• Эхлэл
  • 600 тонн турба Эрээнд саатсанаас дулааны шугамын шинэчлэл долоо хоногоор хойшилжээ

600 тонн турба Эрээнд саатсанаас дулааны шугамын шинэчлэл долоо хоногоор хойшилжээ

2021/08/02

Аравдугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх буюу 8А магистраль шугамыг өргөтгөн, бүрэн шинэчилнэ. Шугамыг халаалтын улирлаас өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Хотын дарга холбогдох албаныхны хамт өчигдөр газар дээр нь ажиллаж, магистраль шугамын шинэчлэлийг хугацаанд нь чанартай гүйцэтгэхийг үүрэг болголоо.

8А магистраль шугамыг анх 1997 онд Дани Улсын буцалтгүй тусламжаар угсарчээ. 24 жил болж буй, ашиглалтын хугацаа дууссан шугам юм. Өнгөрсөн өвөл 3-4 удаа том аваар гарч, тухайн үед нь шуурхай арга хэмжээ авч, засварлаж байсан. Иргэд ажил удаашралтай байна гэж шүүмжилж байгаа ч энэ удаагийнх урсгал засвар бус, бүрэн шинэчилж байгааг албаныхан онцолж байлаа.

Улаанбаатар хотын дулаан хангамжийн 91 км шугам, сүлжээг зайлшгүй солих шаардлагатай. Үүнд 350 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер Ш.Мөнхжаргал “Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр 3.3 км буюу 8А магистраль шугамыг иж бүрэн сольж байна. Ажлын явц 50 гаруй хувьтай байгаа. Бид есдүгээр сарын 15-н гэхэд халуун  ус өгч, аравдугаар сарын 15-н гэхэд тохижилтын ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Хүндрэлтэй асуудал нь турба саатсан. Нийт 600 тонн гаруй турба Эрээнд байгаа. Эдгээрийг авчрахад 40 гаруй вагон зайлшгүй шаардлагатай. Төлөвлөгөөгөөр наймдугаар сарын 1-н гэхэд турба угсрах ажил эхлэх ёстой байсан.  Энэ ажил 7-10 хоногоор саатах нөхцөл үүслээ. Яам, холбогдох байгууллагаас дэмжлэг хүсэж, албан бичиг илгээсэн. Хотын захиргаа, Захирагчийн ажлын албанаас талбай чөлөөлөх ажлыг богино хугацаанд зохион байгуулсан. Шугам, сүлжээг шинэчлэх ажил долдугаар сарын 5-нд эхэлж, наадмын амралтын өдрүүдээр амралгүй ажилласан” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын хамгийн том тулгамдсан асуудлын нэг бол дэд бүтэц. Тэр дундаа дулааны шугам сүлжээ, хангамжийн асуудлыг УИХ, Засгийн газрын түвшинд оруулж, шуурхай шийдэхгүй бол Улаанбаатар цаашдаа орон сууцны хорооллоо тэлэх, гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхэд хүндрэлүүд тулгарна. Өнгөрсөн өвөл дулаан хангамжийн гол шугамууд задарч, зарим орон сууц хөлдөх хүртэл хэмжээнд хүрсэн. Иймээс Сүлжмэлийн үйлдвэрээс 10 дугаар хороолол хүртэлх шугам сүлжээг шинэчилж байна. Улаанбаатар хотын дулаан хангамжийн 91 км шугам, сүлжээг зайлшгүй солих шаардлагатай. Үүнд 350 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй. Дулааны эх үүсвэрт томоохон өөрчлөлт, шинэчлэлт хийхгүйгээр орон сууцны бодлого явахгүй. Үүнийг шийдэхийн тулд Засгийн газрын 146 дугаар тогтоол гарч, УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих түр хороо байгуулагдсан” хэмээн ярилаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин