-Тоглоом нь бид-
Манай яруу алдарт Засгийн газар шатахуун онцгой албан татварыг нэмснээ “ард түмэн”-ээ бодоод больж гэнэ ээ. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлийн бараг түмпэн, сав барин бензиний эрэлд гарч байх зуур Засгийн газар хэрэгжиж эхлээд 24 хонож байсан хуулиа цуцлахыг санал гарган, түүнийгээ баяр бахдалтай зарлав. Гэвч энэ нь Засгийн газрын дангаараа шийдчихдэг “дангийн жаа” ч биш, өнөөдөр ирэх ёстой ОУВС-гийн төлөөлөгчидтэй зөвшилцсөний дараа УИХ-аар хэлэлцүүлэх ёстой. Бодвол ОУВС-гийнхан зөвшөөрнө гэдэг бараг тодорхой байсан учраас ийн нэг хоногийн өмнө Засгийн газар зарласан байж таараа.
Жил хүрэхгүй өмнө далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарч байсан Засгийн газар ОУВС хэмээх бараг л аймшигтай мангасаас л болж, татвар нэмж байгаа гэж тайлбарлаж байсан тайлбар ийн тэдний бараа сургаар л хүчингүй болж байгаа ч юм шиг.
Бүхэл бүтэн улс байж нэг сангийнхнаар татвар нэмэх эсэх, багш, эмч нарынхаа цалин нэмэх эсэхээ шийдүүлж дальдирч суудаг гэсэн ойрхон зэмлэлэлээс илүүтэй, хагас жил хүрэхгүй хугацаанд байр суурь нь эргэж байдаг Засгийн газар сонин ч юм шиг. Нэг бол татвараа нэмлээ гэж айлгаад л, эсвэл хаслаа гэж ялалтын магтуу эгшиглүүлээд л. Эцсийн эцэст ер нь Монголын эдийн засгийн жил хүрэхгүйн өмнө үнэхээр хямарсан байсан юм уу, ОУВС-гийн үнэхээр нарийн шалгуур, хэмжүүр тавьсан юм уу гэж эргэлзмээр. Эсвэл Засгийн газар зүгээр л айлгах тактик хэрэглээд байгаа юм уу?
Заримдаа энэ Засгийн газрын үйлдлүүдийг харахаар орон гаран ч юм шиг. Эсвэл бүр энэ тэнэг ард түмнээр яаж ч тоглосон яах вэ дээ гэж басамжлаад байгаа юм шиг. Яг алиалагч гурван бөмбөгөөр жонглёрдож байгаа юм шиг.
Ингэхэд Засгийн газар биднээр тоглоод байгаа юм уу, шоглоод байгаа юм уу. Бид тэдний тоглоом мөн үү, та бод доо.
А.Туяа
Сэтгэгдэл байхгүй байна