• Эхлэл
  • Б.Бямбасайхан дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн менежер

Б.Бямбасайхан дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн менежер

2021/04/15

Б.Бямбасайхан нь сүүлийн 20 жилийн хугацаанд 30-аад хөрөнгө оруулалтын төсөл удирдсан байдаг. Хэд хэдэн улс оронд мега төслүүд удирдаж, дэлхийн томоохон корпорациудад зөвлөх үйлчилгээ үзүүлж байсны зэрэгцээ Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний хувьсгалыг эхлүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг татсан арвин туршлагатай мэргэжилтэн. УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын саналыг хүлээн авч “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлуулж, гурван жил гацсан төслийг хөдөлгөж, царцсан гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээж онцгой гавьяа байгуулсан учир анх удаа төрийн албан хаагч бус компанийн захирлын хувиар Засгийн газрын хүндэт өргөмжлөлийг хүртэж байсан.

Б.Болд нь өнөөдөр Монгол Улсаас олон улсын үндэстэн дамнасан томоохон корпорацид хамгийн өндөр албан тушаал хашиж яваа мэргэжлийн чадварлаг боловсон хүчин яах аргагүй мөн. Монгол Улсад ч томоохон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж удирдаж явсан түүнийг дэлхийн хэмжээний менежер гэдэгтэй маргах хүн үгүй биз. Бид дэлхийн хэмжээний шилдэг менежерүүд болсон эдгээр иргэдээрээ бахархах ёстой.

Харамсалтай нь Оюу толгойн төслийн Хөрөнгө оруулагч, Засгийн газрын хэлэлцээр эхэлсэн өнөө үед Засгийн газрын талд Б.Бямбасайхан, Б.Болд нар шиг мэдлэг, туршлага, чадвартай мэргэжилтэн байхгүй байна. Манай Засгийн газар байр сууриа ч нэгтгэж чадахгүй, зөвхөн Оюу толгой төслийг муулж хувийн оноогоо нэмэгдүүлэхээс биш хуруугаа 10 жилд ганц ч хөдөлгөөгүй бүхэл бүтэн бүлэг байгуулах хэмжээний хэдэн поп гишүүд нь төслийнхөө мөн чанарыг бүрэн ойлгох чадваргүйн улмаас учраа олохгүй мөргөлдөж, ичсэндээ хуурай агсам тавьцгааж байгааг бид өдөр бүр л харж байна.

Б.Бямбасайхан харин Монголын төрд зүтгэснийхээ хариуд өнөөдөр шоронд сууж байна. Түүнийг хулгай хийж, хувьдаа хөрөнгө завшсан гэж буруутгаагүй, зөвхөн “төр засгийн шийдвэрийг нэр төртэй сайн биелүүлсэн” гэх ялтай. Б.Бямбасайхан нь хувь хүний хувьд мэдлэг боловсролыг дээдлэхээс биш эд мөнгө шүтэж хөөцөлддөггүй, өнөр өтгөн гэр бүлтэйгээ даруухан амьдардаг айлын аав хүн. Түүнд Б.Болд шиг бизнесийн салбарт олон улсад гялалзаж явах боломж, чадвар, ирээдүй бүрэн байсан.

Б.Бямбасайхан улс төрийн бохир тэмцлийн хөлд үрэгдсэн. Иймээс бидэнд Монгол Улсын иргэн Б.Болдыг Монголын төрд зүтгээгүй, улс орноо бодохгүй байна гэж буруутгах эрх байхгүй. Нэг ч гэсэн иргэн, нэг ч гэсэн айлын аав хилс хэрэгт шийтгүүлэн шоронд орохгүйгээр гэр бүлээрээ элэг бүтэн ажлаа хийгээд сайхан амьдрах эрхтэй. Эрх биш ажлаа бодохын зэрэгцээ улс орноо бодож явах уужуу ухаан түүнд байгаа бизээ. Манай засаг талын үлгэрийн баатруудад бол найдаад хэрэггүй!


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин