• Эхлэл
  • Б.Нямзул:Илтгэлийн уралдааныг дүгнэх хугацааг сунгалаа

Б.Нямзул:Илтгэлийн уралдааныг дүгнэх хугацааг сунгалаа

2021/03/11

Монголын Залуучуудын холбооноос “Залуучуудын боловсролд тулгамдсан асуудал, шийдэл, зам зам” сэдэвт эрдэм шинжилгээний уралдаан зарласан. Энэ талаар МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөгжлийн хүрээлэнгийн дэд захирал Б.Нямзулаас тодрууллаа.     

-МЗХ холбооноос зарласан эрдэм шинжилгээний уралдааныг гуравдугаар сарын 12-нд дүгнэн гэж байсан санагдана. Хугацаа нь хойшилсон юм уу?

-Хорио цээрийн онцгой нөхцөл байдал үүссэн зэргээс үүдээд бид илтгэлийн уралдаанд оролцогчдын дунджаар тооцож шүүлтийн хугацааг гуравдугаар сарын 6-9-нд төлөвлөсөн байсан. Гэвч тооцоолж байснаас олон буюу 1200 орчим оролцогч илтгэлээ ирүүлсэн учраас шүүлтийн хугацааг сунгах шаардлагатай болсон. Ирүүлсэн материалыг нягталж, шүүж, дүн гаргах хугацаа хойшлогдсон гэсэн үг.

-Залуучууд идэвхтэй оролцжээ?

-Бидний хүлээлтийг давж, залуучууд маш идэвхтэй оролцлоо. Увс, Ховд, Хөвсгөл, Дорнод зэрэг алслагдсан аймгийн хөдөө сумд болон Сүхбаатар, Баянхонгор, Дорноговь, Дундговь зэрэг 20 аймгийн 1200 орчим оролцогчид материалаа ирүүлсэн байна. Цэцэрлэгийн багш, цэргийн ангийн албан хаагч, сурагчид, судлаачид гээд олон салбарын төлөөллүүд ганцаараа болон багаараа хамтран илтгэлээ ирүүлсэн. Залуучууд идэвхтэй, оролцоотой, өөрийн дуу хоолойгоо илэрхийлж чаддаг гэдгийг харуулсан нийт оролцогчдодоо маш баяртай байна.

-Хэзээ шалгаруулалтын хугацаа дуусах вэ? Нэмж илтгэлээ ирүүлэх боломжтой юу?

-Оролцогчид аль хэдийн илтгэлээ ирүүлээд гуравдугаар сарын 5-нд материал хүлээж авах хугацааг хаасан. Дахиж материал хүлээж авахгүй. Гуравдугаар сарын 19-нд илтгэлээ хэлэлцүүлэх 10 оролцогчоо шалгаруулна. Мөн илтгэлээ ирүүлсэн бүх оролцогчдодоо багаар оролцсон эсэхээс үл хамааран уралдаанд оролцсоныг батлах батламжийг мэйл хаягаар нь илгээнэ. Цаг зав, оюуны хөдөлмөрөө зарцуулсныг нь үнэлэх, оролцоотой байж, дуу хоолойгоо илэрхийлсэн залуучуудаа бид үнэлэх ёстой.

-Уралдааны шүүлтийн тухайд?

-Шалгаруулалтыг Шинжлэх ухааны академи болон Залуу эрдэмтдийн холбоотой хамтарч хийж байна. Илтгэлүүдийг салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн шүүгчид шүүж байгаа. Гаднын нөлөөллөөс хамгаалж оролцогчдын мэдээлэл болон нэрийг нууцалж дугаарлаад шалгаруулалтад орууллаа. Бүгдэд нь тэгш боломж олгож байгаа учир шударга болно гэдэгт итгэлтэй байж болно. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг шалгаруулалтын дараа өгөх боломжтой.

-Орон нутгаас шалгарсан тохиолдолд хэлэлцүүлэгт хэрхэн оролцох вэ?

-Ковидын нөхцөл байдлаас шалтгаалаад цахимаар оролцохоос өөр аргагүй. Цахимаар шууд холбогдохоор төлөвлөж байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин