• Эхлэл
  • Монгол юугаараа гайхамшигтай вэ?

Монгол юугаараа гайхамшигтай вэ?

2019/06/24

Монгол Улсын талаар Казахстаны tengrinews.kz сайтад нийтлэгдсэн Мирхат Ажигалиевийн тэмдэглэлийг хүргэж байна. 

-Чингис хааны нутгаас хийсэн сурвалжилга-


Өнөөгийн жуулчид барагтай зүйлийг гайхаж бишрэхээ больсон улс. Тэдний олонхи нь манай гаргийн алдартай амралтуудаар явчихсан байдаг болохоор илүү их сонирхолтой сайхан газар хайдаг болсон нь нууц биш. Ийм нэг орон-Монголын тухай өнөөдөр ярих гэж байна. 
Энд тэндэхийн наран шарлагын газар налайж хэвтээд уйдчихсан бол ёстой сонирхолтой орон Монголыг зорь. Тэнд очсоноор та гомдохгүй, ёстой гайхан бишрэх болно. 
Харин усны хувцас, серфингээ гэртээ орхиод дэлхийн хамгийн хүйтэн нийслэл Улаанбаатар луу морд. Эндэхийн жилийн дундаж температур цельсийн хасах 0.4 градус. Гэхдээ энэ улсаар аялахад цаг агаар гол биш.

Нийслэлийнх нь нэр улс төрийн нэртэй зүтгэлтэн Турар Рыскуловтой шууд хамааралтай. Чухам тэр л Монголын хувьсгалчдад шинэ цагийнхаа нийслэлийг ингэж нэрлэхийг санал болгосон гэдэг. Казахстанчуудын хувьд хэдийнээ дасал болсон энэ хувьсгалт нэрээр монголын нийслэл бараг 100 жил нэрлэгдсээр байна. 
Улаанбаатар жинхэнэ шинэ хуучин хосолсон хот. Сая хагас шахам хүнтэй энэ хотод гэр хорооллын дэргэд ёстой барилга барих их тэсрэлт болж орчин үеийн өндөр өндөр барилгууд сүндэрлэсээр байна. Монгол гэрээ өндөр барилгынхаа дээвэр дээр ч барьж, тэндээ хүндэт зочноо урьж зоог барьдаг, тэндээсээ хотын төрхийг ажиглаж болно. 
Улаанбаатар өндөр өндөр уулсын дунд байрласан болохоор Алматыг бодвол харьцангуй эрт харанхуй болно. Бүрэнхий болох дөхөөд ирэхээр улс орны хүн амын тал нь амьдардаг энэ хотод замын түгжрэл эхэлнэ дээ. Энэ нь ёстой аймшигтай болохоор жуулчид цагаа хэмнэж явган явахыг илүүд үздэг байна. 
Нийслэлийн төвд шахуу нэг өндөрлөг дээр Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан хөшөө бий. Энд Улаанбаатар хотыг ажиглах тавцан бас байгаа. Эндээс бэлэг дурсгалын зүйлс худалдан авч, арьсан дээр зураг зуруулж болно. Бас бүргэдтэй хамт зургаа татуулж болно.

Улаанбаатарын дурсгалт газруудад шарын шашны олон сүм дуган зайлшгүй орно. Энд Монголын сүүлчийн хаан Богд гэгээний ордон музей байдгийг XIX зууны эцсээр барьсан гэдэг. 
Хааны өвөл зуны ордон бүхий энэ цогцолбор мөн л хотын төвд байж хэн бүхний өмнө хаалга нь дэлгээтэй. Зуны ордонг нь модоор барьсан болохоор одоо энэ цогцолбороос ердөө долоо нь л өнөө хүртэл хадгалагдан үлдэж. 
Богд хааныг амьд сэрүүндээ ер бусын зүйл ихэд сонирхож дэлхий дахинаас цуглуулан ордноо яг л Эрмитаж шиг болгосон гэж хөтөч нь тайлбарласан. Энэ ордонд зөвхөн жуулчдаас гадна шүтэн бишрэгчид нь их очдог юм билээ. 
Монголын сүсэгтнүүдийн их очдог газар бол Гандан хийд. Нэгэн цагт энд мянга мянган лам хурж байсан бол өнөөдөр 150 лам хурдаг гэнэ. Энд 26 метр өндөр бурхны баримал бий. Энэ бурхныг бүрэн алтаар бүрж 2286 үнэт чулуугаар чимсэн гэнэ.

Бурхны эргэн тойронд дотор нь ном судар хийсэн хүрдүүд байрлуулжээ. Сүсэгтнүүд бурханд мөнгөн өглөг өгнө. Энэ мөнгөөр сүм хийдийн хэрэгцээнд зориулахаас гадна хүмүүст тусламж болгон өгдөг гэж тайлбарласан.
Шашнаас одоо соёл руу орно. Монголд дуурь бүжгээс гадна уламжлалт соёл, ардын урлаг эн зэрэгцээ хөгжсөн юм байна. Жүжигчид дуучид нь ер бусын авьяастай. Заримдаа ардын уйтгартай дуу дуулж, шашны бүжиг бүжнэ. Мэдээж уран нугарагч бүсгүй ер бусын хөшөө баримлын дүрс гарган гайхшруулна. 
Хөшөө дурсгалын тухай дурдахгүй өнгөрч боломгүй. Нийслэлийнх нь төв талбайд мэдээж Чингис хааных нь хөшөө бий. Гэхдээ энэ бол хааных нь хамгийн том хөшөө биш. Тэгээд нийслэлээс хагас зуун км-ийн зайд дэлхийн талыг эзлэгч их хааны 40 метр өндөр хөшөө байдаг нь 250 тонн жинтэй гэдэг. Чухам энэ газарт залуу Тэмүүжин алтан ташуур олсон нь хувь заяаны нь бэлгэ тэмдэг болж түүнийг эзэнт гүрэн байгуулахыг урьдчилан сануулсан гэнэ. 
Энэ ташуурын зэргэлдээ дэлхийн хамгийн том, 7500 размерийн гутал байгаа. Хөшөөн доторх цахилгаан шатаар дээш гарч их хааны морины толгойн дээр гарч яг л их хаан шиг алсыг харан морь тэмээтэй хүмүүс явж байгааг ажиглаж болно.

Монголд бас нэг гайхамшигтай зүйл нь байгалийн болон угсаатны аялал. Хотоос гараад бид нэг хот айлд зочилсон. Хөтчийн хэлснээр бол эднийх хааны Ордны зэвсгийг урладаг айл гэнэ. Хиймэл дагуулын таваг, нарны зай хураагуурыг эс анзаарвал тэр Чингисийн үеэс энэ айлын амьдрал нэг их өөрчлөгдөөгүй л байна. 
Гадаа салхитай байсан ч гэрт дулаахан, тэгээд телевиз гарч байна. Гэрийн эзэд биднийг хоноод яв гэсэн, бусад гэрүүд нь ч гэсэн зочид хүлээж авах зориулалттай юм билээ. Мөнгөө л төлбөл энд хэд ч хонож ч болох гэнэ. Буудлын үнэд үндэсний хувцас бас орсон, түүнийг нь өмсч зургаа татуулж болох гэнэ. Гэрийн эзний хүүхэд бидэнд гурил тээрэмдэж үзүүлсэн. Түүний дүү нь харин хийжүүлсэн ундаа уугаад л...

Тэндээсээ бид өөр айл руу очсон. Тэр газар ер нь Чингис хаан удаан хугацаагаар байсан газар гэж хөтөч тайлбарлаж байна билээ. Энд жуулчид их ирдэг, ялангуяа гадаадын жуулчид зөвхөн Чингис хааны эх орон гэдгээр нь ч биш үлэг гүрвэлийн үлдэгдэл хамгийн их байдаг орон гэж зорьж очдог юм билээ. 
Ер нь Монголын музейнүүдэд ёстой ер бусын зүйлсийг үзэж болно. Нийслэлээс холгүй үлэг гүрвэлүүдийн дүрс байрлуулсан үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгааг үзэж болно. 
Монголын зочид буудал зоогийн газруудын тухай дуугарахгүй өнгөрч боломгүй. Монголын уламжлалт хоол нь илчлэг ихтэй, хүнд, гэхдээ ер бусын амттай. Монголчуудын зочдодоо өгдөг халуун чулуугаар болгодог хорхгийг энд хэлэх нь зүйтэй. Цай бол сүү, тос, давс, гурил хийсэн хийцтэй цай зэргийг дасаагүй гэж жийрхэх ер хэрэггүй.
За тэгээд Улаанбаатарт бол ёстой есөн жорын хоолоор дайлах зоогийн газар хаяа хаяагаа дэрлээд байж байгаа. Ер нь Монгол хоол ийм хүнд байдаг нь нүүдэлчдэд зориулагдсан, эрс тэс уур амьсгалтай энэ оронд эрч хүч өгөхөд зориулагдсан байдаг юм байна.

Жуулчин хүн мэдээж аяллынхаа төгсгөлд ойр дотныхондоо өгөх бэлэг дурсгалын зүйл сонирхдог. Монголд энэ талаар санаа зовох хэрэггүй. Үндэсний онцлогтой арьс шир, үслэг эдлэл захаас аваад зөндөө. Монгол ноолуурыг мартаж ёстой болохгүй. Үнэ нь тийм ч бага биш ч гэлээ хүссэн өнгө, хэлбэр загвараараа бий. Мэдээж өндөр үнээр чанартай л зүйл авна. 
Гайхамшигт Монгол орон ийм ч бид энэ сайхан орны ихэнх хэсэгт нь очоогүй юм шүү дээ. Монголчууд бол манай казахстанчуудтай агаар нэгэн нүүдэлчин ард түмэн. Энэ зургадугаар сарын 2-ноос Нур-Султан-Улаанбаатарын хооронд агаарын тээврийн SCAT компани шууд нислэг үйлдэж эхэлснийг дурдах нь зүйтэй хэмээн Казахстаны tengrinews.kz сайтад Мирхат Ажигалиев бичжээ.

Эх сурвалж: АРДЧИЛАЛ ТАЙМС СОНИН


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин