• Эхлэл
  • Япончуудыг хүлээн зөвшөөрүүлсэн “Амуулай”-гийн нууц

Япончуудыг хүлээн зөвшөөрүүлсэн “Амуулай”-гийн нууц

2022/11/04

Зах зээлд мөрөө гаргаж, нэрээ тогтворжуулахад уйгагүй хүчин зүтгэл, ухаан санаа, нөр хөдөлмөр, чин сэтгэлтэй баг хамт олон гээд мундахгүй олон хүчин зүйл шаардлагатай. Эдгээрийг цогцлуулж чадсан хамт олны нэг “бүтээл” нь Mild cosmetics. Монголчуудын танил болсон энэ брэндийн эзэд “Амуулай” компанийнхан амжилт бүтээлээр дүүрэн 20 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Ингээд энэхүү баярт ойг нь тохиолдуулан “Амуулай” ХХК-ийн захирал Ч.Ариунзултай ярилцсанаа толилуулж байна.

-Юуны өмнө 20 жилийн ойн баярын мэндийг танд болон танай хамт олонд хүргэе. Mild cosmetics Монголын гоо сайхны зах зах зээлд тогтворжсон, хүчтэй брэнд. Яг энэ ойн өдрүүдэд энэхүү компаниа анх хэрхэн байгуулж, гараагаа эхэлсэн талаар ярилцмаар санагдлаа. Та өөрөө дизайн урлагийн багш мэргэжилтэй байх аа? 

-Юуны өмнө 20 жилийн ойн баярын мэндийг танд болон танай хамт олонд хүргэе. Mild cosmetics Монголын гоо сайхны зах зах зээлд тогтворжсон, хүчтэй брэнд. Яг энэ ойн өдрүүдэд энэхүү компаниа анх хэрхэн байгуулж, гараагаа эхэлсэн талаар ярилцмаар санагдлаа. Та өөрөө дизайн урлагийн багш мэргэжилтэй байх аа?  

-Тийм ээ. Мэргэжлийнхээ дагуу 1997 онд Хятадын Шаньхай хотод суралцаж байхдаа Японы гоо сайхны бүтээгдэхүүн импортлох санаа сэдэл төрсөн гэж хэлж болно. Тэнд хамт суралцаж байсан Нозоми гэдэг Япон бүсгүйгээс Японы гоо сайхны бүтээгдэхүүн, ер нь гоо сайхны бүтээгдэхүүний хэрэглээний талаар маш их зүйл сурсан. Тэгээд л Японы энэ гайхамшигтай бүтээгдэхүүнүүдийг Монголчууддаа хүргэж, нэвтрүүлэх мөрөөдөлтэй болсон хэрэг. Түүнээс хойш гэр бүлээрээ Mild fashion дэлгүүрээ ажиллуулж, 2002 онд “Амуулай” компаниа байгуулсан. Ингээд 2006 оноос Японы гоо сайхны компаниудтай харилцаа тогтоон, 2008 онд албан ёсоор бүтээгдэхүүнээ Монголд худалдаалж эхэлсэн. Тухайн үедээ Монголд анх удаа Японы гоо сайхны бүтээгдэхүүнийг төрөлжүүлэн, өөрөө өөртөө үйлчлэх хэлбэрээр худалдаалж эхэлсэн нь хэрэглэгчдэд ч их сонин содон тусч байсан болов уу.

-Анх Япончуудтай хамтарч ажиллах санал тавихад хэрхэн хүлээж авсан бэ? Хүн ам олонтой улсуудтай харьцуулахад Монгол бол жижиг зах зээл. Магадгүй эргэлзэх зүйлтэй тулгарч байв уу?

-Япончууд манайхыг жижиг зах зээл гэж эргэлзэнгүй хандаж байсан тал бий. Харин одоо бол Японы түншүүд маань Монголыг жижиг зах зээл биш гэж үнэлж, хардаг болсон. Сая “Амуулай” компанийн маань 20 жилийн ойн баярт хүрэлцэн ирсэн Япон түншүүд маань ч үүнийгээ илэрхийлж байсан.

Монголдоо ч гэсэн манайх 2018 оны үзүүлэлтээр НӨАТ төлөлтөөр эхний 100 компанийн 88-д жагссан нь гоо сайхны бүтээгдэхүүний импортын компанийн хувьд сайн үзүүлэлт. Монголд зарим худалдаа эрхлэгчид НӨАТ төлдөггүй, ил тод, дүрмийн бус байдгаас зөрчил үүсдэг тал бий. Уг нь хувь хүн, иргэд, компани бүгд л ил тод, хууль журмынхаа дагуу ажилладаг бол бизнес, компанийн төлөвшил, цаашилбал, Монгол Улсын хөгжилд ч нэмэртэй шүү дээ.   

-Японтой хамтран ажиллагч байгууллагуудаас нягт нямбай, нарийн төлөвлөлттэй Япон соёл, стандарт мэдрэгддэг. Өөрөөр хэлбэл, Япон соёл компанийн төлөвшилтөд маш их нөлөөлдөг санагддаг?

-Тийм ээ. Манайх Япон маягийн менежментийг бага, багаар Монголд нутагшуулж байгаа компаниудын нэг. Бид Япончуудаас маш их зүйлийг сурсан, суралцаж байгаа, суралцагч компани.  Бид Монгол-Япон төвийн Бизнесийн удирдлагын сургалтанд 2009 оноос хойш одоог хүртэл бүх төвшний ажилтнуудаа хамруулан сургаж байна. Японы хөгжлийн хүнд үед ажиллаж байсан чадварлаг сургагч багш нартай хамтарч ажилладаг.

Япон хүмүүсийн бас нэг зан чанар нь аливаад тухайлбал, хийж буй ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг. Тиймдээ ч манай компаниий залуучууд Амуулай бол үүсгэн байгуулагч юм уу, захирлынх гэж ярьдагггүй “Энэ бол бидний, миний компани” гэдэг сэтгэлээр ханддаг. Хүн өөрийн ажилдаа сэтгэл хангалуун, урамшууллын систем тохиромжтой, хамт олон эвлэг, сэтгэл нэгтэй байвал мэдээж бүтээмж үр дүн илүү.

Жишээлбэл, манай  46 салбараас 10 гаруйг нь олон жил тууштай ажилласан чадварлаг хүмүүстээ франзчайзинг хэлбэрээр өвлүүлж, “Энэ миний компани, миний дэлгүүр” гэсэн сэтгэлгээ хандлагаар ажилладаг. Орон нутагт гэхэд Хөвсгөлийн салбарыг нутгийнх нь хүн ажиллуулах жишээтэй. Тэд бүгд яг эзний сэтгэлээр ажилдаа ханддаг. Анх бид орон нутагт франзчайзинг салбараа нээх гэж хүн хайдаг байсан бол одоо ийм хүндрэл байхгүй. Дараа, дараагийн салбар дэлгүүрээ нээх гээд хүмүүс хүлээж байна.

Мөн хэрэглэгчид ч гэсэн өөрийн дэлгүүртээ орж буй мэт сэтгэл ханамжаар дүүрэн үйлчлүүлэх ёстой. Бидний нийлүүлдэг бүтээгдэхүүн нэг бүр үнэхээр хэрэглэгчдэд маань  үр дүн мэдрэгддэг учраас  сэтгэл хангалуун байдаг. Анх оруулж ирэхээс эхлээд одоо хүртэл манай бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа, бүр дурлачихсан хүмүүс ч зөндөө бий. Цаашид ч зах зээл тэлж байна. Шинэ женериэшн нь гарч ирж байна. Анх манайх нээгдэхэд хэрэглэгч байсан ээжүүдийн 10 гаруй  настай хүүхдүүд өнөөдөр 20 гаруй настай, манай хэрэглэгч болчихсон байна шүү дээ.

Энэ бол “Амуулай”-гийн ажилтан болгон ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, хичээж ажиллаж ирсэн нэгэн сэтгэлийн хүч, үр дүн..

-Монголчууд зах зээлийн тогтолцоонд шилжээд 30 жил болж байна. Тэгэхээр 20 жилийн ойгоо тэмдэглэж байгаа “Амуулай” баялаг түүхтэй, том компанид тооцогдоно. Анх хэрхэн Амуулай гэдэг нэрийг сонгож байв?

-Нээрээ ч 20 жил болчихсон гэхээр заримдаа гайхмаар ч юм шиг. Анхны том компаниудын нэг “Номин” сая 30 жилийн ойгоо хийж байна гэхээр манайх 10-хан дүү болж таарч байгаа биз. \инээв\ Монгол хэлний тайлбар толь бичиг номноос нөхөр бид хоёр энэ нэрийг харж охиндоо өгөхөөр нэрийдсэн. Их содон нэр. 2002 онд нөхөртэйгээ ч зөвлөлдөлгүй гүйж очоод охиныхоо нэрээр “Амуулай” гээд компаниа бүртгүүлчихсэн. Маш хурдан шийдсэн гэх үү дээ. Одоо бодоход ирээдүйн бизнесийн тогтолцоогоо олж харсан байж. Гэтэл одоо нэрээр нь компаниа байгуулсан Амуулай охин маань “Cose” компаниа удирдаад явж байна. Ингээд бодохоор цаг хугацаа хурдан юм.

Амуулай нэр маань маш их ерөөл, учралтай гэж билэгшээдэг.

Амуулай-цахлай шувууны нэр. Шувуу хурд хүчний билэгдэл. Амуу хэмээх үгийн үндэс амуу буудай нь өсч үржихийн билэгдэл. Компанийн логоны бөөрөнхий дүрс дэлхийг, гол дох Монгол хатны дүрээр компанийн үнэ цэнийг бий болгож, дэлхийд танигдах монгол брэндийг бүтээнэ гэсэн билэгдэлтэй.

Бидний бахархал бол энэ 20 жилийн турш 150 гаруй эвент, маш олон сургалт зохион байгуулсан байна. Зөвхөн нэг эвентэд 100-300 хүн оролцдог гэхээр чамгүй олон хүнд хэрэглээний соёл, дадал зуршлыг танилцуулж чадсан байна гэсэн тоог манай судалгааны албаныхан гаргасан байна.

Хамгийн гол нь бид зөвхөн бүтээгдэхүүн ярьдаггүй. Бүтээгдэхүүнээрээ дамжуулаад эрүүл ахуй, гоо сайхны зөв хэрэглээ дадал зуршлыг түгээхийг зорьдог. Арьс арчилгаа гэхэд өглөө сэрээд яах вэ, орой яах вэ гэдгээс эхлээд, арьс хуурайшлаа гэхэд ямар бүтээгдэхүүнийг яаж хэрэглэх вэ гэх мэтчилэн цогц хэлбэрээр хэрэглээний зөв дадал зуршлыг танилцуулдаг. Одоо жишээлбэл бид амны хөндийн гоо сайхны чиглэлд илүү анхаарал хандуулж байна. Шүд арчилгаа яг арьс арчилгаатай адил эмзэг. Шүдний эрүүл мэндээс хүний эрүүл мэнд маш шалтгаална гэх мэтээр арьс, үс, шүд гээд бүх төрлөөр нарийвчилсан сургалт, судалгааг явуулдаг, таниулдаг. Энэ бүхэн дээр бид байнга япон багш нараараа заалгаж, нарийн стандарт, судалгааны дагуу ажилладаг.  

-Монголчуудад гэнэт гайхамшгийг бүтээчих гэдэг нэг зан бий. Харин Япончууд бол элдэв чамирхал, гоёмсоглолгүй, энгийн мөртлөө эрүүл, зарим талаараа хэтэрхий даруухан ч гэмээр сонголтуудтай байдаг. Жишээлбэл, Та үүнийг л аваарай гэсэн шууд сурталчилгаа тэр бүр харагддаггүй, үйл ажиллагаа, үйлдлээрээ ойлголт төрүүлдэг юм шиг санагддаг?

-Тийм. Японы гоо сайхны үйлдвэрлэл маш нарийн стандарттай. Жишээлбэл, үрчлээг чинь арилгана, цайруулна гэсэн үг хэрэглэж болдоггүй. Before, after гэсэн сурталчилгааг хориглодог. Жишээлбэл, манай Grace брэнд маш олон жил судалгаа, туршилт хийсний үр дүнд нүүрний арьсны нарийн үрчлээсийг арилгах сертификаттай болсон. Арьсны үрчлээс биш шүү, зөвхөн нарийн үрчлээс гэж тодотгож байгаа биз. Нарийн үрчлээсийг үнэхээр арилгаж байгаа эсэхийг маш нарийвчлан судлаж тогтоож байна гэсэн үг. Ийм нарийн ойлголтуудыг уг нь  Монгол Улсын стандартад ч суулгаж өгөх ёстой юм л даа.  

-Таны арьсыг долоо хоногт цайруулна гэсэн сурталчилгаа байдаг. Тэд үнэхээр ингэж цайруулж чаддаг уу?

-Дээр өгүүлсэн, Японд бол ийм сурталчилгааг хориглодог. Маш богино хугацаанд арьсыг цайруулж болно. Тэр хэрээр маш хүчтэй найрлагатай химийн бодисоор хүний арьсыг түлж, гуйжуулж, үхүүлж байна гэсэн үг. Хүний арьс тодорхой хугацаанд гуужиж, шинэчлэгдэж байдаг. Түүнийг механик аргаар хүчтэй гуужуулах нь сайн зүйл биш, тэр хэрээр арьс эмзэгшинэ. Бид байгалийн хүчийг дийлэхгүй шүү дээ. Хүчтэй лазер хийлгэж байгаа бүсгүйчүүддээ ч гэсэн дараа нь арьс эмзэгшихээс сэргийлээрэй гэж хэлмээр санагддаг. Хүчтэй лазер арьсыг эмзэгшүүлдэг. Би өөрөө уулын спорт сонирхдог, ууланд авирах хоббитой болохоор арьсанд нөлөөлөл хүчтэй бүтээгдэхүүнээс аль болох татгалздаг.

-Танай бүтээгдэхүүнээс харшил авах тохиолдол гардаг уу?  

-Маш цөөн, мянгад нэг, арьс нь маш их эмзэгшсэн буюу, хэт эмзэг тохиолдол гардаг. Ийм эмзэгшсэн арьстай хүмүүст тусгайлан анхаарах шаардлагатай. Шинэ мэдээлэл хүргэхэд удахгүй бид сонирхолтой салбар хийхээр мэргэжилтнүүдээ бэлтгээд, судалгааны ажлаа хийж байгаа. Энэ бол эмзэгшсэн арьстай хүмүүст тусгайлан тест, сорилго хийж, тусгай мэргэжлийн зөвлөхүүд ганцаарчлан ажиллаж, бүтээгдэхүүнээ санал болгож, хяналт тавьж байх тусгай салбар байх юм.

-Маш сонирхолтой салбар байх нь. Өөр ямар сонирхолтой шинэ ажил төлөвлөж байгаа вэ?

-Монгол залуус маань гоо сайхандаа их анхаардаг болсон. Монголд эрэгтэй гоо сайхны брэндүүд гарч ирж байна. Японд бол эрчүүд арьс, гоо сайхандаа их анхаардаг. Тийм болохоор Монголд үйлдвэрлэж байгаа болон бусад улс, орнуудын эрэгтэй косметикүүдийг нэгтгэсэн Man store нээхээр бэлтгэж байна. Эрэгтэй зөвлөхүүд бэлтгэж байна.

Сая Японы түншүүдээ Монголд ирэхэд нь албан ёсоор танилцуулсан ажил маань Гоо сайхны мэргэжлийн зөвлөх бэлтгэх сургалтын төв байгуулах юм. Гоо сайхны бүтээгдэхүүний хувьд худалдагч гэдэг үг хангалтгүй. Мэргэжлийн зөвлөх ажиллах шаардлагатай. Долоо хоног сургалт, дадлага хийлгээд гоо сайхны бүтээгдэхүүн худалд гэж болохгүй. Тиймээс худалдааны зөвлөх бэлтгэх сургалтын төв зайлшгүй шаардлагатай. Магадгүй манай төвд бэлтгэгдсэн гоо сайхны зөвлөхүүд ижил бүтээгдэхүүн худалдаалдаг бусад компаниудад маань ч ажиллах боломжтой болж болох юм. Тиймээс олон жилийн туршлагатай зөвлөхүүдээр консалтинг хийлгэж, бэлтгэл ажлаа хангаж байгаа. Гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлд хэрэгтэй зөвлөх мэргэжилтнүүдий бэлтгэх юм.

Дараагийн алсыг харж байгаа зүйл маань онлайн үйлчилгээ. Хүссэн бүтээгдэхүүнээ гэртээ, ажлын өрөөний ширээн дээрээ хүлээж авах боломжтой байх үйлчилгээний нөхцөл, бололцоог бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Гоо сайхны бүтээгдэхүүн өөрөө эмзэг учраас ложистик, түгээлтийн систем, стандартын агуулах чухал.

Дараагийн төлөвлөж байгаа ажил маань онлайн үйлчилгээ. Өөрөөр хэлбэл, хүссэн бүтээгдэхүүнээ гэртээ, ажлын өрөөний ширээн дээрээ хүлээж авах боломжтой байх үйлчилгээний нөхцөл, бололцоог бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Гоо сайхны бүтээгдэхүүн өөрөө эмзэг учраас ложистик, түгээлтийн систем, стандартын агуулах чухал.

-Гоо сайхны бүтээгдэхүүний хувьд тээвэрлэлт, хадгалалт чухал. Монгол Хүйтний улиралтай, ложистик сул манайх шиг улсад гоо сайхны бүтээгдэхүүн хөлдөж, халах гэх мэтчилэн тээвэрлэлт, хадгалалтын горим алдагдсан байх вий гэж би хувьдаа болгоомжилдог. Харин танайх 2 000 мк агуулахтай гэхээр итгэлтэй санагддаг?

-Тийм ээ. Гоо сайхны импортын хувьд агуулах, ложистик чухал.  Таны хэлснээр эрс тэс хүйтэн улиралтай Монголын хувьд. Тиймээс бид нарийн стандарт баримтлан ажилладаг. Жишээлбэл бид аравдугаар сараас дараа жилийн гуравдугаар сар хүртэл бараа татан авалт хийдэггүй. Яагаад гэвэл хөлдөх эрсдэлтэй. Мэдээж энэ таван сарын хугацааны бараагаа нөөцлөнө гэдэг бас хүнд асуудал. Гэхдээ бид үүнийг нарийн төлөвлөж анхаарах ёстой учраас анх импорт эхлэхээсээ л анхаарч, бага багаар ахиулсаар 2000 мк агуулахтай болсон.

Энэ мэтчилэнгээр “Амуулай”-гийн түүх, тэдний амжилт, алсын харааг танилцуулахад олныг өгүүлэх шаардлагатай болно.  Жишээлбэл, “Амуулай”-гийнхан хоббигоо олж хайж буй хүүхдүүд, хүүхдүүдтэйгээ цуг хоббигоо хөгжүүлэх ээж аавууд, цаашилбал аз жаргалдаа цаг хугацааг зориулах хүн болгонд зориулсан “Oeo компаниа байгуулсан. Гар урлалын бүхий л эд анги, хэрэгцээт зүйлсийг худалдаалдаг энэ компани тэдний өхөөрдөн нэрлэж буйгаар хамгийн нялх baby бизнесс. “Хэзээ ч ашиг олдог болох юм бэ, бүү мэд” гэж өхөөрдөх ч энэ брэнддээ хамгийн хайртай гэсэн.  Мөн л олны танил болсон “Cose” брэнд тэднийх. Цаашид ч өөр олон ажил хийхээр төлөвлөөд байгаа.

Ийнхүү Монгол брэндийг дэлхийд гаргах мөрөөдөлтэй “Амуулай” ХХК-ийн түүх үргэлжилж байна. Энэ түүх бүхний тухай дараа үргэлжлүүлэн өгүүлэх буй за.

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин