• Эхлэл
  • Америкт ажил хийхэд хэлний мэдлэгийн шалгуур тавихгүй

Америкт ажил хийхэд хэлний мэдлэгийн шалгуур тавихгүй

2018/01/19

АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамнаас улирлын чанартай болон хөдөө аж ахуйн салбарт ажиллах зөвшөөрөл олгодог H-2A болон H-2B визээр 2018 онд тус улсад нэвтрэх боломжтой орнуудын тоонд Монгол Улсыг оруулсан билээ. Өчигдөр /2018.01.18/-өөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн дээрх журамтай холбогдуулан Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамны Тэргүүн консул Жейсон Спеллберг өнөөдөр /2017.01.19/ мэдээлэл хийлээ.

H-2A виз нь хөдөө аж ахуйн салбарт АНУ-ын ажиллах хүч дутагдалтай байгаа үед гадаадын иргэдийг АНУ руу түр хугацааны хөдөө аж ахуйн ажил хийлгэхээр авчрахыг зөвшөөрдөг. Харин H-2B виз нь хөдөө аж ахуйгаас бусад ажиллах хүч дутагдалтай салбарт түр хугацааны эсвэл улирлын чанартай ажил гүйцэтгэхээр АНУ-д зорчих гэж буй хүмүүст хамаарах юм.

Дээрх хоёр ангиллын визний хувьд виз мэдүүлэхийн өмнөөс ажил олгогч нь өргөдөл гаргах зарчмаар ажилладаг. Тодруулбал, АНУ дахь ажил олгогч нь хүсэлт гаргаж, улмаар тус улсын Хөдөлмөрийн яамнаас уг ажилд тохирох ажиллах хүч дутмаг болохыг баталсан хөдөлмөрийн сертификат буюу гэрчилгээ авах ёстой. Тэрхүү баримтад тулгуурлан визний зөвшөөрөл олгогддог байна.

Н-2А визний тухайд ажиллах хүчний квотын хязгаарлалт байхгүй. Харин Н-2В виз нь хязгаарлалттай. Тодруулбал, АНУ-ын Конгрессоос хөдөө аж ахуйн бус, ажиллах хүч дутмаг салбарт жил бүр 66 мянган ажиллах хүчийг гадаадаас авахаар тогтоодог. 66 мянган ажиллах хүчийг жил бүрийн аравдугаар сарын 1-нээс дараа жилийн есдүгээр сарын 30-ний хоорондох хугацаанд хоёр тэнцүү хувааж, хагас жилд 33 мянгыг авах зарчмаар виз олгодог байна. Энэ жилийн хувьд 2017 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр эхний 33 мянган ажиллах хүчийг авч дууссан.

Монгол Улсын хувьд 2018 оны жагсаалтад багтсан ч Н-2В визний тухайд ирэх гуравдугаар сарын 1-нээс хойш виз мэдүүлэх боломжтой аж. Харин Н-2А визийг хэдийд ч мэдүүлэх боломжтой ажээ.

Дээрх хоёр ангиллын виз мэдүүлэгчдэд англи хэлний мэдлэг шаарддаггүй байна.

АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамнаас жил бүр H-2A, H-2B ангиллын визээр нэвтрэх боломжтой орнуудыг хэлэлцэн баталдаг. Монгол Улсын хувьд энэ журам 2018 оны нэгдүгээр сарын 18-наас 2019 оны нэгдүгээр сарын 18 хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөх юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • OSOKHBAYR
    TAALAGDLAA
    2018 оны 01 сарын 20