Элэгдэж хуучирсан барилгатай, анги танхим нь мөөгөнцөрт идэгдэж сурагчид хичээллэх боломжгүй болсон улсын сургуулиудын асуудал өнгөрсөн хугацаанд хурцаар хөндөгдсөөр ирсэн. Тэдний нэг болох Хан-Уул дүүргийн 32-р сургууль гэхэд л маш удаан хугацааны турш шинэ барилгатай болох тал дээр хөөцөлдөж, эцэг эхчүүд нь жагсаал цуглаан хүртэл хийж байсан нь саяхан. Харин тойргоос сонгогдсон гишүүд нь нам харгалзахгүй эвлэлдэн нэгдэж сургууль цэцэрлэгийн асуудалд хүч хаяж чадвал бүтэхгүй зүйл байхгүй гэдгийг тус сургууль харууллаа-
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо буюу Зайсан орчимд байдаг улсын тодотголтой ганцхан сургууль бол 32 дугаар сургууль юм. Гэвч Сургуулийн байр нь дусаал гоожиж, мөөгөнцөрт идэгдэн цууралт өгч, хана тааз нь засвар авахаа больсоноор хүүхэд суралцах боломжгүй хэмээн мэргэжлийн байгууллага нь дүгнэснээс хойш олон ч тэмцлийг тус сургуулийн зүгээс өрнүүлээд байсан юм. Шинэ барилгатай болтлоо сурагчид нь сургууль дамжин хичээллэсэн. Эцэг эхчүүд жагсаал цуглаан хийж, олон ч сайд дарга нарын хаалга сахиж, хүсэлт шаардлага хүргүүлсэн гээд 32-р сургуулийн үзсэн зовлон их. 50 гаруй жилийн түүхтэй уг сургуулийн барилгыг концесийн гэрээгээ барихаар шийдвэрлэсэн ч концессийн тухай хуулийн хуучин заалтаас болж 3 жил хэртэй гацаанд орсон байдаг. Харин Засгийн Газрын 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн тогтоолоор Концессын заалтад өөрчлөлт оруулах ажлыг УИХ-ын гишүүн Л.Болд хийснээр сургуулийн хувь заяаг нааштайгаар эргүүлсэн. Түүнчлэн тухайн үеийн Боловсролын сайд, Аж үйлдвэрийн сайд нартай уулзаж сургуулийн нөхцөл байдлыг танилцуулан чуулганы индэр дээрээс сургуулийн удирдлага, багш, эцэг эхчүүдийн үгийг дайн барилгын ажлыг урагшлуулахын төлөө тууштай явсан хүн бол Л.Болд гишүүн. Харин Эхлүүлсэн ажлыг эрчимжүүлcэн хүн бол Засгийн газрын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж. Ийнхүү нэгдмэл байр сууртай байж нам, эвсэл гэж талцалгүй асуудлын голоо харж хамтран ажилласнаар үгжирч муудан үүд хаалгаа бариад байсан 32-р сургууль будаг нь ханхалсан гурван давхар цоо шинэ байранд үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.
Өнгөрсөн хугацаанд сургуулийн удирдлага, багш ажилчид, эцэг эхчүүд, тойрог дүүрэг хариуцсан гишүүд, Хан-Уулчуудын хүч оролцоотойгоор нийслэлийн ууган сургууль шинэ оны босгон дээр шинэ байртай боллоо. Ер нь ард түмэнд амлалт өгөн сонгогдсон төрийн түшээд энэ мэт сургууль цэцэрлэгийн асуудалд нам харгалзахгүйгээр нэгдэж ажиллах ёстой. Ганц 32-р сургууль гэлтгүй барилга нь угжирч муудсан, шинэчлэгдэх шаардлагатай улсын сургуулиуд олон бий. Өнөөдөр анги танхимын хүрэлцээ муутайгаас болж сурагчид 3 ээлжээр хичээллэж, өвлийн хүйтэнд харуй бүрий үед гэртээ харьж байгаа бага ангийн хүүхдүүд олон байна. Саяхан ерөнхий сайд 3 ээлжээр хичээллэдэг сургуулиудад ажиллахад бага ангийнхан харуй бүрийгээр гэртээ харих замдаа согтуу хөлчүү хүмүүсээс айж явдаг тухайгаа ярьж байсан. МУ-ын Үндсэн хуулинд хүүхэд эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэй гэж заасан ч энэ эрхээ эдэлж чадахгүй олон мянган хүүхдүүд байна. Өнөөдөр нэг хэсэг нь бараг дэлхийн жишигт байхгүй өндөр үнээр ерөнхий боловсролыг авч байна. Харин улс сургуулиа ч нэмж барих чадалгүй, хуучирч муудсануудыг нь шинэчлэх асуудал дутмаг явсаар өдийг хүрч байна. Энэ жилийн төсөвт ЗГ-аас боловсролын салбарт ихээхэн хөрөнгө мөнгө тусгаж өгсөнөөр шинээр баригдах сургууль цэцэрлэгийн тоо өмнө нь байгаагүй ихээр нэмэгдэнэ гэсэн тул ирэх намар итгэл найдвар тээж харж л сууя.
Д. Цолмон
Сэтгэгдэл байхгүй байна