Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр 13.30 цагт хэвлэлийн бага хурал зарлаж байр сууриа илэрхийллээ.
Тэрээр Монголд Ерөнхийлөгч ямар ажил хийж болох вэ, болохгүй вэ гэдгийн тод жишээ нь Х.Баттулга. Ээлжит хичээлээ заах гэж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Үндэсний аюултай зөвлөл болж хувирлаа.
Шударга ёс, хуулийн засаглалыг сонгож хэрэгжүүлж болохгүй. Өнөөгийн Хууль зүйн сайдын үед гаднаас хүн хулгайлж ирж байсан, хуруу гарыг нь хугалж, зовоож, амь насанд нь хүрч байсан. Үүнийхээ төлөө уучлалт гуйх ёстой. Үндсэн хуулийн цэцээс хууль зөрчсөн, хэрэг үйлдсэн гэж огцорсон хүн шүү дээ. Тиймээс энэ албан тушаалыг хаших ёсгүй" гэж мэдэгдлээ. Ингээд түүний сэтгүүлчдийн асуултад хариулсан хариултыг товчлон хүргэж байна.
Х.Баттулга Засгийн газар, УИХ, хуулийн байгууллагаа ч халаасандаа хийж байна. Одоо дөрөв дэх засаглал буюу сэтгүүлч, хэвлэл мэдээлэл рүү явна.
-Хэн ч, ямар ч албан тушаалтай бай хууль шүүхийн байгууллага дуудсан цагт очих ёстой гэж боддог. Энэ бол хууль, шүүхдээ үзүүлж буй хүндэтгэл.
Н.Энхбаярыг өмнө нь 12 удаа хуулийн байгууллага дуудсан. Тэгээд ирэхгүй болохоор нь баривчилгаа хийсэн байдаг.
-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн дуулиан үргэлжилж байна. Та ямар байр суурьтай байна вэ?
-Хүн амины хэрэг хоёр шаттай байдаг. Нэгд, алуурчныг олох. Хоёрт, захиалагчийг олох. Энэ хэргийг би гурван шаттай гэж хардаг. Тэр гурав дахь шат нь Ц.Нямдоржийн хийж буй ажил. Шүүхээр шийтгэгдсэн алуурчид амьд байгаа. Зөвөөр шийдэгдэнэ гэдэгт ч эргэлздэггүй.
-Таныг шударга бусын хонгил гэгчийг үүсгэсэн гэдэг. Үүнийг нураахаар ҮАБЗ-өөс шийдвэр хүртэл гаргалаа. Энэ талаар та байр сууриа хэлнэ үү?
-Энэ асуудал өнөөдөр батлагдахгүй юм гэхэд дараа дахиж орж ирэх байх. Парламентын сонгуулийн өмнөх хавар ингэж л эхэлдэг. Хууль зүйн сайдын хийж байгаа үйлдэл нь өөрийн улс төрийн хугацаагаа л сунгах гэж байгаа хэлбэр.
Шударга бусын хонгил гэдэг чинь таван жил үргэлжилж байгаа кино. Урьдаас төлөвлөсөн ажил. Монголын төрийг гартаа авна, ард иргэдэд айдас хүйдэс бий болгоно гэх мэтээр төлөвлөснөө хийж байна.
Ц.Элбэгдорж өөрөөс нь илүү гэж харагдуулах ажлаа хийж байна. Өөрөөс нь илүү шударга бус хүн байх ёстой, өөрөөс нь илүү хулгайч байх ёстой, өөрөөс нь илүү муу хүн байх ёстой гэж л харагдуулах гэж хичээж байна.
-Шүүгчийг хэн шүүх вэ, прокурорыг хэн шүүх вэ. Хууль шүүхийн байгууллагын шинэчлэлийг хэрхэн хийвэл оновчтой вэ?
-Өмнө нь хийж байсан ажлаа л үргэлжлүүлэх ёстой байсан юм. Засах шаардлагатай зүйл байвал түүнийг хуулийнхан нь л шалгах ёстой.
-Л.Гансүхийг шударга бусын хонгилоор чирсэн гэж ярьдаг?
-Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон. Та нар тухайн үеийн шүүх хурлын бичлэгүүдийг олж үзээрэй. Өөрөө буруутай байж, дараа нь хуулийн байгууллагаа буруутгаж, нэр хүндийг нь унагааж болохгүй.
ҮАБЗ хуралдсан шалтгаан яриад байна. Нэг аюултай бичлэг байгаа гээд байна. Тэр улс нь хилсээр өндөр ял авсан гэж. С.Зоригийг хэн хөнөөсөн бэ гэдгийг нэг л хүн харсан. Тэр бол С.Зориг өөрөө юм. Би ингэж боддог. Өнөөгийн Хууль зүйн сайд бол С.Зоригийн аллагыг хийсэн хүмүүсээр бахархдаг хүн байхгүй юу.
Нэг л юм хэлье. Та нар өөрсдөд дээрээ төсөөлөөд бодоод үзээрэй. Ц.Элбэгдоржийг нэг хүн хөнөөлөө гэж бодъё. Тэгвэл Ц.Нямдорж алуурчныг олохоор чин сэтгэлээсээ явах уу? Ц.Нямдорж бол 1990 оны үед өнөөдөр намайг харааж байгаа шигээ С.Зоригийг элдвээр хэлж байсан хүн.
Өнөөгийн Ерөнхийлөгч гарч ирэнгүүтээ өөртэй нь нийцэхгүй хүмүүсээ огцруулсан. Засгийн газрыг унагаагаад өөрийн Засгийн газрыг бий болголоо. УИХ-ын нэр бүр дээр асуудал үүсгэлээ. Бүгд баригдчихсан улс. Дараагийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхээ тэр гурван хүн л шийднэ.
Шинэ хууль оруулж ирж байгаад батлагдсан эсэх нь нэг их сонин биш. Х.Баттулга зорилгынхоо тал хувийг биелүүлчихлээ. Учир нь хууль, шүүхийн байгууллагынханд айдас төрүүлчихэж байгаа юм. Дуртай үедээ томилно, дургүй үедээ чамайг солиод өөрийнхөө хүнээ томилно шүү л гэсэн санаа шүү дээ.
Засгийн газраа халаасандаа хийчихлээ, Улсын Их хурлаа халаасалчихлаа, хуулийн байгууллагаа ч халаасандаа хийж байна. Одоо дөрөв дэх засаглал буюу сэтгүүлч, хэвлэл мэдээлэл рүү явж байна.
Эрдэнэс Тавантолгой компани 800 тэрбум төгрөгийн ашигтай ажиллалаа. Тэд үүнийг хувааж авах уралдаан хийж байна. Хэн нь илүү мөнгө авах вэ гэдгийн төлөө л байгаа.
-Баянгол зочид буудлаас Х.Баттулгатай холбоотой нэлээд бичиг баримт хураасан. Хэсэг шуугиад чимээгүй болсон. Нотлох баримт олодоогүй юм уу. Энэ талаар?
-Ерөнхий прокурор нь санал тавьснаар тэр албан тушаалтныг нь түдгэлзүүлдэг байсан бол асуудал хөнгөн байх байлаа. УИХ-ын гишүүн байхдаа хууль, шүүхийн байгууллагаас зугтаж явсаар байгаад Ордонд ороод суучихлаа.
-Уран зургийн асуудал юу болсон бэ. Үнэхээр таны зургууд дунд алга болсон зураг байсан юм уу?
-Их Тэнгэрт амьдарч байсан гэрт албаны нэг ч зураг байгаагүй. Би өмнө нь 100 зураач, 100 зураг гэдэг үзэсгэлэн гаргаж байсан. Миний мөрөөдөл Монголдоо зургууд цуглуулаад, галерей байгуулж үлдээе л гэж бодсон. Хэдэн зураг хураасан гээд байгаа. Жишээлбэл Говь гээд зураг байлаа гэхэд энэ тэр зураг байж магадгүй гэх маягаар аваад явсан гэсэн.
-Ц.Пүрэвтүвшин гэж хүнийг таны хамаатан гэж байгаа?
-Би Ц.Пүрэвтүвшин гэж хамаатан мэдэхгүй. Миний ээж нас барахаасаа өмнө хамаатан садангуудаа цуглуулж танилцуулсан 100 гаруй хүн цугласан. Тэнд лав тийм хүн байгаагүй. Наадах чинь гүтгэлэг.
-ШХАБ-д элсүүлэх нь Ерөнхийлөгчид ямар ашигтай вэ?
-Ямар ч ашиггүй. Ард түмэнд ч ашиггүй. Зүгээр л нэг сэдэв. Тэр мөнгө орж ирнэ ч гэдэг худлаа. Өөр дэмжих хүчин олдохгүй л байгаа юм шиг байгаа юм л даа.
-Намын гишүүнчлэлээ сэргээсэн үү. Дахин улс төрд орох уу?
-Би улс төрөөс ангид байхыг хүссэн. Хэрэв намын гишүүн болсон би магадгүй нэг дарга болчихсон байхыг үгүйсгэхгүй. Харин би тэрийг хүсээгүй. Улсдаа илүү хэрэгтэй зүйл хийе гэж л бодсон.
-Одоо та Монгол Улсын жирийн нэг иргэн болсон. Иргэний хувиар санааг тань зовоож буй ямар асуудлууд байна вэ?
-Өнөөдрийн болж буй үйл явцыг ингэтлээ дордоно гэж бодоогүй. Үүнд санаа зовж байна. Монголд нэг муу хүн байна гээд Монголоо "шатааж" болохгүй. Тэр муу хүн нь Ц.Элбэгдорж, түүнийг дарж авъя гээд бүхэл бүтэн институтээ устгах болохгүй л дээ. Үүнд санаа зовоож байна. Нэг хүнээс болж нийт тогтолцоогоо үгүй хийж болохгүй. Үүнээс илүү хамгийн их санаа зовоож байгаа зүйл нь Улаанбаатарын хөрсний бохирдол, утаа. Хэрэв үүнийг шийдвэрлэхээр хамтарч ажиллая гэвэл би бүх цагаа зарцуулна гэж боддог. Утааны комисс гэж байгуулаад Н.Алтанхуягийг даргаар томилчихвол гэж боддог. Н.Алтанхуяг эхлүүлсэн ажлаа дуусгахын төлөө явдаг хүн.
Тэрбээр хэвлэлийн хурлын төгсгөлд "Би түүхийн шүүлтийн өмнө нүүр бардам зогсоно. Эрх чөлөө, ардчилал Монголын тусгаар тогтнолыг авч үлдэх арга юм шүү дээ" гэв.


Сэтгэгдэл байхгүй байна