УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-ын даргаар бүртгэх эсэхийг өнөөдөр Дээд шүүх хэлэлцсэн. Ингээд албан мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Хүсэлт гаргагч О.Баасанхүү нь “2017 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн ээлжит бус Бага чуулганаас намын II Их чуулганыг хуралдуулах шийдвэрийг гаргасан, намын II Их чуулган 2017 оны 12 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд хуралдаж, намын дүрэмд өөрчлөлт оруулж , намын даргыг шинээр сонгосон тул бүртгүүлэх” хүсэлтийг гаргажээ. МАХН-ын дүрмийн 9.1-д зааснаар МАХН-ын удирдах дээд байгууллага нь Их чуулган, намын төлөөллийн төв байгууллага нь Бага чуулган байх ба дүрмийн 10.3-т зааснаар Намын Их чуулганы хуралдах тов, төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг сонгох журмыг Бага чуулганаас тогтоодог байна. Улсын Дээд шүүх хүсэлтийг хүлээн авч, хуралдаанаар хянан хэлэлцэх явцад намын гишүүд нь Бага чуулганы гишүүдийн тоо, гишүүдийн нэрс, түүнчлэн намын гишүүн мөн эсэх талаар хоорондоо маргаантай, намын II Их чуулганыг хүчинтэй гэж үзэх боломжгүй байдал тогтоогдсон байна.
Улс төрийн намын тухай хуулийн 13.9-д зааснаар намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй. Намын эрх бүхий байгууллага өөрөө шийдвэрлэдэг тул Улсын Дээд шүүх МАХН-ын дүрэмд өөрчлөлт оруулах, намын даргаар О.Баасанхүүг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэв гэсэн байна.
Энэ удаагийн шүүх хуралд нэг талаас УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Нийслэлийн МАХН-ын дарга Бямбасүрэн нар оролцсон бол нөгөө талаас МАХН-ын дэд дарга С.Ганбаатар намын генсек Э.Эрдэнэжамъян болон Ц.Оюунбаатар, Ц.Шаравдорж нарын хүмүүс шүүх хуралд оролцсон байна. Мөн энэ үеэр МАХН-ын гишүүд Дээд шүүхийн гадна О.Баасанхүүг эсэргүүцэж цугласан байсан бөгөөд О.Баасанхүүг эсэргүүцэж биед нь халдсан гэсэн мэдээлэл байна.
Мөн шүүх хурлын дараа МАХН-ын удирдлагууд гэгдэж байгаа УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар, Ц. Шаравдорж нар хэвлэлийн бага хурал зохион байгуулсан юм. Энэ үеэр Ц.Оюунбаатар
-Зарим улс төрийн хүчний захиалгаар МАХН-д байсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар хууль бус Бага хурал, Их чуулган зохион байгуулсан гэж Улсын Дээд шүүх үзлээ. О.Баасанхүүгийн зохион байгуулсан хуралд намын гишүүн бус хүмүүс оролцсон. Мөн намын зарим гишүүдэд худал мэдээлэл өгч, хуралд оролцуулсныг Улсын дээд шүүх тогтоосон учраас ийм шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр дан ганц МАХН-д биш Монголын улс төрийн намуудын хувьд чухал шийдвэр байсан. Хэсэг бүлэг хүн нийлж, элдэв хурал зохион байгуулах нэрээр нам хулгайлах, луйвардах гэсэн оролдлого гаргадгийг болиулахад чухал шийдвэр гэж харж байгаа гэж мэдэгдлээ.
Мөн энэ үеэр МАХН-ын II Их чуулган 2018 оны хоёрдугаар сарын 9, 10-нд хуралдаж, намын дүрэмд өөрчлөлт оруулна, бодлого, хөтөлбөрөө шинэчилнэ гэж мэдэгджээ. Тэрээр мөн
-О.Баасанхүү МАХН-ын гишүүн биш болсон. МАХН УИХ-д суудалгүй нам болсон. О.Баасанхүү МАХН-аас болон ард түмнээс уучлалт гуйх ёстой. Тэр хүн хурал зохион байгуулахдаа Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн. Тамга хулгайлсан, бичиг баримт хуурамчаар бүрдүүлсэн гэх мэт хэргээр нь бид АТГ, цагдаа болон холбогдох хуулийн байгууллагад шалгуулахаар хандана. Эдгээр үйлдэлдээ хариуцлага хүлээх байх гэсэн байна.
А.Ану
Сэтгэгдэл байхгүй байна