• Эхлэл
  • Хуульчид: Ирээдүйд батлагдах Эрүүгийн хуулиар хэнийг ч яллаж болохгүй

Хуульчид: Ирээдүйд батлагдах Эрүүгийн хуулиар хэнийг ч яллаж болохгүй

2022/06/29

Хуульчид нэгдэн Улсын дээд шүүхийг Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Учир нь Улсын дээд шүүхээс Эрүүгийн хуулийг тайлбарлахдаа Үндсэн хууль, олон улсын гэрээ, Эрүүгийн хуулийг зөрчиж буруу тайлбар гаргасан гэжээ.

Эрүүгийн хуульд оруулсан 2020.01.10-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр эрүүгийн хэрэгт ял шийтгэх хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл тоолдог байсныг өөрчилж яллагдагчаар татсанаар зогсоодог болсон байна. Энэ хууль батлагдсанаасаа хүчин төгөлдөр болох тул 2020.01.10-ны өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт хамаарна. Гэтэл Улсын дээд шүүх 2020 оноос өмнө шалгагдаж байсан хэргийн тухайд яллагдагчаар тооцсоноор хэрэг шалгах хугацаа зогсоно гэж тайлбарласнаар Эрүүгийн хуулийн буцаан хэрэглэхдээ эрх зүйн байдлыг дордуулахгүй гэсэн хуулийн суурь зарчмыг зөрчсөн байна.

Ингэснээр 2020 оноос өмнө хэрэг үйлдсэн гэж шалгагдаж байгаа иргэдийн хувьд сүүлд батлагдсан хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаагүйгээр хэрэгт шалгагдаж эдийн засаг, сэтгэл санаа, амьдрал хувь заяагаараа хохирох нөхцөл үүссэн гэж хуульчид үзэж байна.

Манай улсад эрүүгийн хэрэгт шалгаж байна хэмээн хэдэн жилээр заримдаа арав гаруй жилээр иргэнээ цаг наргүй шалгаж, өдөр бүр цагдаагийн үүд сахиулж, заримдаа цагдан хорьж, хилээр хэдэн жил гарч чадахгүйн улмаас гадагш явж нарийн эмчилгээ авч чадахгүй амь насаар хохирох, ажилд орж чадахгүй болох, банкны данс, хөрөнгөө хаалгаснаар хөрөнгөө захиран зарцуулж чадахгүй амьд сүг болгох замаар залхаан цээрлүүлж эрүүдэн шүүлгэсэн гэх шүүмжлэл нийтлэг байдаг. Гэтэл Улсын дээд шүүх сүүлд батлагдсан Эрүүгийн хуулиар өмнө үйлдэгдсэн гэх эрүүгийн хэргийг шалгах үндэслэлтэй гэж үзсэнээр дахиад хэдэн ч жилээр шалгагдах үүдийг нээлээ.

Хэрэв гэм буруутай бол шүүхээр шийдүүлэх, буруугүй бол боломжит богино хугацаанд шалгаад нотолж чадахгүй бол хэрэгсэхгүй болгох хуулийн зарчмыг Улсын дээд шүүх уландаа гишгэсэн байна. Учир нь шүүхээр гэм буруутай нь тогтоогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болох Үндсэн хуулийн зарчим байсаар атал буруугүй хүнийг ч шалгах нэрээр залхаах тохиолдол элбэг байна.

Мөн тухайн гэмт хэрэгт тохирох ял шийтгэлээс ч илүүтэйгээр олон жил хэрэг холбогдуулан шалгаж залхаан цээрлүүлдэг явдалтай хуульчид цаашид тэмцэнэ гэдгээ илэрхийлэв.

Хуульчдын зүгээс “Ирээдүйд батлагдах Эрүүгийн хуулиар хэнийг ч яллаж болохгүй” гэсэн байр суурийг хүчтэй илэрхийллээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (1)

  • Зөв
    2022 оны 09 сарын 10
Сонин хачин