• Эхлэл
  • МҮОНРТ төрийн албыг шашнаар "кодлох" уу, А.Бүрэнбаатар аа!

МҮОНРТ төрийн албыг шашнаар "кодлох" уу, А.Бүрэнбаатар аа!

2021/04/15

МҮОНРТ-ийн уран бүтээлчдийн хувьд олон захирлын нүүр үзээд удаж буй. Хамт олны уур амьсгал хөндий хүйтэн, уран бүтээлчдийн цалин цагтаа буухгүй дотоодын хэрүүл тэмцэл одоо ч үргэлжилсээр байгаа аж. Энэ нь тус байгууллагын удирдлагууд нь улс төрийн нөлөөллөөр сонгогддогтой холбоотой. Ер нь үе үеийн захирлууд намын гэх логог тэвэрч орж ирсэн тус байгууллага өнөөдөр өөдлөх гэхээсээ илүү уруудан доройтож яваа нь энэ юм.

Хамгийн сүүлд сонгогдсон сэтгүүлч А.Бүрэнбаатарын хувьд мөн л Өвөрхангайн фракцид харьяалагддаг, Шадар сайд С.Амарсайханы нөлөөллөөр МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар сонгогдсон гэдгийг улс төрийн хүрээнийхэн болон уран бүтээлчид санал нэгтэй хэлж буй. Хэн нэгэн бүлэглэлийн үйл ажиллагаанд алсуураар холбогдох, тэдний хүсэл сонирхлыг гүйцэтгүүлэхийн тулд өндөр албан тушаалд тамшаалан очдог болсон шинэ үеийн нэг төлөөлөл нь Үндэсний олон нийтийн телевизэд ийнхүү ажиллаж эхэлжээ. Шадар сайдын нөлөөллөөр энэ албан тушаалд очсон шинэ захирал А.Бүрэнбаатар нь түүний эхнэр нэвтрүүлэгч Ичинхорлоог дэд захирлаараа ажиллуулах сонирхолтой гэдгээ баталж захирлуудын зөвлөлд түүний нэрийг хамгийн түрүүнд багтаасан байна.

Өөрөөр хэлбэл, очсон томилогдсон өдрөөсөө эхэлж өрөө төлж эхэлж байгаагийн нэг илрэл бололтой. Тиймээс ч өөрийн санал болгосон захирлуудаа цээжээрээ хамгаалж, хамт олнынхоо уур амьсгалыг дахин эвдээд байгаа аж. Захирлуудын томилгооны асуудалтай зэрэгцээд ёс зүйн хэм хэмжээг хэтрүүлсэн асуудал ч гаргаад амжжээ. Тодруулбал, төрийн албан хаагчийн ёс зүйд хэрхэвч байж болохгүй төрийн албыг шашинлаг байдалд оруулахыг эрмэлзэж энэ нь батлагдсанаар уран бүтээлчдийг хэлэх үггүй болгожээ. Ажлаа аваад сар гаруй болж буй тэрбээр өөрийн өрөөндөө бөөгийн зан заншил хийлгэж,заслын гэх бурмыг ажилчдын хоолондоо хийхийг санал болгосон ч бүтэлгүйтсэн байна. Шинэ, залуу захирал ийм шийдвэр гаргасанд уран бүтээлчид нь ухаанаа олохгүй яваа бололтой. Захирлын дамжуулж өгсөн хэдэн атга бурмыг хоёр тогооч нь холоо шидэж хоолонд ойртуулаагүй ч хэдэн өдөр тус байгууллагын уран бүтээлчид, ажилчид нь ажилчдынхаа хоолны газраар ороогүй аж. Түүнийг бөөгийн уг авсан гэдгийг хамт олон нь ойр тойрных нь мэддэг хэдий ч арай ч ийм зүйл хийнэ гэж төсөөлөөгүй бололтой. 

МҮОНРТ бол нийт ард иргэдийн өмч билээ. Тус байгууллага төрөөс санхүүжилттэй, 780 гаруй уран бүтээлч алба хаагчтай, сүүлийн зургаан сарын хугацаанд хоёр захирлын нүүр үзсэн, дорвитой уран бүтээл хийдэггүй байнгын дотоодын хэрүүл тэмцэлтэй, улс төрийн харьяаллаас алхам ч холдож үзээгүй, заавал улс төрийнхний нэг шахааны хүн нь хаяглагдаж орж ирдэг тухайн хүн нь ёс зүйн кодгүй гэх мэтчилэн олон асуудлыг дагуулсаар байгаа юм. Уг нь энд цөөн хэдэн хүний эрх ашгийн төлөө бус нийт Монголчуудын мэдээлэл авах тэгш эрх, уран бүтээлчдийн санаа оноог уралдуулсан сайхан нэвтрүүлэг, шинжлэх ухаанч бодлого хэрэгтэй байгааг сануулмаар байна.

Ерөнхий захирал нь бурам атгаад, бусдадаа хүртээх гэсэн бодлогыг бодоод бодоод олохгүй байгаа учир нь энэ.

Б.Тулга


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин