
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргал өчигдөр эх орондоо ирлээ. Түүний аав Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, чөлөөт бөхийн олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ний хүрэл медальт, үндэсний баяр наадамд 6 удаа түрүүлсэн Төв аймгийн Эрдэнэсант сумын харъяат даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат 77 насандаа дөрөвдүгээр сарын 9-нд бурхны оронд заларсан.
Хакүхо тойргийн барилдаанаас түр чөлөө авч эх орондоо ирээд байна. Тэрбээр “Хоёр жилийн дараа болох Токиогийн зуны олимпийн нээлтийн ажиллагаан дээр дохёнд гарах ёслол хийж, аавдаа харуулах мөрөөдөлтэй байлаа. Токиогийн наадмыг хамт үзнэ гэж бодож байсан. Харамсалтай.” гэж сэтгүүлчдэд хэлжээ.
Хакүхо М.Даваажаргал анх сүмогийн багштайгаа уулзахдаа хэлсэн үг нь “Аавынхаа амжилтыг эвдэнэ” хэмээн хэлж байсан нь түүний багшийн сэтгэлийг татаж, Монгол руу буцах гэж байсан хүүг сүмод авч байсан түүхтэй юм.
Монгол хүн тэр дундаа чөлөөт бөхийн тамирчид олимпоос анхны медаль хүртсэний түүхт 50 жилийн энэ онд тохиож байна. “Мехико-1968” зуны олимпийн наадмаас Ж.Мөнхбат аварга мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд энэхүү наадмаас Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Ардын багш, Гавьяат тамирчин Д.Сэрээтэр, Гавьяат тамирчин Т.Артаг нар хүрэл медалийн эзэд болж, түүхэн амжилтын эзэд болж байсан юм. Мексик улсын Мехико хотод болсон зуны олимпийн наадамд Монгол улсын баг тамирчид нэг мөнгө, гурван хүрэл медалийг авч олимпийн наадмын буухиаг эхлүүлсэн. Тэр дундаа Ж.Мөнхбат аварга олимпийн наадмын анхны мөнгөн медалийн эзэн бөгөөд энэ жил түүхт 50 жилийн ой тохиож байна.
Ж.Мөнхбат аваргын нэрэмжит нэрэмжит өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрөгч гуравдугаар сард Чөлөөт бөхийн холбооноос зохион байгуулсан билээ.
Хакүхо аав, ээжийнхээ алтан хуримыг 2016 онд хийж байсан юм.

Эх сурвалж. news.mn


Сэтгэгдэл байхгүй байна