1630 төгрөгөөр худалдаал “МТ”, “Жаст ойл” болон бусад ШТС-ууд худалдан авалтад “хязгаарлалт” тогтоож буй.
Гэвч энэ нь үндэслэлтэй эсэх, шатахууны жижиглэнгийн үнийг нэмэх эсэх талаар Шатахууны үнийн зөвлөл хуралдаж, шийдвэр гаргах ёстой юм байна.
Сануулахад: Тус зөвлөлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав ахалдаг. Харин гишүүдэд нь, Сангийн дэд сайд, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, Татварын ерөнхий газрын дарга, Гаалийн ерөнхий газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга, МҮЭХ-ны ерөнхийлөгч, Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн үндэсний холбооны ерөнхийлөгч, “НИК” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Магнай трейд” ХХК-ний гүйцэтгэх захирал, “Шунхлай” ХХК-ний гүйцэтгэх захирал, “М-Ойл” групп ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Содмонгол групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал нар ордог юм байна.
Шатахуун импортлогчдыг ШӨХТГ шалгаж эхлэв
https://www.infomongol.mn/content/read/154421.htm
Сэтгэгдэл байхгүй байна