Монголын Залуучуудын Холбоо нийслэлийн бүх дүүрэг, аймаг сумдуудад салбар холбоодтойгоос гадна гадаадад ажиллаж, амьдарч буй залуучуудаа нэгтгэсэн салбар зөвлөлүүд үйл ажиллагаа явуулдаг. Гадаадад ажиллаж буй залуучууд маань сайн дураараа эвлэлдэн нэгдэн, санал туршлагаа хуваалцах, сайн үйлсийн аян өрнүүлэх зэргээр хамтран ажилладаг. Тэгвэл энэ удаад МЗХ БНСУ дахь салбар зөвлөлтэйгээ хамтран нэгэн сонирхолтой ажил зохион байгуулахаар болжээ. “Сурснаа хуваалцацгаая” нэртэй энхүү аянаар БНСУ-д ажиллаж суралцаж байгаа болон тус улсад суралцаж төгссөн залуучууд эрдмийн ажлаа хандивлах уриалгыг гаргаж байгаа юм байна. Ингэснээр залуучууд илтгэл, судалгааны ажлаа нэгтгэн, Монгол Улсын Үндэсний номын санд хандивлан “Гадаадад төгсөгчдийн бүтээлийн сан”-г бий болгох юм байна.
Ийм учраас БНСУ-д суралцан төгссөн залуучууд эрдмээ ажлаа хандивлан Монгол Улсын шинжлэх ухаан, боловсролын хөгжлийн төлөө “СУРСНАА ХУВААЛЦАЦГААЯ” аянд нэгдэж, Монгол Улсынхаа ирээдүйд оюуны хөрөнгө оруулалт хийж, шинжлэх ухаан, боловсролын хөгжилд хувь нэмрээ оруулаарай хэмээн МЗХ, БНСУ дахь салбар зөвлөлөөс уриалж байна. Дуулсныг хураавал эрдэм гэдэг. Тэгвэл залуучууд өөрсдийн бүтээлээ нэгтгэн сан үүсгэн, бусад судлаач, оюутнуудын бүтээлээс мөн суралцах боломжийг тус аян олгох юм. Оролцохыг хүссэн хүн болгонд аян нээлттэй бөгөөд https://bit.ly/3sZVmmZ цахим холбоосоор орж асуулгыг бөглөн цахим бүртгэл хийлгэнэ.
Дахин сануулахад цахим бүртгэлийн линк: https://bit.ly/3sZVmmZ
Амжилт хүсье, залуучууд аа.
Сэтгэгдэл байхгүй байна