Улаанбаатар хотын хэмжээнд 140 орчим арьс ширний үйлдвэр бий гэдэг. Эдгээр үйлдвэрүүдийг хотоос гаргах тухай шийдвэр гараад (2013 онд) таван жил өнгөрч байна. 2017 он гэхэд үйлдвэрүүдийг Эмээлт өртөөнд шилжүүлсэн байхаар тооцож, түүхий эдийн эдийн цэгүүдийг тийш нь шилжүүлсэн боловч харин үйлдвэрүүд нь одоо ч хотын төвдөө хэвээрээ.
Нүүлгэн шилжүүлэх ажил саатсан шалтгааныг судлаад үзтэл “Эмээлтэд арьс ширний үйлдвэрийг төвлөрүүлэх аваас малын гаралтай элдэв халдварт өвчлөл хот руу орох эрсдэлтэй учраас өмнөх шийдвэрийг эргэн харахад хүрлээ” гэсэн мэдээлэл байх юм.
Хотын гадна гарахаараа өвчин халдаадаг, хот дотроо болохоор зүв зүгээр юм байх. Манай дарга нарын мэргэн ухаан. Гэвч арьс, ширнийхээ үйлдвэрүүдийг хот дотроо бөөгнүүлэх байсан юм бол түүхий эдийн захуудаа хотоос гаргах нь ямар ч ашигтай юм, бүү мэд.
Арьс ширний үйлдвэрүүдийн дийлэнх нь нийслэлийн Хан-Уул дүүрэгт төвлөрдөг. Арваад жилийн өмнө дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Загджав гэдэг хүний нөмөр нөөлөгт багтаж, түүнд татаас өгч амьдардаг юм гэнэ билээ.
Түүнээс хойш хот, дүүрэг хоёр хэдэн ч Засаг даргын нүүр үзэв, тоогоо алдсан. Үе үеийн Засаг дарга нар, ИТХ-ын гишүүд “Арьс ширний үйлдвэрийг хотоос гаргана” гэж дүүргийн иргэдэд амлаж сонгогддог ч бүтэлтэй болсон нь ганц үгүй.
Сонгуулийн дараа бүрдсэн НИТХ нь МАН-ын дотоод дахь фракциудын зөрчлөөс болж жил шахам хуралдаагүй. Одоо хэр нь алдаг оног ирцтэй хэвээр. Энэ хугацаанд хотын дарга Су.Батболдын “унжиж унжиж” гаргасан ганц шийдвэр нь НЗДТГ-ыг Яармагийн гэр хороолол руу нүүлгэн шилжүүлэхээр болсон явдал. Үүний бэлтгэл ажил ч гэж чамгүй нүсэр юм болох төлөвтэй. Бараг л амьдрах сууцаа үүрээд явах бололтой юм.
Нийслэлийн захиргаа, харъяа агентлагууд ч яахав утаа, түгжрэл, уур бухимдлаас ангид эрүүл агаарт гарна гээд хөл газар хүрэхгүй бөөн баяр. Харин хотынхны асуудал хотдоо л үлдэх бололтой.
Уг нь Э.Бат-Үүл хотын дарга байхдаа нийслэлийн асуудлыг шийдэхийн тулд нийслэлийн захиргаа өөрөө хамгийн их утаа, бохирдолтой Сонгинохайрханы Баянхошуунд нүүж очино гэж хэлээд зураг төсөв хийлгээд амжсан. Харин Су.Батболд дарга аль хэдийнээ авто зам, дэд бүтэц нь шийдэгдсэн, агаар устайгаар нь Яармагийн дэнж рүү тавхайгаа гялалзуулаад одох бололтой.
Гэсэн ч үлдэж байгаа олноо бодвол арьс ширний үйлдвэрүүдээ ч бас үүрээд явж болмоор. Аль таван жилийн өмнө шийдсэн асуудал шүү дээ. Сонгууль болгоноор “Аварна, арчилна” гэчихээд сонгогдоод гарсныхаа дараа амиа хоохойлоод зугтаж болохгүй биз дээ. Арьс ширний үйлдвэрүүдээ ч бас аваад яваарай, хотын дарга аа!
ЭХ СУРВАЛЖ: inews.mn
Сэтгэгдэл байхгүй байна