“Монгол Японы хамтарсан сургалтын эмнэлгийн менежмент, Эрүүл мэндийн үйлчилгээг бий болгох төсөл”-ийн ерөнхий удирдагч профессор Минорү Ирахара, төслийн багийн ахлагч гишүүн профессор Такаши Хигаки нарт АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар сургуулийнхаа хамгийн хүндтэй шагнал болох хүндэт профессор цолыг өчигдөр гардууллаа.
Профессор Минорү Ирахара нь Токушима их сургуулийн эх барих эмэгтэйчүүдийн дэд профессор, эх нярайн төвийн даргаар ажилладаг. АШУҮИС-ийн их сургуультай 2005 оноос хойш хамтран ажилласан юм. Профессор Минорү Ирахара нь Их сургуулийн сургалтын эмнэлгийг Япон менежментээр ажиллах бололцоог хангаж өгч байгаа аж. Харин профессор Хигаки нь уг төслийг ахлан ажиллаж халдвар хамгаалал, хэвлэлийн мэдээллийн системийн талаар сургалтуудыг хариуцан явуулж байгаа юм. Мөн “Зүрх хамгаалах төсөл” төрийн бус байгууллагийн захирлаар ажиллаж 2001 оноос хойш багийнхантайгаа 21 аймгаар тойрч нийт 7030 хүүхдэд оношилгоо, 560 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй зүрхний хагалгаа хийж байсан аж. Профессор Минорү Ирахара “Монгол Япон сургалтын эмнэлэг нь ирээдүйд дэлхийн хэмжээний эмчилгээ үйлчилгээ үзүүлэх эмнэлэг болно гэдэгт бат итгэж байна. Энэ хүндтэй шагналыг авсандаа маш их баяртай байна” гэж хэллээ. Монгол Япон сургалтын эмнэлгийн ашиглалтын өмнөх захиргааны дарга Э.Эрдэнэхүү “Энэ эмнэлэг нь Монголд анх удаа их сургуулийн эмнэлэг гэдэг тогтолцоог оруулж ирж байгаагаараа онцлог юм. Эмнэлэг хүн оношилж эмчлэхээс гадна өвчтөнийг нэг аргаар эмчлэх биш, өөр ямар арга байгааг нээж, хайж байдаг эмнэлэг болох ёстой. Уг төслийн хүрээнд ирэх есдүгээр сард ашиглалтад орох “Их сургуулийн сургалтын эмнэлэг”, тус эмнэлгийг дэлхийн жишигт нийцсэн хүчин чадал бүхий тоног төхөөрөмжөөр хангах. Боловсон хүчнийг Япон улсад менежментийн чиглэлээр сургах гэсэн гурван үндсэн төсөл хэрэгжүүлж байгаа” гэв.
Холбоотой мэдээллүүдийг дор дарж уншина уу
АШУҮИС судалгааны 90 төсөл амжилттай хэрэгжүүлж байна.
АШУҮИС түүхэндээ анх удаа дэргэдээ эмнэлэгтэй болно
АШУИС дэлхийн төвшний мэргэжилтэн бэлтгэнэ
Г.Батбаатар: Бүх сургуулиуд оюутны хотхонтой болохыг дэмжээсэй
Сэтгэгдэл байхгүй байна