• Эхлэл
  • Г.Баасан:АТГ-ын удирдлагыг өөрчлөх ёстой

Г.Баасан:АТГ-ын удирдлагыг өөрчлөх ёстой

2018/02/07

Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын Олон нийтийн зөвлөл өнөөдөр /2018.02.07/ мэдээлэл хийлээ. Тэд АТГ-ын удирдлагууд болон УИХ-ын дарга М.Энхболдын хөрөнгө орлогын мэдүүлэг, “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн асуудлаар мэдээлэл өглөө. Өмнө нь мөн ОНЗ-өөс хэвлэлийн хурал зарлаж, АТГ хариуд нь залруулсан мэдэгдэл хийж байсан билээ.

Энэ удаад ОНЗ-ын дарга Г.Баасан нар АТГ-ын дарга өөрөө авлигачдыг орогнуулсан, ашиг сонирхлыг зөрчилтэй байна гэлээ. Мөн иргэд АТГ-т гомдол гаргадаг ч шалгадаггүй, тодорхой хариу өгдөггүй. АТГ зөвхөн өөрийн эрх ашигтай хэргийг шалгаж байна гэж АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс үзэж байгаа гэлээ.

Мөн тэд өдгөө олон нийтийн анхаарлыг татаад байгаа “Эрдэнэт”-ийн 51 хувийг Стандарт банкинд барьцаанд тавьсан асуудлыг хөндсөн бөгөөд

-Өмнө нь гарын үсэг зурсан хүмүүсийн асуудлыг хуулийн байгууллага шалгаж, тогтоосон бол өнөөдөр бид ийм өндөр төлбөр төлөхгүй байсан. “Эрдэнэт” үйлдвэрийг Стандарт банкинд барьцаанд тавихыг зөвшөөрч, 2009 онд гарын үсэг зурсан хүмүүс нь хуурамч гарын үсэг гэж, өршөөгдсөн. Стандарт банк гарын үсгийг хуурамч гэж үзсэн бол анхнаасаа барьцаанд авахгүй байсан. Гэтэл барьцаанд тавихыг зөвшөөрсөн гарын үсэг зурсан хүмүүс өнөөдөр төрд ажиллаад, Гадаадад Элчин сайдаар ажиллаж байгаа нь шударга бус зүйл юм гэж мэдэгдлээ.

Ингээд мэдээллийг товчлон хүргэе.

АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан:Х.Энхжаргал өөрөө авлигын гэмт хэрэгтэн

-АТГ-ын дарга Х.Энхжаргал гэж хүн өөрөө авлигын гэмт хэрэгтэн байх магадлал өндөр байна. Төмөр замын нэгдсэн холбооноос Д.Жигжиднямаа гэдэг хүнийг шалгаж өгөөч гэж асуудлыг өнгөрсөн нэгдүгээр сард АТГ-т тавьсан. Гэтэл Х.Энхжаргал гэж хүн тавдугаар сард өөрийнхөө төрсөн эгчийн хүүхдийг Зүүнхараагийн вагон депогийн газрын даргаар томилуулсан байна. Энэ ашиг сонирхлын зөрчил мөн биз дээ. Энэ хүн авлигачидтай хуйвалдаж, авлигачдыг орогнуулдаг, хадгалдаг, бөөцийлдөг, хамгаалдаг газар болчихоод байна. Би АТГ-ын хамт олныг ажлаа хийж чадахгүй байна гэж хэлэх цаг арай эрт байна. Харин энэ байгууллагыг удирдаж байгаа албан тушаалтан ажлаа хийж чадахгүй байна гэж хэлж чадахад хүрээд байна. Тиймээс АТГ-ын удирдлагуудыг өөрчлөх ёстой.

Олон нийтийн зөвлөлийн гишүүн И.Мөнхжаргал:АТГ хэвлэлээр шантаажилж байна

-АТГ-ын Олон нийтийн зөвлөлийнхөн бид цаашдаа эрхзүйн байдалдаа санаа зовж байна. Яагаад гэвэл АТГ-аас бидний үг, үйлдэл бүрийг бичиж байна. Дараа нь “Г.Баасан чи манай өрөөнд орж ирсэн ярьсан бичлэг чинь байна шүү” гээд хэвлэлийн хурал хийгээд сууж байдаг. АТГ шиг хэвлэлээр шантаажилж байдаг байгууллага байхгүй. Өмнөх хэвлэлийн хурал дээр Төрийн байгууллагын нэр хүндэд халдсан учраас Г.Баасанг шүүхэд өгнө гэж АТГ-аас мэдээлэл хийсэн. Тиймээс бид АТГ-ыг авлигачид, албан тушаалтнуудыг хаацайлдаг газар юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Олон нийтийн зөвлөлийн гишүүн Э.Батсуурь: 60 тэрбумын хэргийг шалгахгүй байна

-Төрийн албан хаагчдын ХОМ-ийг 10 жил авч байна. Хэн хэрхэн үндэслэлгүй баяжсан, хөрөнгө орлого нь яаж өөрчлөгдсөн зэргийг АТГ-аас хянах ёстой ч ажлаа огт хийхгүй байна. гэм бурутай бол хариуцлага тооцох үүрэг нь АТГ-т байдаг. Төрийн өндөр албан тушаалтан өндөр үнэтэй цаг зүүж байна, том том хаустай гээд л хэвлэлүүдээр өчнөөн бичдэг.

УИХ-ын дарга М.Энхболдын ХОМ-ийг шалгаж өгөөч гэсэн гомдол иргэнээс ирсэн. М.Энхболд дарга “Бүрэн зураглал” нэвтрүүлэгт орохдоо хэзээ ч бизнес эрхэлж байгаагүй гэж ярьсныг нь нотлох баримтаар өгсөн. Гэтэл ХОМ-тээ гурван тэрбум төгрөгийн хөрөнгөтэй. Үүний тэрбум гаруй нь адуу. Яаж ийм хөрөнгөтэй болсныг тодруулж, мөн Улаанбаатар хотын газар олголтын асуудлаар М.Энхболдыг шалгаж өгөөч гэсэн хүсэлт ирүүлсэн. Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр “Ам нээвэл” гэдэг ярилцлагад орохдоо Централ товерын газрыг 200 саяар өгөөд намынхаа орон нутгийн сонгуулийн зардлыг гаргасан гэдгийг ярьсныг энэ хүн баримт болгож ирүүлсэн байна. Нэгдүгээр сарын 30-нд ирсэн энэ гомдлыг АТГ-аас шалгаж байгаа үгүй нь одоо болтол тодорхойгүй байна.

60 тэрбумын хэргийн талаар мөн иргэд гомдол гаргасан. Гэмт хэргийг тогтооход шинжээчийн дүгнэлт зайлшгүй шаардлагатай байдаг. Гэхдээ гэмт хэрэгт оролцсон этгээд өөрөө гэмт хэргээ хүлээвэл шинжилгээний дүгнэлт хэрэггүй байдгийг олон эх сурвалж хэлдэг. Ц.Сандуй өөрөө хэргээ хүлээсэн бичлэгийг энэ хүн бас ирүүлсэн байна. А.Ганбаатар гэж хүн мөн хэвлэлийн хурал хийх үедээ “Тэр үеэр М.Энхболд дарга байгаагүй” гэж хүлээн зөвшөөрсөн. М.Энхболд дарга мөн нэг ярилцлагадаа “2016 оны сонгуулиас хойш ажилд томилогдсон хүмүүсийн 50 хувь нь шахааных шүү” гэж хэлсэн. Энэ үндэслэлүүдээр АТГ шалгаад өгвөл уг нь 60 тэрбумын хэрэг илэрчих ёстой юм. Даанч АТГ-аас энэ хэргийг шалгахгүй байгаа. 60 тэрбумын илрүүлэхгүй байхын хор уршиг нь дараа нь өөр нэг нам дараагийн сонгууль гарахдаа Монголын төрийг хэдээр зарах бол гэсэн асуудал яригдана” гэв.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна