Хандлагын хулгай

2018/02/08

Дээр дооргүй хүмүүсийг мэхэлж байгаа "ХАНДЛАГЫН ХУЛГАЙ"-г тэр бүр хүмүүс анзаардаггүй. 2015 онд Германы Бундестагийн цахим цайзыг Оросууд хакердсан гэж германы судлаачид ярихыг сонсож байв. Сая болсон 2016 оны Германы сонгуулийн үр дүнд дээрх цахим халдлагын нөлөө хэр орсныг одоо тэд судалсаар байна. 
АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоо болон нөлөө бүхий улс төрчид 2016 оны Трамп ялсан сонгуульд мөн л оросуудыг цахим халдлага хийж сонгуулийн үр дүнд нөлөөлсөн гэж мэдэгдсэн.

Энгийн утгаар бол "трол" буюу "бот" хэмээх хакер програмчлалын дүнд хүмүүсийн ямар мэдээлэл үзэх, юу гэж дүгнэх, улмаар ямар мэдээллийг үзэхгүй байх, бүр хэний тухай юу гэж бодохыг нь хүртэл програмчлан чиглүүлж сонгуулийн үр дүн, төр засгийн байгууламжийн хүчин чадавхид нөлөөлөл үзүүлж байна.

Ингэснээр бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд "хэн нэгэн" буюу тодорхой эрх ашгийг тээгчид санаачилгыг гартаа авч байна гэсэн үг.

Тиймээс өнөөдөр сошиалаар явж байгаа зүйл үнэхээр хүмүүсийн хандлага уу, эсвэл хүмүүсийн бодлыг чиглүүлэх зорилготой санаатай үйлдлийн үр дагавар уу гэдгийг ялгахад бэрх болжээ.

Дээрх халдлагууд бол зөвхөн хүмүүсийн хандлагыг хулгайлаад зогсохгүй улс орныг, хүний нийгмийг ямар ч эрсдэл оруулахад бэлэн байна.

Улс төрийн намууд, хувь улс төрчид үүнийг хамгийн их дэвэргэдэг, зориуд зохиомлоор хөөрөгддөг үндсэн субьектууд. Тэд үүнийгээ ПИАР гэж гоёмсгоор нэрэлдэг. Гэвч амьдрал, эдийн засгийн өсөлт, хөгжил дэвшил пиараар хэмжигддэггүй.

С. Эрдэнэболд

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна