• Эхлэл
  • Ганцаараа ярьж байвал галзуу л гэнэ

Ганцаараа ярьж байвал галзуу л гэнэ

2018/01/25

Төмөр зам барих 500 мянган цэрэг, хоёр саяын цалин энэ тэрийн тухай сонсохоор өөрийн эрхгүй ингэж хэлмээр бодогдох. Өнгөрөгч долоо хоногт нийслэлийн дүүргүүдийн иргэдтэй уулзахдаа Ерөнхийлөгч “Монголын залуус 18 насанд хүрээд эр, эмгүй гурван жилийн цэргийн алба хаадаг болъё. Цэргийн албан хаагчийн цалинг хоёр сая төгрөг болгоё” гэснээс бүх юм эхлэв. Долоо хоног савлав.

Юу юугүй гурван жил цөлөгдөх гэж байгаа юм шиг нэг хэсэг нь үймэв. Э.Бат-Үүл баатар хүртэл “Жил бүр 18 насанд хүрдэг залуусын тоо 110 мянга байна. Гурван жилийн цэрэгтэй болчихвол 330 мянган цэргийг тэжээх болно” гэж ирээд тооны машинд хийв. Цэргийн албан хаагчийн сарын цалин хоёр сая төгрөг гэж тооцвол жилийн зардал нь 6,6 их наяд төгрөг, манай улсын жилийн төсвийн 70 хувьтай тэнцэж очих юм байна.

Бас зарим нь “Манай залууст англи хэлний боловсрол биш, ажилч хөдөлмөрч чанар дутаж байна. Ажиллах, хөдөлмөрлөх амьдралын дадал хэмнэлийг арми, цэрэг сургана” л гэнэ. Ажаад байхад “Монгол ялна”-чууд нэг тал болчихсон, ялагдсанууд нь бас нэг тал болчихсон л үзээд байх шиг. Гэтэл сонгууль дуусаад хагас жил өнгөрч байна шүү дээ. Хөрсөн дээрээ буух цаг эрхбиш болсон.

Ер нь бол хоёр сая төгрөгийн цалин хэнийг ч өглөө орноос нь босгож чадна. Тэрний төлөө заавал цэрэгт явж, казармд хонох шаардлагагүй. Өмнөд Солонгост очоод манай залуус хангалттай хийж байгаа, Монголдоо ч хийж чадна. Харин тэр мөнгө хаана байна вэ, яаж бий болгох вэ гэдэг л асуудал.

Монголд ажилгүйдэл их байгаа нь үнэн. Ажил хийлээ ч амьжиргаандаа хүрэлцэхүйц цалин орлоготой нь цөөхөн. Тийм болохоор хоёр сая төгрөгийн цалинтай цэрэг ярихаар заримд нь гоё сонсогдоно. Заримд нь галзуу санагдана. Тэглээ гээд сонссон болгоноо шүүрч яриад, тойрч дэвээд байж болдоггүй. Унтаж сэрээд нэг нөхөр зүүдээ ярьсны төлөө улсаараа тэр үгэнд нь таварцаглаж унаад, уймарч зүймрээд явж болохгүй биз дээ. Ганцаараа ярьж байвал нь яах вэ, "галзуу юм аа, хөөрхий" л гэнэ биз.

Юм яаж ч муудаж байсан үргэлж сайн тал руугаа явж байдаг нэг үг байдаг. Ядаж л бид Ерөнхийлөгчдөө ямар үед нь итгэх, итгэхгүйгээ ялгаж салгадаг болж байна шүү дээ.

Б.СЭМҮҮН


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    амьдралаас тасарч бэлэнчилэх болсон үед авах тулгамдсан арга хэмжээний нэг санал юм даа
    2018 оны 01 сарын 25