-“Индиго” сургалтын төвийн сургалт хариуцсан гүйцэтгэх захирал У.Ариунцэцэгийн ярилцлагыг хүргэж байна-
Оны шилдгүүдийг тодруулах "Гранд 100 авардс” шалгаруулалтын Топ- “Индиго” сургалтын төвийн сургалт хариуцсан гүйцэтгэх захирал У.Ариунцэцэгийн ярилцлагыг хүргэж байна. 2016 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Индиго” сургалтын төв нь 5-15 насны хүүхдэд зориулсан монгол хэл, математик, англи хэл, бүжиг соробан сампин, шатар, каратэ, таэквондо нийт 10 хичээлээр сургалт явуулдаг. Бусад сургалтын төвүүдээс ялгарах нь онцлог нь хичээлийн хоцрогдолтой хүүхдүүдийн хоцрогдол арилгах чиглэлээр түлхүү ажилладаг. Үүний хажуугаар цэцэрлэгийн насны бэлтгэл ангид орох хүүхдүүдийг уншуулж, бичүүлж сургах, суулгаж сургах, гар зүгшрүүлэх гэх мэт олон хүүхдийн авьяасыг нээн хөгжүүлэхийг зорилгоо болгодог, ашгийн төлөө бус байгууллага юм.
-Байгуулагдаад хоёрхон жил болж байгаа гэхэд танайх хэдийнэ хүүхэд шуугисан их хөлийн газар болжээ. Үүний учир нь юу бол?
-Та бүхэн ажигласан байх. Дундаас дээш орлоготой хүмүүсийн хүүхдүүд сургууль, эсвэл хаа нэг газар төлбөр төлөөд нэмэлт давтлага аваад, авьяас хөгжүүлэх бусад дугуйланд хамрагдчихдаг. Гэтэл дундаас доош орлоготой өрхийн хүүхдүүдэд ийм боломж хомс, тэр дундаа алслагдсан захын дүүргүүдийн хүүхдүүдэд. Тийм хүүхдүүдийг дэмжих зорилгоор л хамгийн анх энэ төв үүсгэн байгуулагдсан. Дундаас доош орлоготой өрхийн хүүхдүүд ч гэсэн хямд төлбөртэй тэгсэн хэрнээ мэргэжлийн ур чадвар сайтай багш нараар хичээл заалгаад, авьяасаа нээх боломж бүрдүүлэхийг хүсч энэ төвөө нээсэн гэж манай үүсгэн байгуулагч Ч.Ганчимэг захирал маань хэлдэг юм. Манай багш нар дадлага туршлагатай, мэргэжлээрээ 20-30 жил ажилласан, үнэхээр мундаг хүмүүс байдаг. Хамгийн гол нь хүүхдийг гэсэн сэтгэлтэй хамт олон бүрдэж чадсан. Ашгийн бус зорилгоор байгуулагдсан учраас сургалтуудаа 70, 80, 90 хувийн хөнгөлөлттэй явуулж ирсэн. Өнөөдрийн байдлаар давтагдсан тоогоор 15 мянга гаруй хүүхдийг амжилттай төгсгөсөн байна. Одоогоор манайх 11 дүгээр хороолол, нэгдүгээр хороолол гэсэн 2 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна.
-Танай төвд ирээд авьяасаа нээж олонд танигдсан ямар хүүхдүүд байна. Бас хичээлийн хоцрогдол нь арилаад улсын чанартай томоохон олимпиад уралдаанд амжилт үзүүлсэн тохиолдол хэр олон байгаа вэ?
-Бид хоцрогдол арилгах ажил түлхүү хийдэг.Хүүхдүүд ихэвчлэн хоцрогдлоо арилгах гэж орж ирдэг. Ямар ч байсан сурлагын хоцрогдол нь арилаад ЭЕШ-аа амжилттай өгсөн олон хүүхэд бий. Авьяас хөгжүүлэх тал дээр бол манай шатрын багш хүүхдүүдээ өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэж амжилттай оролцож байгаа.
-Хичээлийн хоцрогдол яагаад ингэж ихсэж байгаа нь ЕБС-ийн сургалтын чанар муу байна гэсэн үг үү. Боловсролын салбарт ажиллаж байгаа хүний хувьд та үүнийг юу гэж дүгнэж байна?
-Боловсролын сургалтын чанар муу гэхээсээ илүүтэй хүн амын хэт төвлөрөл их, сургууль, цэцэрлэгийн хүртээмж муу байгаатай холбоотой гэж би бодож байна. Одоо захын хороолол гэлтгүй хотын төвд ч нэг ангид 50 хүүхэд хичээллэж байна. Ийм олон хүүхдэд багш яаж ч хичээгээд хүрч ажиллаж чадахгүй. Манайх төвийн нэг ангид 15-20 хүүхэд байдаг. Манайх хүүхэд болгонтой тулж, тухайн хүүхдийн өөрийнх нь түвшинд тааруулж хичээлээ заадаг. Энэ чиглэлээрээ багш нар маань ч чин сэтгэлээсээ хичээж ажилладаг.
-Хичээлийн хоцрогдолтой хүүхэд л гэж байхаас муу сурдаг хүүхэд гэж байхгүй гэж багш нар ярьдаг болсон. “Чи муу сурлагатай хүүхэд биш шүү” гэсэн тэр итгэлийг яаж хүүхдэд өгдөг юм бэ?
-Багш нь хүрэлцэхгүй болохоор л хүүхэд яалт ч үгүй хаягдчихдаг юм билээ. Хаягдсан хүүхэд “Би угаасаа муу” гээд өөртөө итгэлгүй болчихдог. Гэтэл үнэндээ хүүхэд бүрт авьяас байдаг. Хүүхэд бүрт чаддаг зүйл, ямар нэгэн давуу тал байдаг. Тиймээс багш хүн тухайн хүүхдийнхээ сайн, давуу талыг олж харах нь чухал. Хичээлдээ муу байж болно. Тэгвэл шатар тоглохдоо сайн, таэквондогоор хичээллээд бие хамгаалах урлагийг хурдан сурч байвал тэр давуу талыг урамшуулж, сэдэлжүүлж өгөх хэрэгтэй. Хүүхэд л юм чинь урмын үгээр сэргэдэг. “Чи ямар гоё бичээ вэ” гээд хэлчихэд л тэр дэвтрээ аав, ээждээ үзүүлэх гэж яардаг. Хоцрогдолтой гэгддэг хүүхэд ямар ч хичээл дээр онц авч үзээгүй байлаа гэхэд чаддаг зүйл дээр нь онц дүн тавиад өгөхөд өөртөө итгэх итгэл нэмэгддэг. Ингэж давуу талыг ил гаргаж өгвөл ямар ч хүүхэд сурахгүй байна гэж байхгүй. Энэ тал дээр манай багш нар сайн ажилладаг. Манай сургалтын төлбөр хичнээн хямдхан ч гэлээ мэргэжлийн түвшинд хүүхэд рүүгээ чиглэсэн сургалтыг хийдэг.
-Оюутнуудад бас хөнгөлөлттэй үнээр англи хэл заадаг гэсэн үү. Шинээр өөр ямар үйлчилгээ бий болгохыг зорьж байна?
-Өнгөрсөн намраас оюутан залуус руу чиглэсэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Оюутнуудад англи хэлний бүх түвшинг ЕБС-ийн хүүхдүүд шигээ 70, 80, 90 хувь хөнгөлөлттэй сургаж байна. Намар хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд Монголын оюутны холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд сурах хүсэл эрмэлзэлтэй оюутан залууст гурван сарын турш 70 мянган төгрөгөөр англи хэл сурах эрх нээгдсэн. Одоо эхнээсээ төгсч байна. Энэ хөтөлбөр цаашдаа үргэлжлээд явна.
Үүнээс гадна манай төвд нэг шинэ үйлчилгээ бий болсонд эцэг, эхчүүд талархалтай хандаж байгаа. Тэр нь юу вэ гэхээр эцэг, эхчүүд хүүхдээ хүргэж өгчихөөд 1-2 цагийн хооронд хүлээх ч хэцүү явах ч хэцүү хоргодоод байдаг. Тэгвэл хүүхдээ хичээллэж байх тэр хугацаанд эцэг, эх нь бас хэлний мэдлэгээ дээшлүүлж сургалтанд суух боломжтой болсон. Удахгүй иогийн сургалт ч эхлэхээр яригдаж байна. Гэх мэтчилэн цаашдаа эцэг, эхэд зориулсан хичээлийн төрлөө улам нэмэхээр төлөвлөж байна.
-Танайх сайн үйлсийн аян зохион байгуулдаг гэсэн. Энэ аяны хүрээнд ямар ажил хийгддэг вэ?
-Манай сургалт үйлчилгээ эрэлт хэрэгцээ өндөр байгаа. Ялангуяа зуны улиралд хол гэлтгүй Налайх, Гацууртын сургуулиудаас хүүхдүүд ирж суралцдаг. Тиймээс хотын зах руу ийм сургалтын төв олон байвал хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлыг бүрэн арилгах боломжтой.
Манай багш нар сайн үйлсийн аян өрнүүлэхийг хичээдэг. Өнгөрсөн жил багш нар маань СХД-ийн захын хорооны нийгмийн ажилтантай холбогдож, судалгаа явуулаад олон хүүхэдтэй нэг айлыг сонгож ажилласан. Тэр айл цэцэрлэг, сургуулийн насны 5 хүүхэдтэй байсан. Тавууланг нь сургалтын төвдөө авчирч тэдэнд шаардлагатай байгаа сургалтуудыг хийсэн. Гэх мэтчилэн сурах хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүдийг заавал үнэ төлбөр шаардахгүй сургадаг. Манай төвд нэг хөөрхөн охин бүжгийн дугуйланд явдаг байсан. Өөрөө бүжиглэх дуртай авьяаслаг охин байсан. Сарын 20 мянган төгрөгийн төлбөр төлдөг байсан. Аав нь ирж төлбөр тооцоо хийгээд явдаг байсан. Гэтэл тэр аав лааз, ундааны сав түүж охиныхоо төлбөрийг хийдэг байсныг бид сүүлд мэдсэн. Охин нь авьяастай мундаг охин байсан учраас бид 6 сарын хугацаанд үнэгүй сургаж дэмжиж байлаа. Олон бүжиг сурч сургуулийнхаа урлагийн үзлэгт орсон гээд аав нь бөөн баяр явж байгаа. Тодорхой хэмжээний сургалтад суугаад авьяас нь нээгдээд ирж байгаа хүүхдүүдийг бид аль болох завсардуулахгүй үргэлжүүлээд явуулахыг хичээдэг.
Д. Цолмон
Сэтгэгдэл байхгүй байна