Монголд залуучуудын байгууллага үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан нийтлэлийн уралдаан зарлаад байгаа билээ. Энэхүү уралдаанд ирүүлсэн нийтлэлийг хүргэж байна. Дашрамд сануулахад сэтгүүлч, нийтлэлч оролцогчид бүтээлээ mediamyf111@gmail.com хаягаар ирүүлнэ үү. Харилцах утас 77771313, 99049247
Хүн төрөлхтний түүхийн үед дагалдсаар яваа супер үг бол “Одооны хүүхдүүд үү, бидний үед ийм байгаагүй...” гэх хэлц. Магадгүй цаашдаа ч хэлэгдсээр л байх биз. Эмээ, өвөөг залуухан байхад нь “Одооны хүүхдүүд үү” гэдэг байсан нь гарцаагүй. Гэхдээ үеийн үед “одооны хүүхдүүд” цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхсаар ирсэн, цаашдаа ч алхана. Тиймээс ч хүн бүх хувьсгалыг залуучууд тэргүүлж, түүчээлсээр ирсэн.
Зуун жилийн тэртээ энэ л жишгээр Богд Хаант Монгол улсын үед Хаант Орос улсад суралцсан хэсэг залуус 1921 онд нийслэл Хүрээнд хуралдаж, “Бошгыг халах залуучуудын эвлэл” хэмээх залуучуудын байгууллагыг байгуулсан нь өдгөө 100 жилийнхээ ойтой золгож буй Монголын залуучуудын холбоо.
1922-1991 он хүртэл 79 жилд нийт 20 удаа их хурлаа хуралдуулж, МАХН-ын залуу халаа, зорилтыг хэрэгжүүлэх гол хүч байсан түүхэн үнэн. Энэ л цаг үед Монголын хувьсгалт залуучуудын эвлэл хамгийн нэр хүндтэй, том хүч байв.
Монголд ардчиллын салхи салхилж, хонхны дуу хадахтай зэрэгцэн нийгэм өөрчлөгдсөн. Нийгмийн өөрчлөлтийн давалгааг тэд тойроогүй, бүр түүчээлсэн.
Дөнгөж өмнөх нийгэм задарсан 1991 онд МХЗЭ-г Монголын Залуучуудын холбоо хэмээн шинэчилж, ерөнхийлөгчөөр нь С.Баярцогтыг сонгов. Ингээд хайрын шүлгийн “Цагаан уул” наадам \1991\, “NEXT STOP” оны шилдэг залуу шалгаруулах ёслол \1992\, “Эврика” залуу багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурал \1994\ зэрэг тухайн цаг үедээ шинэлэг олон ажил шижигнүүлэх болов. “Монгол бахархал” ёслолын ажиллагаа \2007\, “Би монгол хүн” цуврал лекц \2008\, “Монголоороо гоёцгооё” өдөрлөг 2009, “Монгол бичгээ дээдэлье” улсын анхдугаар уралдаан \2011\ эдний ажлыг тоочиход олон.
Бас шагнал тараадаг, улстөрждөг, цүнх барьдаг гээд шүүмж ч бас олон. Ялангуяа сүүлийн жилүүдэд. Сахал гэзэгтэй Ерөнхийлөгч нь шашны байгууллага болгосон л гэнэ. Улстөрчдийг хар цагаан жагсаалт мэтийг хийж мөнгө шантаажилдаг болсон гэнэ. Харин төсөрхөн буюу жилийн өмнө “Ирж буй цагийн дууг харьж буй хүн дуулдаггүй” гээд 43 настай А.Мөнхбатыг огцруулж, О.Гэрэлт-Од гэдэг залууг сонгосон байна лээ. Одоо түүний өмнө олон хүлээлт буй.
Маргаашийн төлөө өнөөгийн удирдлага залууст чиглэсэн, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлсэн бодлого баримтлахгүй бол нэгэн цагт том байсан энэ байгууллага хэзээ босохгүйгээр шалдаа унаж ч магадгүй. Магадгүй ч юу байх вэ, бараг уначихсан.
Залуучууд нь сонгох эрхээ ч эдэлж чаддаггүй. Сонгуульд оролцдоггүй учраас тэдний санаа бодол хаягдаж, эсэргээрээ нийгмийн цөөнх болсон ахмадууд олонх болж байна. 10 ахмадын 9 нь сонгуульд оролцдог бол 10 залуугийн ердөө 4 нь л Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон байх жишээтэй. УИХ-д 2016 онд л хоёрхон удаа 30-аас доош насны эрэгтэй сонгогдох жишээтэй.
Тэд сонгууль оролдоггүй болохоор ахмадууд хүссэн дуугаа захиалж, улстөрчид тэднийг тойглож байна. Харин залуучууд улстөрчдөө “тойглоно”.
Үүний гайгаар нам дагасан, цүнх барьсан залуучуудыг имижийг гутаасан нь амжилттай явдаг. Харин мөнгөгүй ч итгэл үнэмшилтэй, хүсэл мөрөөдөлтэй, боловсролтой залуучууд гудамжинд гарч дуусах нь.
Тиймээс МЗХ бодлогоороо залуучуудаа яаж дэмжих вэ. Магадгүй улс төрийн нам залуучуудыг квоттой байх ёстой юу үгүй юу гэдгийн төлөө оновчтой бодлого, олон ургалчаар хэлэлцүүлэх цаг иржээ.
Өнөөгийн улстөрчид залуучуудыг яаж ашиглах вэ гэж л бодож байгаагаас биш яг тэдэнд улс төрийн боловсрол олгохын төлөө тэдний төлөө ажиллахгүй нь ойлгомжтой. Тиймээс л нийгмээ өөрчлөе, хөгжүүлье гэвэл залуучуудыг оролцоог нэмэгдүүлэхэд ууган байгууллага нь түүчээ болох учиртай.
Үеийн үед “одооны залуус” нийгмийнхээ түүчээ байсаар ирсэн. Зуун жилийн түүхтэй “Монголын залуучуудын холбоо”-ны түүхэнд бараан толбо бий ч цагаан нь түүнээс илүү жин дарна. Одоо дахиад “цагаарах” уу, бараан толбоо нэмэх үү гэдэг хүлээлтийн үе ирчихлээ
Нийтлэлийн эхэнд дурдсанчлан одоо цагийн “одооны хүүхдүүд” Gen Z буюу 1995 (зарим тодорхойлолтоор 2000) оноос хойш төрсөн шинэ үеийн залуучуудыг манлайлахын тулд О.Гэрэлт-Одод шинэ арга барил, шинэ төлөвлөгөө хэрэгтэй. Одон медаль тарааж, олны дэмжлэгийг авдаг хөг өнгөрсөн. Generation Z-ийн хүсэл тэмүүлэлд нийцүүлж, тэдний өмнө гишгэж, уриалан дуудах лидер хэрэгтэй. Тэгж гэмээнэ жинхэнэ утгаараа одооны хүүхдүүд ондоо болжээ гэж шагших болно.
Ирж яваа цагийн дууг харьж яваа улстөрчдөөр бүү дуулуул. Өөрсдийнхөө дууг дуулж чадах эсэхийг чинь харья, Залуучуудын холбооныхоон, залуучууд аа.
Сэтгэгдэл байхгүй байна