Сар шинийн баярын хөөр хөл дуусаагүй байгаа өдрүүдэд олон нийтийн анхаарлыг татсан дуулиант хэргүүдийн талаарх шинэ мэдээллүүд олон нийтийн хэвлэлээр цацагдлаа.
Г.Эрдэнэбат:С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг илэрсэнд бачимдаж буй хүмүүс бий
Өнгөрсөн жил шүүх хурал нь болсон төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар хуулийн байгууллагын албан тушаалтан бараг анх удаа хэвлэлд дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байна. Улсын ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын Шадар зөвлөх Г.Эрдэнэбат “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа
-Энэ хэргийг илрүүлчихлээ гээд уурлаад бачимдаад байгаа хүмүүс байна. Мэдээж хууль хяналтын байгууллага энэ хэрэг дээр ямар нэгэн алдаа завхрал гаргаж, зарим зүйлийг дутуу орхичих вий гэж шахаж шаардаж байгаа нь зүйтэй юм. Харин нөгөө талаараа энэ хэргийг цааш нь явуулмааргүй, үргэлжлүүлэн шалгуулмааргүй байгаа өндөр зохион байгуулалттай маш холоос захиалгатай, их хүчтэй сонирхлын бүлэглэл байгаа нь мэдрэгдэж байгааг хэлчихье гэж мэдэгдсэн байна. Уг хэргийг 1998 онд 16 настай байсан Б.Амгаланбаатар, малчин Б.Содномдаржаа, нялх хүүхэдтэй хөдөө байсан гэх Т.Чимэгээ нар үйлдсэн эсэхэд хүмүүс эргэлздэг. Тэгвэл Б.Амгаланбаатар тухайн үед цэрэгт яваагүй, хотод байсан, Б.Содномдаржаа, хадлан дээр, Т.Чимэгээ хөдөө байсан гэдэг нь нотлогдоогүй гэж прокурорын зүгээс мэдээлжээ. Түүнээс гадна уг хэргийн захиалагчийг шалгаж байгаа бөгөөд захиалагчийг илрүүлж зарласнаар энэ хэрэг илүү тодорхой болно гэжээ.
УИХ-ын гишүүн Б.Гантулгыг албадан саатуулах үндэслэлтэй гэв
Найзынхаа бүсгүй дүүг хүчиндсэн хэмээн өнгөрсөн зунаас хойш дуулиан дэгдээж байгаа УИХ-ын гишүүн Б.Гантулгыг яллагдагчаар татсан гэсэн мэдээлэл гарсан. Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор С.Бясмантай хийсэн ярилцлагад Б.Гантулгаас мэдүүлэг авахаар удаа дараа дуудсан боловч ирээгүй гэсэн байна. Мөн үүний зэрэгцээ Б.Гантулгыг албадан ирүүлж магадгүй гэсэн мэдээлэл гараад байна. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн талаар “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан” гэж заасныг хүчингүй болгосон тогтоол Дээд шүүхээс гарсан. Тиймээс прокуророос дараа дараагийн арга хэмжээ болох шүүхийн шийдвэрээр албадан ирүүлэх ажиллагааг явуулна гэж албаны эх сурвалж мэдээлжээ.
Хүчиндсэн эсэх тухай энэ хэрэгт бас нэг анхаарал татсан асуудал нь шүүх шинжилгээний байгууллагын зарим албан тушаалтнууд нотлох баримт хуурамчаар үйлдсэн, нуун дарагдуулсан эсэх тухай. Үүнийг мөн хуулийн байгууллага шалгаж байгаа юм байна.
Хохирогч охин мэдүүлэг өгөхөөс татгалзсан гэв
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн охин фэйсбүүкт өөрийгөө хүчиндүүлсэн болон, өсвөр насны найзууд нь хар тамхи хэрэглэдэг тухай live хийсэн нь олны анхаарлыг татсан. Энэ хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд тэнд байсан гэх 19 хүүхдийн 14-өөс нь мэдүүлэг авсан. Гэвч тухайн үед хүчингийн хэрэг гарсан эсэхийг нотолж чадаагүй байна. Хохирогч гэгдэж буй охиноос өмгөөлөгчийг нь байлцуулан мэдүүлэг авах явцад мэдүүлэг өгөхөөс татгалзсан. Мөн шүүх эмнэлгийн шинжилгээ хийлгэхээс татгалзсан учраас мөрдөн байцаалтын ажиллагаа удаашралтай байгаа. Гэхдээ хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа гэжээ.
Сэтгэгдэл байхгүй байна