• Эхлэл
  • Албадан эмчлүүлсэн өвчтөний 30 хувь нь давтан эмчлүүлэхээр ханддаг

Албадан эмчлүүлсэн өвчтөний 30 хувь нь давтан эмчлүүлэхээр ханддаг

2018/01/24

“Cогтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Хууль зүйн Үндэсний хүрээлэнд боллоо.

Хэлэлцүүлгийн үеэр хамгийн гол нь согтуурах, мансуурах донтой хүмүүсийг албадан эмчлээд гаргадаг  ч тэдэнд нийгмийн тусламж үйлчилгээ үзүүлж, эргээд хяналт тавих, ажил хөдөлмөр эрхлэхэд нь туслах нь зүйтэй. Учир нь албадан эмчлүүлсэн өвчтөний 30 хувь нь давтан эмчлүүлэхээр ханддаг.Мөн албадан эмчилгээ хийх санхүүжилтийг төрөөс дэмжиж, эмч мэргэжилтний орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа тухай холбогдох албаныхан хэлж байв.

Хэлэлцүүлэгт ирсэн   зарим албаны хүмүүсийн   байр суурийг онцлон  хүргэж байна. 

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл:

"СЭМҮТ жилдээ 40 гаруй мянган хүнд амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлдэгээс 7,000 орчим хүн нь архинд донтох эмгэгтэй хүмүүс байдаг. 6,000 орчим хүнд хэвтүүлэн эмчлэх туслалцаа үзүүлдэг. Үүнээс 1,000 орчим хүнийг архинд донтох эмгэгийн улмаас хэвтүүлэн эмчилдэг.

Наркологийн тасаг 30 ортой, 5 эмч, 20 гаруй эмнэлгийн ажилтантай тусламж үйлчилгээ үзүүлдэг. Хуулийн төсөлд албадан эмчлүүлж байгаа хүн анх хэвтэж байгаа бол 3-6 сар, давтан хэвтэх бол 6 сараас 1 жил хүртэлх хугацаанд хэвтэж эмчлүүлнэ гэж заасан.

СЭМҮТ-ийн судалгаагаар мансуурах бодист донтсон хүний тоо 2016 онд 80 орчим байсан бол 2017 онд 160 болсон. Энэ төрлийн хэрэгт холбогдож байгаа залуучуудын тоо сүүлийн хоёр жилд хоёр дахин өссөн. Мансууруулах бодист донтсон хүний эмчилгээний үр дүн асуудалтай. Дэлхий нийт урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг түлхүү явуулж байгаа. Мансуурах эмгэгтэй боллоо гэдэг нь үхэл гэсэн үг шүү дээ" гэв. 

Хууль зүй, дотоод хэргийн яамны хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг:

Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу тодорхой хуулийн төслийг боловсруулах шатандаа олон нийтийн хэлэлцүүлгийг өрнүүлдэг. Энэ хүрээнд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын сүүлийн 15 жилийн судалгаагаар жилдээ 290-1000 орчим өвчтөнг албадан эмчилдэг. Эдгээр өвчтөний ихэнх хувийг архидан согтуурах донтой хүмүүс эзэлдэг байсан бол сүүлийн жилүүдэд мансуурах донтой өвчтөн нэмэгдэх болсон. Тиймээс согтуурах, мансуурах донтой хүмүүс гэмт хэрэгт холбогдох, хохирогч болох, эргэн тойрондоо аюул занал учруулах байдлаас урьдчилан сэргийлэх үүднээс уг хуульд шинэчилсэн найруулга хийх шаардлагатай болсон. Архидан согтуурах мансуурах хүмүүсийг эмчлэх асуудал нэг талдаа төрийн үүрэг. Энэ нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх том бодлогын асуудал. Өмнөх хууль маань 2000 онд батлагдсан бөгөөд энэ асуудлыг хэт ерөнхий байдлаар зохицуулсан байсан. Харин шинэчилсэн найруулгын төсөлд ямар байдлаар албадан эмчлэх вэ, хэн эмчлэх хүсэлтийг гаргах вэ, аргазүй талаасаа эрүүл мэндийн яамны харьяа байгууллагууд оролцох уу, төсөв мөнгөний асуудал зэрэг олон зүйл одоог хүртэл тодорхойгүй явж ирсэн” гэсэн юм.    

Д.Цолмон

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна