• Эхлэл
  • Э.Бат-Үүл:Манай нам үзэл бодлоо өөрчлөх шаардлагагүй

Э.Бат-Үүл:Манай нам үзэл бодлоо өөрчлөх шаардлагагүй

2018/03/25

Bold Tobuu нэрээрээ FB-д танил болсон Т. Болд Эх орон телевизтэй хамтран “Ярих өнцөг” нэвтрүүлгийг хөтлөн явуулдаг билээ. Ингээд энэхүү нэвтрүүлгийн Улаанбаатар хотын дарга асан, Улсын баатар Э.Бат-Үүлийн ярилцлагыг хэсэгчлэн хүргэж байна. Ярилцлагыг нийтлэх зөвшөөрлийг олгосон Т.Болд танд баярлалаа.

 

 

Э.Бат-Үүл:Манай нам үзэл баримтлалаа өөрчлөх шаардлагагүй

-Ярилцлагаа хоёр хэсэгт хуваая гэж бодлоо. Эхнийх нь танай намын талаар, дараа нь эрх баригчдын талаар. Тэгэхээр танай намын одоогийн байдал үйл ажиллагаа энэ талаар эхлүүлье?

-2016 оны сонгуулиас хойш сонгуульд ялагдсан хариуцлага, үүргээ хүлээн Нийслэлийн Ардчилсан намын даргын ажлаа өгсөн. Нийслэлийн Ардчилсан намын даргыг ардчилсан зарчмаар сугалаагаар, нийт гишүүдээсээ сонгосон. Энэ бол их чухал зүйл. Өрсөлдөөн ч их, зөвхөн намын даргын сунгаанд гэхэд таван хүн оролцсон. Дараа нь ерөнхийлөгчид нэр дэвшигчээ сунгаагаар тодруулсан. Ерөнхийдөө үндэсний хэмжээнд сунгаан зохион байгуулж байгаа нь манай нам. Би үүнд бахархдаг, үндэсний, бүс нутгийн хэмжээнд зохион байгуулж чаддагтаа. Ардчилсан орнууд Америк, Герман, Европын орнуудыг эс тооцвол ийм өргөн хүрээнд ардчилсан аргаар, сунгаагаар даргаа сольдог улс цөөн. Үүндээ ч бахархдаг.

Харин сүүлийн үед нилээн санаа зовохоор зүйл гарч ирээд байна. Үзэл баримтлалаа өөрчлөхөөр боловсруулсан төслийг үзээд санаа зовж эхэлсэн. Тэр төсөлд нийгмийн эрх ашиг үндэсний эрх ашгийн төлөө хувь хүний эрх ашиг эрх чөлөөг хязгаарлах боломж олгосон санаа явж байгаа юм. Хувь хүний эрх чөлөө эрх ашиг манай улсад суурь үндэс нь биш мэт. Хувь хүний эрх чөлөөний хажуугаар үндэсний болон нийгмийн эрх ашиг гэсэн бүрхэг ойлголт оруулж ирээд шаардлагатай бол хувь хүний эрх ашиг эрх чөлөөг хязгаарлахаар шинжтэй. Энэ бол үндсэрхэг үзэлтнүүд шавнистнуудын хийсэн зүйл. Ийм террор үйлдэл социализмийн үед байсан. Яг үнэндээ манай үндэсний эрх ашиг гэж яг юу юм бэ гэдгээ ерөөсөө ойлгоогүй. Гэтэл Монголын үндэсний язгуур эрх ашиг гэдэг бол монгол хүний эрх эрх чөлөөний халдашгүй байдал.

-Ардчиллын маань үндсийн үндэс биз дээ, уг нь?

-Тийм. Монгол хүний эрх чөлөөнд гадна, дотны хэн ч халдаж болохгүй. Энэ бол үндэсний язгуур эрх ашиг. Үүний төлөө хил дээр цэрэг зогсож байна. Үүний төлөө цагдаа, цэрэг, тагнуулын байгууллага ажиллаж байна. Монгол хүн буруутай үйлдэл хийгээгүй л бол батлагаатай хамгаалах ёстой. Төрийн аюулгүй байдлыг яагаад хамгаалдаг вэ? Яагаад гэвэл Монголын ард түмэн тэр төрийг байгуулдаг. Монголын ард түмний мэдэлд байдаг зүйл. Хэн нэгэн орж ирээд шууд булааж авч болохгүй. Энэ бол Монголын ард түмний мэдэлд байгаа засгийн эрх юм. Ийм зүйлийг хамгаалаад байгаа юм. Түүнээс биш үүнийг чинь дарга нар хамгаалаад байгаа юм биш шүү дээ. Бас нэг аюултай юм нь хувь хүний эрх эрх чөлөө гэдгийн хажуугаар үндэсний эрх чөлөө гэдэг юм яагаад ч юм давамгайлах маягтай ороод ирсэн. Тэр үндэсний эрх чөлөө гэдэг зүйлийн ард дандаа дарга нарын, дарангуйлагч нарын, ангийн эсвэл терроруудын эрх ашиг нуугдчихсан байдаг.

-Энэ төслийг хэн боловсруулсан юм бэ?

-Мэдэхгүй. Ажлын хэсэг боловсруулсан гэсэн. Уг нь манай намын үзэл баримтлалыг өөрчлөөд байх шаардлага байхгүй. Манайх шиг үзэл баримтлалтай нам Монголд байхгүй. Манай намын бодлогын цөм нь зөвхөн монгол хүний эрх, эрх чөлөөг хамгаалах.

-Өмнө нь би бас гишүүн асан Х.Тэмүүжинтэй ярилцсан. Х.Тэмүүжин гишүүн тэр бичиг баримтыг нь дахин боловсруулах ажилд оролцоод явж байгаа юм байна лээ. Харин та оролцоогүй гэсэн үг үү?

-Би бол бичиг баримт боловсруулах бодлогын асуудалд оролцоогүй. Оролцоорой ч гээгүй. Үнэ цэнэт зүйл гэдэг хоорондоо зүгээр суугаад ярьдаг зүйл биш. Нийгмийн оюун ухаанд хэрэгтэй нийгмийг гэгээрүүлэх үүрэгтэй учраас. Нийгэмд маш ил тод байх ёстой зүйл.

 

Цэргийн хөдөлмөр бол үнэндээ генералуудын л бизнес

 

-Та нийгэмд хандан нийтлэл бичсэн байсан. Нийтлэлээс тань таныг нилээн цухалдангуй байна уу гэж харсан.

-Яг үнэндээ би ойрын ирээдүйд ардчилал, дэлхийн ардчилал маш хүнд цохилтонд орно гэж бодож байгаа. Муссолини, Гитлер нарын үе шиг болохоор гэж харагдаж байна. Популистууд, үндсэрхэг үзэлтнүүд, шинэ хэлбэрийн нацист фашистууд хүчээ авч байна. Трамп Ерөнхийлөгч болоод ард иргэд нь ардчилсан байвал байдаг юм байгаа биз байхгүй бол тэр л биз гэсэн. Тэр битгий хэл ардчиллын нэр хүндийг гутааж эхлэсэн.

Бүр санаатай, санаагүй дарангуйлагч нарыг од болгож эхлэсэн. Жишээ нь: Ким Чин Ун-ыг дээш татаж байгааг хараад энэ одоо ямар ПР хийгээд байгаа юм болоо гээд гайхсан. Гэтэл Трамп зориудаар ийм ажил хийж байна гэж харагдахаар боллоо. Яагаад гэвэл Америк улсыг эргээд хүч чадалтай болгох зорилготой. Бусад орны ардчилал сөхөрч нөгөө өвчтэй мемолистууд популистууд гараад ирвэл хөрөнгө оюун ухаан бүгд Америк руу урсана. Евроазид хүчирхийлэл, улстөрийн хийрхэл, популистууд газар аваад ирэхээр оюун ухаан, хөрөнгө Америк руу орж байдаг. Америк үүний хүчээр эргээд хүчирхэгждэг. Одоо энэ нацистууд популистууд ихээр гарч ирээд улс орнуудын хөрөнгө, оюунлаг хэсэг Америк руу дайжиж байгаа учраас улам л хүчээ авах болно. Энэ бүгд бол Трампын стратеги гэж би хувьдаа харж байгаа.

-Та Баттулга ерөнхийлөгчийн ажлыг юу гэж дүгнэж байна. Сонгогдоод найман сар болчихлоо.

-Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсон  нь маш чухал үйл явдал болсон. Төрд хүчний харьцаа алдагдах гэж байсанг зогсоосон. Ардын намаас ерөнхийлөгч сонгогдсон бол яг одоогийн Польш, Унгар шиг нэг намын дарангуйлал эхлэх гэж байсан. Үүнийг зогсоож чадсан, ардчилал бол өргөн, нээлттэй нийгэм гэдгийг харуулж чадсан. Мундаг сонгодог нөхөр л ерөнхийлөгч болдог бус ардын хүүхэд ч гэсэн болж болдог юм гэдгийг харуулж чадсан.

Жишээ нь:Манай хойд эсвэл урд хөршид энэ ямар ч боломжгүй асуудал шүү дээ. Гэвч дараа нь бүтээн байгуулалтыг цэргээр хийлгэнэ гэсэн яриа гаргаад  ирсэн нь намайг үнэхээр цочролд оруулсан. Сонгуулийн өмнө нилээн өмнө ярьж байхад нь би “Энэ массд таалагдах гэсэн яриа байх даа” гэж бодож байсан. Тэгэхэд сонгогдоод гарч ирснийхээ дараа дахиад ярьсан.

-З. Энхболд нар анх тийм зүйл ярьж гарч ирсэн шүү дээ?

-Тийм. Тэр үед бол хүчээ аваагүй таг болж байсан шүү дээ. Харин одоо Ерөнхийлөгч болсон хойноо дахиад ярина гэдэг чинь өөр зүйл байхгүй юу. Төрийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болчихоод ярина гэдэг өөр. Бүр генералуудтайгаа суугаад ярилаа шүү дээ. Энэ бол олон үр дагавартай. 1-рт цэргийн хөдөлмөр гэдэг чинь албадлагын хөдөлмөр. Хөрөнгийн хомсдолд бүрэн орсон улсын ажил Хойд Солонгос шиг. Энэ албадлагын хөдөлмөрийн хамгийн аюултай нь эдийн засгаа сүйрүүлдэг.

Тэр нийгэм капиталист байна уу социалист эдийн засаг байна уу, хамаагүй нэг суурь зарчим байна шүү дээ. Айл өрх бүхэн сард тогтмол цалин, орлоготой байх ёстой. Цалингаараа бараа бүтээгдэхүүнээ авна. Бараа бүтээгдэхүүн борлуулсан үйлдвэрүүд орлоготой болно. Эргээд татвараа авна. Өөрөөр хэлбэл айл өрх бүхэн хагас сар, сарын цалинтай байдаг нь эдийн засгаа хэвийн явуулах нөхцөл. Албадлагын хөдөлмөр үүнийг орлож чадахгүй, алдаг.

Нөгөө талаасаа цэргийн хөдөлмөр гэдэг нь генералуудын л бизнес. Цэрэг армийн байгууллага байнгын бэлтгэлтэй байж, шаардлагатай үед иргэдээ хамгаалах, байлдах шаардлагатай байгууллага. Гэтэл тэднийг яг үнэндээ барилгын цэргүүд л болгох гэж байна. Батлан хамгаалахын хуулиараа бол манай цэргийн байгууллага батлах хамгаалахын сургалтын төвүүд. Тэгсэн чинь одоо буу биш хүрз бариулаад бүтээн байгуулалт хийлгэх гэж байна. Гэнэт аюулт халдлага гараад ирвэл батлан хамгаалах чадваргүй болох гэж байна шүү дээ.

 

Ардын нам, нэг намын Ерөнхийлөгч нэг хүний дарангуйлал руу чиглэж байна

 

-Х.Баттулга Ерөнхийлөгч болоод хэд хэдэн юм ярьсан. Оффшорчдыг барьж авч мөнгийг улсын хөрөнгө болгоно. Цаазын ялыг сэргээнэ, одоо бүр их хуралыг тараана гэж яриад байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Одоо миний нөгөө дарангуйлал ойртож байнаа гэж хэлээд байгаа нь энэ. Ямар хэлбэрийн дарангуйлал тогтоох вэ гэдэг санаа талуудаас гарч байна. Жишээ нь, Ардын нам намын дарангуйллыг ярьж байна. Х.Баттулгын ярьж байгаа зүйлийг багцаар нь харвал нэг хүний дарангуйллыг ярьж байна. Зарим өнцгөөс харвал Ерөнхийлөгчийн засаглал гэдэг нэг хэлбэр. Азаар энэ бүгдийн хүч тэнцсэн учраас дарангуйлал тогтож чадахгүй байгаад байна.

Энэ хүч алдагдах юм бол аль нэг дарангуйлал тогтоход бэлэн. Яагаад би энэ дээр бачимдаад байгаа юм бэ гэхээр уг нь ардчилсан ерөнхийлөгч. Жишээ нь: цаазын яланд хандаж байгаа хандлагыг нь харвал ардчилсан гэхэд хэцүү болчихоод байна л. Жишээ нь хүргэнээ хутгалж алаад шоронд орсон, хүнд ялтай хүнийг Өршөөлийн хуулиар өршөөгөөд суллачихсан. Ийм хүнд гэмт хэрэгтэнг өршөөлийн хуулиар өршөөгөөд өршөөнгүй хандсан мөртлөө иргээд цаазын ялыг сэргээе гээд байдаг нь гайхалтай.

-Үндсэн хуулийг өөрчлөх замаар нэг намын дарангуйллыг тогтоох гэж байна гэж та хэлсэн байсан. Ямар заалтыг хараад танд ийм хардах сэдэл төрсөн бэ?

-Шүүх эрх мэдлийг ерөнхий сайдад шилжүүлэх санаа явж байна. Энэ нь шүүхийг улс төрийн мэдэлд шилжүүлэх гэсэн санаа. Яг ийм системээр Польш, Унгар явж байгаа. Үүнийг хараад Герман, Англи гэх мэт орнууд болиочээ та нар шүүхийг улс төрийн мэдэлд оруулаад гэж хэлж байгаа. Шүүхийг намын даргаар томилоод ирвэл тэр намд шүүх илүү үйлчлэх болж таарна. Дараа нь сонгуулийн хуулийг зөрчсөн зөрчөөгүйг тэр нам тогтоогоод шийдээд эхлэх болно. Бүр цаашилбал өрсөлдөгчийхөө буруутай буруугүйг шүүгээд эхлэнэ. Улс төрийн намын даргаар толгойлуулсан шүүх шийдвэр гаргаад эхлэх болно. Өөрөөр хэлбэл, юуг зөв юуг буруу гэдгийг Ардын нам тогтоогоод эхлэнэ гэсэн үг.

-УИХ-ыг тараах гээд л яриад эхэллээ. Ерөнхийлөгчийн зүгээс гарч байгаа яриа юм шиг байгаа юм. Энэ тал дээр таны бодол. Муу ч гэсэн байж л байх ёстой зүйл юм болов уу гэж би хувьдаа боддог.

-Улсын их хурал өөрөө л тарах ёстой. Бид Үндсэн хуульд хэлэлцэж ярилцаж байхдаа УИХ-ыг дуртай нь тараагаад байвал төр тогтворгүй, төрийн дээд байгууллага хэврэг болно гэдэг үүднээс өөрсдөө тарна шүү гэж ярилцсан. “За бид аргагүй болохоо байчихсан юм байна” гэдгээ хүлээн зөвшөөрөөд тарна гэсэн үг. Үнэмлэхүй олонхоор шийдэж тарах ёстой. Ерөнхийдөө ийм. Яагаад Х.Баттулга ийм зүйл ярьсныг би ойлгоогүй. Ерөнхийлөгч чинь үндэсний эв нэгдэлийн билэгдэл. Тэгэхээр энэ яг юу гэсэн үг вэ гэдгийг ойлгоход их төвөгтэй. Ерөнхийдөө Ерөнхийлөгч тогтвортой байдлыг сонирхохгүй байнаа л гэсэн үг. Энэ бол маш аюултай мэдээ шүү дээ.

-Гэхдээ Ерөнхийлөгч ч бай, хэн ч бай УИХ-ыг тарааж чадахгүй л юм байна шүү дээ?

-Яг үнэн. УИХ өөрөө хуралдаж өөрөө шийдвэр гаргах ёстой.

 

Жижиг эдийн засаг дотогшоогоо чиглэж болохгүй

 

-Эрх барьж байгаа нам яаж ажиллаж байна, таны бодлоор?

-Ер нь анх гарч ирэхдээ л морьдохын хазгай болсон доо. Ардын нам засгийн эрх барингуутаа нийгэмд буруу сигнал тараасан. Энэ өмнөх нөхдүүд нийгмийг бүр самраад хаяцчихсан байна гээд нийгэм битгий хэл, дэлхийд “Энэ оронд Грек шиг дефолт болж байгаа юм байна” гэсэн ойлголт төрүүлсэн. Улсын өрийг хувийн өртэй нийлүүлээд хэлчихээр дэлхий дахин гайхсан. Хувийн юм бол хувийн л байх хэрэгтэй. Эд зүгээр л улс төрийн зөн билгийн тулаан хийгээд байна. Ямар ч улс орноо гэсэн бодол байхгүй.

-Ерөнхий сайд Засгийн газрын 100 хоног дээрээ дөрвөн ажлыг барьж авч хийнээ гэж ярьсан. Газрын тос, эрүүл эко хүнс, Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж, малаа эрүүлжүүлэх, цахилгаан эрчим хүчийг нэмэх гэсэн асуудлуудыг ярьсан. Асуудлуудаа яг зөв олж барьж авч чадсан уу?

-Үгүй. Байгаа ерөөсөө онох ч үгүй байна. Манай Ерөнхий сайд бол үнэхээр яг орон нутгийн захирагч шиг л сэтгэж байна. Монгол Улс миний ойлголтоор бол яг гурван зүйлийг л хийх хэрэгтэй.

1-рт хоёр хөрш рүүгээ экспортлогч орон болох хэрэгтэй. Экспортлож чаддаг тийм л орон болох хэрэгтэй байна. Бид маш бага хүн амтай, жижигхэн эдийн засагтай. Энэ жижиг дийн засгийг дотогшоогоо чиглэсэн болгочихвол өрсөлдөх чадваргүй болдог. Хятад жилдээ 8,3 тэрбум хос оймс хийж байгаа. Манай оймс үйлдвэрлэгчид жилдээ үсрээд л 80 мянгыг хийх байх. Үүнээс их хийвэл бараг хүн худалдаж авахаа болино. 80 мянга 8 тэрбум хоёрыг харьцуулахаар ямар тоо гарах вэ. Бид тэгэхээр 8 тэрбум оймс үйлдвэрлэж байгаа зах зээл рүү гарах хэрэгтэй байхгүй юу.

2-рт гэр хороолол Монголын найдвар. Улаанбаатар хотод нийт 216 мянган хашаа байна. Эд бол газрын үнэт баялгийн эзэд. Дэлхийн газрын үнэлгээний жишгээр танай газар капитал. Үүнийгээ ашиглах хэрэгтэй. Гэр хорооллыг бид бүтээн байгуулалтын талбар болгох хэрэгтэй.

3-рт хүмүүсийн ажил хэрэг бизнесийг дэмжих. Ийм л гурван зүйлийг хийхэд хөгжинө шүү дээ. Тэгэхэд цэвэрлэх байгууламж яриад сууж байж болохгүй шүү дээ.

Үргэлжлэл бий.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна