• Эхлэл
  • Нүцгэн болон улаан малгайтай жагсаал

Нүцгэн болон улаан малгайтай жагсаал

2018/03/08

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Нийслэлийн төв Сүхбаатарын талбай хөл хөдөлгөөн ихтэй байв. Энэ өдөр төв талбайд гурван өөр өнгийн гурван жагсаал боллоо.

 

"Нүцгэн" жагсаал 

“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын дэргэдэх “Ээжүүдийн холбоо” ТББ, Худалдаачдын холбоо хамтран “Бидэнд баярлах шалтгаан байхгүй” уриан дор эсэргүүцлээ илэрхийлэв. Үүнд найман эмэгтэй хагас нүцгэлж эсэргүүцлээ илэрхийллээ. Өмнө мөн өнгөрсөн 2017 онд гурван ээж нүцгэлж үзэл бодлоо илэрхийлж байсан.

Тэд "Хулгайч дарга нар боль", "Оффшорчдыг зайлуул" гэх мэт уриа барьсан бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн хүнд хөдөлмөр эрхлэлт, мөнгө хүүлэлт зэргийг таслан зогсоохыг төр засаг болон холбогдох байгууллагуудаас шаардаж буй юм. Монгол улсад, ажилгүйдэл, ядуурал газар авч байгаа энэ цаг үед эмэгтэйчүүдэд баярлах шалтгаан байхгүй хэмээн цуглаанд оролцогчид дурьдаж байлаа. Гэр бүлийн хүчирхийллийг зогоож, ажилгүйдэл, ядуурлыг арилгах хүртэл энэхүү цуглааныг жил бүр зохион байгуулах аж.

Мөн цуглааны хүрээнд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж амиа алдсан эмэгтэйчүүд, хүүхдүүдийн гэгээн дурсгалд зориулж өнөөдөр 20.00 цагт Сүхбаатарын талбайд зул өргөх ёслол зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

 

 

Тайван жагсаал

Монголын залуучуудын холбооноос санаачлан “Хүчирхэг эмэгтэйчүүд амар тайвны гүүр болдог” тайван жагсаалыг энэ жил дөрөв дэх жилдээ зохион байгуулав.  Тэд төр засгаас гомдол эрэн шаардлага тавихаасаа илүүтэй жилийн 365 хоногт хүчирхэг эмэгтэйчүүдийнхээ төлөө, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө санал нэгтэй байгаарай Монголчуудаа гэж уриалж байгаа гэж жагсаалынхаа зорилгыг тайлбарлажээ.

 

Улаан малгайтай жагсаал

“Нэг тэрбумаараа тэмцье” олон улсын эсэргүүцлийн арга хэмжээг “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ зургаа дахь жилдээ зохион байгуулж байна. 

Дэлхийн долоон тэрбум хүний нэг тэрбум хүн буюу гурван эмэгтэйн нэг нь амьдралынхаа аль нэг үед хүчирхийлэл, дарамт, ялгаварлан гадуурхалтад өртдөг гэсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаа байдаг аж. Ийм учраас бүсгүйчүүд нэг тэрбумаараа тэмцье гэсэн уриан дор нэгдэж, улаан малгайгаар ижилсэж байгаа аж.

Дээрх хүний эрхийн болон жагсаалд оролцож буй иргэд хамтран Сүхбаатарын талбайг тойрч алхан дуу хоолойгоо нэгтгэж байна.

Гэрэл зургийг NEWS.MN Э.Энхбат


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна