• Эхлэл
  • Европын долоон улс цагаачлалын нэгдсэн бодлоготой болно

Европын долоон улс цагаачлалын нэгдсэн бодлоготой болно

2018/01/12

Италийн нийслэл Ром хотод европ тивийн өмнөд хэсэгт буюу газар дундын тэнгисийн эрэг дагуух долоон улсын уулзалт болж цагаачлалын нэгдсэн бодлого боловсруулахаар болжээ. Грек, Испани, Кипр, Итали, Франц, Мальт, Португаль улсууд ирэх жилүүдэд улс төр, эдийн засгийн хямралтай улсын иргэдэд нээлттэй болохын зэрэгцээ хүний наймаа болон бусад хууль бус үйлдэлтэй хатуу тэмцэхээ илэрхийлээд байна.

“Бид хүний эрхийг дээдэлж тухайн улс орны нөхцөл байдлыг ойлгон цагаачлагч иргэдийг халуун дотноор угтан авах ёстой. Гэхдээ бид хяналт, аюулгүй байдлаа сайтар сахин хамгаалах нь зүйтэй” гэж Грекийн ерөнхий сайд Алексис Ципрас ярьжээ.

Европ тивд сүүлийн жилүүдэд ирсэн цагаачдын дийлэнх нь Итали, Грек, Испаниар дамжиж суурьшсан байдаг. Дээрх цагаачдын дийлэнх нь ойрхи дорнод, хойд африкаас ирсэн цагаачид эзэлдэг ажээ. Сүүлийн үеийн мэдээллээр Грек улс 50 мянга, Итали улсад 200 мянган цагаач ирээд байна. Ялангуяа Грек улсад 50 мянган цагаачийн асуудал нийгэмд ихээхэн маргаан мэтгэлцээн дагуулж байгаа юм. Хэдийгээр эдийн засгийн хямралтай байгаа ч Грек улсын Засгийн газар цагаачлалын бодлогоо өөрчлөхгүй гэж мэдэгдээд байна.

Европын холбооны удирдлагууд цагаачлалд нээлттэй хандахыг дэмждэг ч шалгуур, шаардлагыг өндөрсгөх, хилийн хамгаалалтай чангатгах байр суурьтай байдаг юм. Гэсэн хэдий ч Европын холбооны бусад гишүүд тэдэнтэй ижил байр суурьтай баримталдаггүй. Тухайлбал Польш, Чех улсууд цагаачлалын бодлогоос татгалзаж, хилийн хамгаалалтаа нэмэгдүүлэх ёстой гэж үздэг ажээ.

Б.Тулга

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна