Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд залуучуудад монгол ахуй, монгол өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн 3 сарын 1-8-нд “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулахаар болсон тухай бид өмнө нь мэдээлсэн.
Энэ өдрүүдэд бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм. Ингээд нийслэлийн музейнүүдийн ажиллах цагийн хуваарь болоод товч мэдээллийг хүргэе.
1. Төрийн түүхийн музей
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Төрийн ордон, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-1
2. Байгалийн түүхийн музей
Хаяг: Сүхбаатар дүүрэг. Засгийн газрын ордны баруун хойно
3. Богд хааны ордон музей
Хан-Уул дүүрэг, Зайсан явах замын баруун талд
4. Үлэг гүрвэлийн төв музей
Чингэлтэй дүүрэг 5-р хороо, Тусгаар тогтнолын талбайн чанх ард буюу хуучнаар Лениний музей
Үлэг гүрвэлийн төв музей
5. Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей
Чингэлтэй дүүрэг. Худалдаа хөгжлийн банкны төв байрны баруун талд, Барилгачдын талбай
6. Монгол цэргийн музей
Хил хамгаалах ерөнхий газрын зүүн талд, ИЗИС-н чанх урд
7. Монголын үндэсний музей
Сүхбаатар дүүрэг, Засгийн газрын ордны баруун талд
8. Театрын музей
Сүхбаатар дүүрэг, Соёлын төв өргөөний арын 2 аркны дунд
9. Чойжин ламын сүм музей
Сүхбаатар дүүрэг, UB Mart худалдааны төвийн баруун талд
10. Улаанбаатар хотын түүхийн музей
Баянзүрх дүүрэг, Бөхийн өргөөний зүүн талд
11. Монголын Уран зургийн галерей
Сүхбаатар дүүрэг, Соёлын төв өргөөний зүүн талд
Монголын үндэсний түүхийн музей
Тус музей нь монгол нутагт хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлалт зан заншлыг товчлон үзүүлсэн үзвэрийн 9танхим бүхий, сан хөмрөгтөө 50000 гаруй үзмэртэй, үндэсний хэмжээний тэргүүлэх музей билээ. Үндэсний түүхийн музей нь Монгол улсын нийт музейн үзмэрийн 30 гаруй хувийг хадгалж, дэлгэн үзүүлдэг эрдэм шинжилгээний судалгаа сурталчилгааны төв байгууллага болно.
Монголын дүрслэх урлагийн музей
Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей 1966 онд нээгджээ. Орчин үеийн болон эрт үеэс уламжлагдан ирсэн эртний дүрслэх урлагийн хосгүй нандин бүтээлүүдийг тус музейд бий. Анх 300 гаруй үзмэртэй байсан ч 1989 онд Уран зургийн галерей орчин үеийн бүтээлүүдийг нь авч бие даасан музей болжээ.
Өндөр Гэгээн Занабазарын урласан Цагаан дарь эх, Язгуурын таван бурхны дөрөв, Бодь суварга зэрэг алдарт уран баримлууд тус музейд хадгалагддаг тул 1995 оноос Г.Занабазарын нэрэмжит болгосон юм. Мөн XIX-XX зууны үеийн нэрт мастеруудын бүтээсэн ардын урлагийн бүтээлүүд, шүрэн баг, есөн эрдэнэ, шороон будгаар өнгө хослуулан бүтээсэн бурхдын хөрөг, Б.Шаравын “Монголын нэг өдөр”, “Гүүний үрс гаргалт” зэрэг хосгүй бүтээлүүд тэнд бий. Нэн эртний үеэс XX зууны эхэн үеийг хамарсан 10000 гаруй үзмэртэй, 12 танхим тус музейд байдаг.
Монголын театрын музей
1973 онд Засгийн газрын шийдвэр гарч Монголын театрын музейг байгуулахаар болсон боловч зориулалтын барилга байгууламжийн байдлаас болон хойшлогдсоор 1991 оны 3 дугаар сарын 27 буюу Олон улсын театрын өдрөөр нээгджээ. Тус музей нь Монгол улсын шинэ үеийн театрын урлагийн үүсэл хөгжлийг харуулсан уран сайхны мэргэжлийн музей юм.
Улсын төв театраас эхлээд дуурь, балет, хүүхэлдэй, цирк, кино зэрэг тайз дэлгэцийн бүх төрлийн урлагийн түүхэн хөгжлийн талаар дэлгэн үзүүлж, судалж, цуглуулж сурталчилдаг. 2000-2003 онд “Нэрт найруулагч Л.Ванган”, “Ноён хутагт Д.Данзанравжаа”, “Монгол бүжиг”, “Яруу найрагч М.Чойном”, “Жүжгийн зохиолч найруулагч С.Буяннэмэх”, “Хятад клуб ба Бээжин ший”, “Монгол алиалагч” зэрэг сэдвээр үзэсгэлэн гаргаж олон түмэнд толилуулжээ.
Монголын байгалийн түүхийн музей
Үндэсний музейгээс 1992 онд тусгаарлан байгуулагдсан. Нийт 6000 гаруй цуглуулгатай уг музей үзмэрүүдийнхээ 45 орчим хувийг үзэгчдэд дэлгэн харуулдаг.
Байгалийн түүхийн музей урьд нь хэн нэгний бүтээсэн эд өлгийн зүйлийг үзмэрээ болгодоггүй, байгаль дээрээс цуглуулсан цуглуулгаа лабораторын төвшинд боловсруулдгаараа онцлогтой. Нийт 18 танхимтай, хамгийн сонирхолтой нь хөхтөн амьтдын үзмэр юм. Хөхтөн амьтны сан хөмрөгт найман баг, 21 овгийн 90 зүйл амьтны чихмэл, арьс, эвэр, гавлын ясны цуглуулга бий.
Богд хааны ордон музей
Монголын шарын шашны тэргүүн VIII Богд Жавзандамбад зориулсан “Билгийг хөгжүүлэн бадруулагч хийд”-ийг 1893-1903 оны хооронд барьжээ. Богд хааныг нас барсны дараахан түүний эзэмшилд байсан түүх, соёлын дурсгалт зүйлийг өвлийн ордонд нь төвлөрүүлж, музей байгуулах шийдвэр гаргасан байна. Тус музейд XVII-XX зууны эхэн үеийн шашин, урлаг соёлын давтагдашгүй хосгүй үнэт дурсгалууд хадгалагддаг. Эдгээрт Богд хаан, Дондогдулам хатдын өмсч байсан дээл хувцас, гадаад, дотоодын зочдын өргөсөн бэлэг дурсгал, худалдан авсан эд зүйлсүүдийг нэрлэж болно.
Музейд тавигдсан үзмэрүүдийн ихэнх нь эх хувилбараараа хадгалагдаж байдгаараа онцлогтой. Энэхүү ордон музей нь муу ёрын сүнснүүдээс хамгаалсан хаалттай буюу Яншай хаалга, Богд хаан болон түүний хатан, ойр төрлийн садангийн хүмүүс нь ордог нээлттэй буюу Асарт хаалга, нэг ч хадаас хэрэглэлгүйгээр 108 төрлийн оньсоор угсарч барьсан Амгалан энхийн гэсэн гурван хаалгатай. Мөн Махранзын, Ранса буюу Сэрүүн, Торгон зургийн, Уран зургийн, Цайдан, Бурхны, Даврин гэсэн зургаан сүм байдаг.
Чойжин ламын сүм музей
VIII Богд Жавзандамба хутагт өөрийн дүү Чойжин лам Лувсанхайдавт зориулж 1904 онд барьж эхлэн, 1908 онд ашиглалтад оржээ.
Энэ сүмийг Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, шашин төрийг хослон баригч, нарангэрэлт, түмэннаст VIII Богд Жибзундамба хутагтын төрсөн дүү, Төрийн их Чойжин, хар зүгийн тэрсүүтний омгийг дарагч Лувсанхайдавт зориулж Их хүрээний нэрт уран барилгач Омбын удирдлага дор монгол урчуудын уран гараар бүтээжээ. Тухайн үед манай улс Манжийн эрхшээлд байсан тул Монгол Улсын төрийг хамгаалан чойжин бууж байх зориулалттай сүм барихыг Манжийн зүгээс эсэргүүцэж байж. Тиймдээ ч 1896-1902 онд ард түмний хандив тусламжаар Зүүн хүрээнд тусгайлан босгосон Чойжин ламын сүмийг учир битүүлгээр 1903 онд галдан шатаасан юм.
Гэвч Чойжин лам урд хойдохыг нэгэнтээ харах чадалтай байсныхаа хувьд Төрийн чойжин бууж байх, улмаар цэвүүн цаг ирэхэд соёлын үнэт дурсгалт зүйлсийг хамгаалан авч үлдэх хувь зохиолтой сүм барьж байгуулахыг нэн чухалд тооцож, улмаар хойтон жил нь буюу 1904 оноос эхлэн өөрийн хөрөнгөөр (Маймаа хотын захирагчийн охин, түүний эхнэр болох Сүрэнхорлоогийн хөрөнгөөр) сүм барьж эхэлжээ. Цаг төрийн байдал ороо бусгаа байсан тул Чойжин лам сүм барих ажлыг машид шуурхайлж, ердөө л хоёрхон жилийн дотор 55 өрөө тасалгаа бүхий дахин давтагдашгүй уран барилгын цогцолбор бүтээн босгож, дотор заслын ажил эхлүүлжээ.
Монголын төрийг хамгаалан чойжин буух сүм хийд барихыг Манжийн хаан зөвшөөрөхгүй хэвээр байв. Иймд 1906 онд Чойжин лам Лувсанхайдав уран арга хэрэглэн Манжийн хаанд бичиг явуулж, түүндээ “Манжийн хааны түмэн өлзийг бататган шашин төрийн өмнөөс чойжин бууж, эх болсон хамаг амьтны тусын тулд залбирал үйлдэж, өдөр бүр ном хурах учир өөрийн хүчин чадал, ард түмний дэмжлэгээр 55 тасалгаа бүхий сүм босгов. Таныг урт удаан наслах, Манжийн төрийг өнө удаан оршуулах үүднээс чойжин бууж байх тул нэр хайрлахыг хүсэн, есөн цагааныг бэлэг болгон хүргүүлэв” гэжээ. Ингэхэд Манжийн Бадруулт төр хаанаас “Өршөөлийг хөгжүүлэгч сүм” хэмээн нэр шагнаж, Богдын төрийн шар ордон Дэчингалбын хийдийн адил эрх олгожээ.
Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын музей
1931 онд анх энэ байшинд Ерөнхий сайд П.Гэндэн амьдарч байжээ. 1996 оны 9 дүгээр сарын 10-нд түүний охин Цэрэндуламын санаачилгаар музей болгож, үзмэрийг 7 танхимд дэлгэн үзүүлжээ.
Их хэлмэгдүүлэлтийн үед нийт 36 мянга гаруй хүмүүс хэлмэгдсэн бөгөөд үүний 17 мянга нь лам нар, бусад нь цэргийн хүмүүс болон ардууд байжээ. Музейн 1 дүгээр давхарт хэлмэгсдэд зориулсан хүндэтгэлийн танхим байх бөгөөд нийт хэлмэгдсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг аймаг аймгаар нь байрлуулжээ. Хойморт нь хэлмэгдэгсдэд зориулан зул асааж, хоёр талд нь төрийн туг, баруун талд нь “Хэлмэгдлийн нэг өдөр” хэмээх зураач Я.Үржнээгийн зурсан зургийг байрлуулжээ. Ерөнхий сайд П.Гэндэнгийн ажлын өрөөг тэр хэвээр нь үлдээж үзмэр болгожээ. Тус музейн байшинг 1930 онд Германы инженер Герингийн зураг төслөөр тоосгон заводын герман, швейцарь, унгар ажилчид барьжээ.
Сэтгэгдэл байхгүй байна