Засгийн газраас Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Л.Энхболд болон О.Баасанхүү нарын “Эрдэнэт” үйлдвэрийн өрийн асуудлаарх асуулгад хариу өгч байгаагаа мэдэгдсэн. /Мэдээллийг ЭНД дарж үзнэ үү/
Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр энэхүү хариултын талаар хариу мэдээлэл хийв. Тэрээр өр тавьсан гэх Алтжин, Г.Батхүү нарт бус зээлийн гэрээний шугамыг нээсэн цаад эздэд нь хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа аж.
-Би “Эрдэнэт” үйлдвэрийн талаар Ерөнхий сайдад асуулга тавьсан. Асуулгын хариу ирсэн. Хамгийн гол нь өрийг 51 сая ам.доллар, 99 сая ам.доллар гэж зөрүүтэй яригдаад байгаа. Би бол 172 сая ам.долларыг Стандарт банкнаас зээлж авсан гэж үзэж байна. Яагаад гэвэл, Стандарт банкныхан 2007 онд 20 сая ам.долларын, 2009 онд 36 сая ам.долларын гэрээ хийсэн. Мөн 2010 онд гэрээнд өөрчлөлт оруулж75 сая ам.доллар болж нэмэгдүүлсэн. 2010 онд 27 сая ам.долларын шинэ гэрээ байгуулж, 2011 онд энэхүү гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаад 34 сая ам.доллар авсан. Ингээд нийт 172 сая ам.долларын зээлийн гэрээ хийсэн. Монгол Улсын Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн “Эрдэнэт” үйлдвэр 75 сая ам доллар болон 44 сая ам.долларын гэрээг хариуцахгүй гэж дүгнэсэн. Тэгэхээр ''Жаст'' групп хариуцна гэсэн үг.
Үлдэгдэл 51 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэр төлөх үүрэгтэй гэж байгаа юм. Хүү торгуулийн хэмжээ нэмэгдсээр байгаад 109 сая ам.доллар болсон. “Жаст” групп Хадгаламж банкаар дамжуулж авсан. Хадгаламж банк одоо Төрийн банк болсон. Төрийн банкинд Жастыг төлөөлөөд “Алтжин”-гийн Г.Алтангийн хүү Эдвардсүрэн гэдэг нөхөр нэхэмжлэл гарган 51 тэрбумыг хувь хүн төл гэдэг шийдвэр гаргуулсан. Одоо 109 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэр үлдсэн мөнгийг Төрийн банк төлөх болоод байна. Өөрөөр хэлбэл, 120 орчим сая долларын төр өөрөө төлөх нөхцөл байдал үүсээд байна.
Ийм нөхцөл байдлыг нуусан, улс орноо өр ширэнд оруулсан этгээдэд хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна. Ялангуяа, Ш.Батхүү, Г.Алтан гэдэг жараахайтай биш, акулуудад хариуцлага тооцох ёстой. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний шугамыг хэн нээснийг олох ёстой.
Хоёрдугаарт, нуун дарагдуулсан, санаатай төөрөгдүүлсэн, Монгол Улсыг ялагдахад хүргэсэн шууд болон шууд бус үйл ажиллагаа явуулсан хүмүүст хариуцлага тооцох ёстой.
“Эрдэнэт” үйлдвэр 300 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олсон байна. Үүний талаас дээш хувийг өрөнд өгөх гээд байна. Энд нэг зүйлийг онцлоход арбитрын шүүхийн шийдвэр мөнгө төлснөөр эцэслэгдэхгүй. Учир нь, 2017 оны арваннэгдүгээр сарын байдлаар 109 сая ам.доллар байгаа. Хүү торгууль хоног тутамд тоологдоод явж байгаа учраас одоо хэдэн төгрөг болж нэмэгдсэн нь тодорхойгүй байна” гэв.
Мөн тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн өр 203 сая ам.доллар байна уу 213 байна уу зөрүүтэй мэдээлэл байгаа. Энэ бол зээлийн тухай мэдээлэл биш. Би бол Стандарт банкнаас гаргасан нэхэмжлэлийн хүрээнд үндэслэж 172 сая долларын зээл авсан гэж үзэж байгаа гэж онцлов.
Холбоотой мэдээллийг ЭНД дарж үзнэ үү
Сэтгэгдэл байхгүй байна