-“Алтайн гянт”-ынх биш ард түмнийх шүү, олигархиуд аа-
Манай улсын нүүрсний хэрэглээний 60 хувь, эрчим хүчний нүүрсний 70 хувийг дангаараа хангаж, Улаанбаатарыг 40 жил гэрэл, дулаанаар таслахгүй явж ирсэн Багануурын уурхай минь бас л олигархиудын гарт очих нь ээ.
Тодруулбал, өнгөрсөн 40 жилийн хугацаанд тасралтгүй ажиллаж Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцуудын нүүрсийг 100 хувь нийлүүлж, хотыг гэрэл цахилгаанаар хангаж ирсэн Багануурын уурхай “Алтайн гянт” компанийн мэдэлд шилжиж магадгүй болоод байна. Шатахууны монопольчдын шантаажны асуудалтай зэрэгцэн Багануурын уурхайн асуудал шүүхээр хэлэлцэгдэв. Монголчуудын бүх л хэрэглээний бараа үнийн суурь болох шатахууны шантаажны хэрүүл, хэл үг намжаагүй байхад монгол улсын дулаан цахилгааны гол эх үүсгэвэр бас л хувийнхны эзэмшилд очих тухай эмгэнэлт мэдээлэл гарах боллоо.
Анх 2006 онд “Алтай гоулд” ХХК Багануурын уурхайн хүрэн нүүрсний орд газрыг ашигт малтмалын тухай хууль тогтоомж зөрчиж, хуурамч материал бүрдүүлэн хууль бусаар авсан байдаг. Тэрээр хайгуулын нэг ч өрөмдлөг хийгээгүй, хайгуулын ажлын тайлангүй хэр нь ашиглалтын тусгай зөвшөөрөл гаргуулан авч “Алтайн гянт” ХХК-д тусгай зөвшөөрлөө шилжүүлжээ.
Төрийн мөнгөөр хайгуул хийгдсэн стратегийн орд газрыг хувийн компанид шилжүүлсэн хууль бус шийдвэрийн тухайн үеийн АМГТХЭГ-ын дарга асан одоогийн УИХ-н гишүүн Лу.Болд гаргасан байдаг.
Тэр үеэс эхлэн Багануур ХК хууль бус шийдвэрийн эсрэг тасралтгүй гомдол гаргаж явсны эцэст Ашигт малтмалын газраас өмнөх алдаагаа засаж, 2012 онд дээрх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.
Харин Алтайн гянт компани 2015 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Анхан шатны шүүх “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан ч тэд удаа дараа нэхэмжлэл гарган захиргааны хэрэг үүсгүүлж чаджээ. Захиргааны хэргийн нэхэмжлэл гаргах хөөн хугацаа бүтэн 3 жил өнгөрчихөөд байхад хэрэг үүсгэсэн М.Батзориг шүүгчийн шийдвэрийн балгаар Багануурын хувь заяа ийнхүү дэнчигнэж эхэлсэн юм.
Ингээд “Алтайн гянт” компанийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэн түдгэлзсэн шийдвэрийг гаргасан бол Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “Алтайн гянт”-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ард түмний өмчийг хамгаалсан шийдвэр гаргасан юм. Гэвч “Алтайн гянт” дахин Дээд шүүхэд ханджээ.
Харин сонирхолтой нь Дээд шүүх өнөөдрийг хүртэл асуудлыг шийдвэрлэхгүй шүүх хуралдааныг 3 удаа хойшлуулаад байна. Алтайн гянт компанийн хүсэлтийг хангаж, эхний шүүх хурлыг 14 хоногоор, дараагийн хурлыг мөн 14 хоногоор хойшлуулсан бөгөөд өнгөрсөн Даваа гаригт буюу 1 сарын 29-ний өдөр шүүх хуралдааныг дахин хойшлуулжээ.
Ингэхэд Дээд шүүх хэнд үйлчлээд байна вэ? Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч М.Батсуурийн ард хэн байна вэ? Нууц ноёд шүүх хурлыг ахин дахин хойшлуулж хугацаа хожихын учир юу вэ?
2018. 01. 03 Шүүх хурал хуралдаагүй шалтгаан нь “Алтайн гянт”ын өмгөөлөгч хөдөө явж байгаа.
2018.01.15 Улсын дээд шүүхийн шүүх хуралдаан мөн л хойшлогдсон. “Алтайн гянт” шинээр өмгөөлөгч авч байж хуралд оролцоно.
2018.01.29 “Алтайн гянт” өмгөөлөгчөө сонгож амжаагүй учраас мөн л хуралдсангүй.
Одоо ирэх 02 дугаар сарын 07-ны өдөр Багануур ордын асуудлаар Дээд шүүх хуралдана. Дахин хойшлуулахгүй бол шүү дээ.
Дээд шүүхийн Захиргааны шүүгч М.Батсуурь “Алтайн гянт”-ын хүсэлтийг ийнхүү дахин дахин хүлээж авч хошуу дэвсэхийн учир юу вэ. Саяхан тэр “Шүүхийн хараат бус байдлыг хангахад тулгарч буй сорилт” хэмээн илтгэж, улс төрийн бүлэглэл, хүчин зүйл шүүгчийн хараат бус байдалд хамгийн их нөлөө үзүүлж байгааг онцолж байлаа. Гэтэл ард түмэнд бус Алтайн гянтад үйлчилж байгаа нь өөрөө нөлөөнд автсан хэрэг биш гэж үү. Гайхах зүйлгүй аж. М.Батсуурь бол “Худалдаа хөгжлийн банкны шүүгч” юм. Тэрээр тус банкны хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан нь Эрдэнэтийн асуудал тойрсон маргааны үеэр олон нийтэд ил болсон.
Энэ хүнээр Худалдаа хөгжлийн банкны охин компани болох “Алтайн гянт”ын нэхэмжлэлтэй хэргийн шүүх хурлыг даргалуулах нь “эрх ашгийн зөрчил” мөн.
Ард түмнээс илүү эрх ашиг нь дээгүүр “Алтайн гянт” хэнийх вэ? Компанийн эзэн Ц.Пүрэвтүвшин гэх 27 настай жаахан залуу бий. Гэвч тэрээр Дээд шүүхийн хурал болохын өмнөхөн компаниа бусдад шилжүүлээд амжсан. Яагаад гэдгийг нь батлахгүй ч ямар зорилготойг нь бүгд мэднэ. “Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан “Mongolian Copper Corporation” компанийн Ерөнхий захирал, монголын хамгийн баян, хамгийн залуу олигархи Ц.Пүрэвтүвшингийн талаарх мэдээлэл нууцлагдмал. Гэвч Ц.Пүрэвтүвшин нь Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгийн нууц хүү гэх мэдээлэл бий.
Сүүлийн хоёр жил Х тайлан тайлагнаж, хэд хэдэн удаа компанийн нэрээ сольж байсан ч 500 сая ам.доллараар Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан сонин бөгөөд хар төрөм баримтыг бичээгүй хэвлэл гэж үгүй. Мэдээж түүний ард сахал Ц.Эрдэнэбилэг, цаашилбал Ц.Элбэгдорж, томоор харвал нөгөө л “Хар хүчин”-ийнхэн байна.
Эцэстээ “Хар хүчин”-ийхний Монгол улсын стратегийн ач холбогдол бүхий нийт ард түмний томоохон ордуудыг бүгдийг нь шил дараалан хувьчлан авах гэсэн сонирхол, шунал далд биш ил болоод байна.
Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, танхимын шүүгчид болох Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа Б. Мөнхтуяа нар ард түмний талд шийдвэр гаргаж чадсангүй. Одоо ирэх Лхагва гаригт буюу 2018 оны 2 сарын 07 нд шүүх хуралдаан болно. Чоно борооноор гэдэг шиг сар шинэ дөхсөн амсхийх завгүй үеэр “Алтайн гянт”ын талд асуудлыг шийдчих вий гэсэн хардлага төрж байна.
“Багануур орд”ын асуудлыг одоо ямар бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэхийг таамаглах боломжгүй. Юутай ч дараагийн шүүх хурлын бүрэлдэхүүн Багануур ордын хувь заяа, Монголын нийт ард түмний эрх ашгийг шийднэ.
Тиймээс дараагийн шүүх хурлын бүрэлдэхүүнд эх оронч сэтгэл гаргаж ард түмний өмчийг авч үлдэхийг хүсч залбирах л үлдлээ.
“Шүүгч би шүүх эрх мэдлийн ариун журамт үүрэг, Монгол Улсын Үндсэн хуульт байгуулал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж хэрэг, маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж явахаа ард түмэндээ батлан тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал шүүгчийн албан тушаалаас нэн даруй огцорч хуульд заасан хариуцлага хүлээнэ.” гэж Төрийн сүлдэнд тангараг өргөснийг нь сануулъя
Өмчөө хамгаалж, “Хар хүчин”-ийнхэнтэй тэмцье. Бидний тэмцэл шэйр-ээр эхэлнэ.
Х.Сугар
Сэтгэгдэл байхгүй байна