152 жилийн дараа давтагдаж байгаа ховор үзэгдэл өнөөдөр тохионо
Энэ үдэш манай дэлхийн дагуул сар дэлхийд хамгийн ойр цэгт хүрэх юм. Мөн өнөөдөр сар бүтэн хиртэнэ. Ийм хоёр үзэгдлийн давхцал 152 жилийн дараа дахин тохиолдож байгаа гэнэ.
Сүүлийн хоёр сарын хугацаанд гурван удаа супер сар (хамгийн том тэргэл сар) тэнгэрт үзэгдэж байгаагийн сүүлчийнх нь энэ болох гэнэ. Өмнөх нь арванхоёрдугаар сарын 3, нэгдүгээр сарын 1-нд тус тус үзэгдсэн. Нийтэд нь эдгээрийг “Супер сарны гурвал” гэж астрономичид нэрлэж байна.
Супер сар нь ердийн үеийн сарнаас 14 хувь том, 30 хувь хурц гэрэлтэй байдаг ба дэлхийг тойрон эргэхдээ дэлхийд хамгийн ойртож ирэх үед үзэгддэг. Сар хиртэх үзэгдлийг зүүн Азиас эхлэн Номхон далайн дагуу, хойд Америкийн баруун эрэг хүртэл бүс нутагт амьдардаг хүмүүс бүтэн харах боломжтой.
Сар хиртэх үед сар нь харанхуйлахгүй, харин улайна. Учир нь нарны гэрлийн тусгалд дэлхий саад хийх хэдий ч дэлхийн агаар мандал нарны гэрлийг хугалж саранд хүргэхдээ ийм улаан туяа тусгадаг байна. Тиймээс хиртсэн сарыг “Цусан сар” гэж нэрлэдэг. Супер, бас цусан улаан сарыг ажиглах хамгийн тохиромжтой цаг нь сар ургах болон шингэх үе ба энэ үед сар тэнгэрийн хаяанд байж, уул, байшин барилга зэрэг бусад биеттэй харьцуулагдах боломжтой байдаг тул том хэмжээг нь харсан хүмүүс илүү мэдэрнэ.
Сар хиртэлтийн эхлэх, бүтэн хиртэх, дуусах цагийг NASA-гаас зарлажээ. Улаанбаатарын цагаар 19:48 цагаас сарны ерөнхий хиртэлт эхэлж, сар захаасаа улайж эхлэх ба 20:51 цагт сар бүхэлдээ хиртэнэ. Улмаар 21:29 цагт сарны хиртэлт оргилдоо хүрч бүхэлдээ улаан хүрэн өнгөтэй болох аж. Харин 22:07 цагт сар дэлхийн сүүдрээс гарч эхлэх бөгөөд 23:11 цагт хиртэлт бүрэн дуусах гэнэ.
NASA Сар хиртэлтийг бүрэн харах боломжгүй газар нутгийнханд зориулж өөрийн сайт дээр дүрсийг нь шууд дамжуулан харуулна. Харин монголчууд Улаанбаатарын цагаар 19:48-с эхлэн сар хиртэлтийг харах боломжтой.
Сэтгэгдэл байхгүй байна