• Эхлэл
  • Д.Баярхүү: Аялал жуулчлал гадаад бодлогын салшгүй нэг хэсэг болсон цагт хөгжинө

Д.Баярхүү: Аялал жуулчлал гадаад бодлогын салшгүй нэг хэсэг болсон цагт хөгжинө

2023/08/08

“Монголын үнэн” сонины 2023.08.04-ний дугаарт олон улсын харилцааны судлаач эрдэмтэн Д.Баярхүүтэй гадаад харилцааны тулгамдсан сэдвээр сэтгүүлч С.Юмсүрэн ярилцсаныг анхны бүрэн эхээр нь дор толилуулж байна.

-Монгол Улсын Засгийн газраас энэ оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Үүний хүрээнд нэг сая жуулчин хүлээж авах зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Засгийн газар энэ зорилтдоо хүрэхийн тулд хэрхэн ажиллаж байна гэж та дүгнэх вэ?

-“Нэг сая жуулчин” гэж их том тоо мэт сонсогдож магад. Монгол хүний чихнээ шууд буухгүй. Уншигчид санаж байдаг байх. Хэдэн жилийн өмнө хэлсэн дээ. “400 сая жуулчин” гэж айхтар тоо Ерөнхий сайдын амнаас унасан. Тэр тоо нэг хэсэгтээ манайхны амны чилээ гаргах чалчаа ярианы аятайхан далим болсон.  Яг үнэндээ 400 сая хүн аваад ирнэ гэсэн утгаар биш Монгол эх орон маань олон сая жуулчин татах сайхан орон болж, тийм нөхцөлийг буй болгохын төлөө аялал жуулчлалаа улсаараа хөгжүүлье гэсэн л уриа болохоос математикийн хэдэн тооны тухай яриа биш байсан л даа. “Тэрбум мод” уриа байна. Яг тэрбум ширхэг мод коммунист субботникоор тарина гэсэн агуулгаар хэлэгдээгүй юм. Энэ чинь НҮБ-ын нэр хүндтэй индрээс дэлхий дахинд хандуулж хэлсэн улс төрийн том уриа дуудлага юм. Эх дэлхийгээ, ганцхан цэнхэр бөмбөрцгөө хайрлан хамгаалъя, хүлэмжийн хийгээ багасгая, эх дэлхийн экологио сэргээн босгоё гэсэн глобал уриалга юм. Хятадын Гадаад хэргийн сайд айлчлаад манай “Тэрбум мод”-ыг угтуулаад “70 тэрбум мод” дэвшүүлсэн чинь энэ уриа даян дэлхийд хүрсний гэрч байсан. Энэчлэн тамхины “50 саяын торгууль”-ийг нийгмийн зөв амьдралын түлхүүр гэж ойлгогдохоор хэлж байсан даа. Энэ утгаар би нэг сая жуулчин гэдэг бол Засгийн газрын маш зөв бодлого, хэрэгжих бүрэн үндэстэй, хэрэгжүүлэх ч ёстой гэж үздэг. Монгол орны хөгжил цэцэглэл, хүн ардын сайн сайхан амьдралд том жийрэг болох салбарыг Төр–засаг маань нэрлэж байнаа гэсэн үг. Монголын маань хөгжлийн нэгэн чухал гарц юм даа.

-Энэ Засгийн газараялал жуулчлалыг гадаад бодлогын нэг хэсэг болгон авч үзэж байгаа нь салбарт шинэ сэргэлт бий болгоход чухал түлхэц, том хөшүүрэг болж байгаа болов уу?

-Мэдээж, чухал түлхэц, том хөшүүрэг болно. Би ТВ-д өгсөн ярилцлагадаа яг тэгж хэлсэн. Аялал жуулчлалыг гадаад бодлогын нэг чухал хэсэг гэж энэ Засгийн газар авч үзэж байнаа гэж. Ингэж өндөрт авч үзэх аваас хөгжих улс төрийн хөрс суурь нь төлөвшөөд, Засгийн газар, хувийн хэвшил, соёл урлаг, дэд бүтэц нь нэгэн чигт төвлөрөх болов уу гэж би үздэг. Механизм нь ч байж байна. “Монголд зочлох жил” бол хэрэгжүүлэх гол механизм нь гэж үзэх хэрэгтэй.

-Ерөнхий сайд гадаад айлчлалынхаа үеэр “Welcome to Mоngolia” арга хэмжээг зохион байгуулах болсон. Энэ нь тухайн улс орны жуулчдыг Монгол руу татахад оновчтой шийдэл болж чадаж байгаа эсэхийг та хэрхэн харж байна вэ?

-Мэдээж, оновчтой шийдэл болно. Ганцхан жуулчин гэж явцуу ойлгож болохгүй. Жуулчид мэдээж голлох тоог бүрдүүлэх байх. Цаана нь аялал жуулчлалаа төрөлжүүлж авч үзвэл жуулчин, хувийн аялагч, монголч эрдэмтэн, гэр бүлийн зочин, гольфчин, тоглоомчин, хуримлагч хосууд, бүр дүвсэгсэд ч нэрлэгдэж болно шүү дээ. Туулж барахгүй энэ их том газар нутаг, тэгээд ихэнхи нь зэлүүд, тал дүүрэн бэлчсэн мал сүрэг, нүүдлийн өвөрмөц аж төрөл, соёл, бүхэлдээ хөдөөгийн амьдрал гээд нүд хужирлах давуу талууд байна. Дотор нь төрөлжүүлж дэд бүтцээ хөгжүүлчихвэл зөндөө боломж хувилбар бий.

Гол нь эрэлхийлэх хэрэгтэй. Хот суурин руу ороод ирэхэд л түүх-соёлын олон өвүүд, дэлхийд Монголын нэрийн хуудас болдог Эзэн Чингисийн өлгий нутгийн түүхт газрууд, шарын шашин, орчин цагийн XXI зууны монголчууд, хүүхэд залуус, үндэсний урлаг соёл, бүр рок-поп урлаг гээд явж өгнө. Төрөлжүүлээд, цэгцлээд, зөв зохион байгуулаад өгвөл зөвхөн Улаанбаатартаа жуулчдын “мөнгө саагаад” байх бүрэн боломжтой. Энэ бүхнийг чинь л Төр-засаг брэнд болгоод бизнесийн эргэлтэд оруул гэж дэлхий даяар уриалаад байгаа юм биш үү? “Welcome to Mоngolia”-г хэзээ ч үл орхих, маш том уриа дуудлага, эдийн засгийн маш зөв стратеги гэж үзэж байна. Мэдээж дээр хэлснүүд дээрээ гадаадын хөрөнгө оруулалт ба хөрөнгө оруулагчдыг нэрлэх хэрэгтэй.

 

 

-Өмнөх Засгийн газрууд аялал жуулчлалын салбарыг гадаад бодлогодоо тусгах асуудал учир дутагдалтай байсан шиг харагдаад байгаа юм. Цаашид өнөөгийн Засгийн газраас явуулж буй аялал жуулчлалын сэргэлтийн бодлогыг залгамжлан авч явах нь чухал болов уу?

-Гадаад бодлого, гадаад харилцаан дээрээ өмнөх үе үеийн бүх Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ эрвийх дэрвийхээрээ ажилласан, гадаад бодлогын залгамж чанараа хэзээ ч алдаж байгаагүй гэж би тэмдэглэдэг. Харин аялал жуулчлал дээр өнөөгийн эрх баригчид шигээ гадаад бодлогын салшгүй нэг хэсэг хэмээн өндөрт авч үзээгүй тал байж магад. Гэхдээ өнөөгийн эрх баригчид гэв гэнэт сэдээд гаргаад ирсэн, сэргэлтийн бодлого болгочихсон гэж туйлшруулах хэрэггүй. Цаг үе нь тэгж таарсан, түүнийг овжин шүүрч авсан, мэдэрсэн гэх үү дээ. Ковидын цар тахлын хоёр жил хүн төрөлхтөнийг үнэндээ залхаасан, гадаад харилцаа, хамтын ажиллагааг бусниасан. Тэр залхалт нь хүн ардын өнөөгийн энэ оволзсон хөдөлгөөнийг нөхцөлдүүлсэн. Гэртээ түгжүүлж хоёр жил суусныхаа хариуг ёстой нэг авах шиг болж язганатлаа аялаж байна. Манайд ирсэн энэ их япон, солонгосчууд, хятадууд хэлээд өгч байгаа юм биш үү? Нөгөө талаасаа манай хойд хөрш маань хөрш нэг улстайгаа бүрэн хэмжээний дайн хийж байна. Энэ дайн хүн ардад, бүс нутагт, дэлхийн хүнсэнд, олон улсын ложистикт муугаар нөлөөлж байна. Дайнаас залхсан, дайны золиос болохгүй гэсэн маш олон орос иргэд Монголд орж ирснийг нууцлах хэрэггүй дээ. Хоёр жил Монголоор дүүрэн ОХУ-ын иргэд холхиж байна. Манай руу хандсан бодлого нь ч уян хатан, бизнес агуулгатай болж байна. Гурван улсын эдийн засгийн коридор байгуулахыг бид гэхээсээ тэд илүү сонирхож байна. Энэ чинь манай улсад олдож буй бас нэг алтан боломжбайж болноо доо. Тэр нь аялал жуулчлалд нөлөөлнөө дөө. Нөгөө нэг онцлог бол дэлхий дахинд Монгол Улс үнэхээр маш идэвхтэй гадаад, дипломат бодлого явуулж байна. Монголд айлчлан ирсэн гадаадын өндөр дээр түвшний төлөөлөгчид, Улаанбаатарт зохиогдсон олон улсын чухал чухал чуулга уулзалт, жишээ нь бүр цоо шинээр институц болж төлөвшин буй “Эмэгтэй гадаад хэргийн сайд нарын форум” гээд нэрлэвэл бид аль болох л “Welcome to Mоngolia” гээд үүд хаалгаа нээгээд баймаар байна.

-Ерөнхий сайд удахгүй АНУ-д айлчлахаар болсон. Энэ үеэрээ ямар мэссэж өгвөл тус улсын жуулчдыг татах, эх орондоо аялуулах сэдэл өгөх бол. Та олон улсын харилцааны судлаач хүний хувьд энэ тухайд ямар санал, зөвлөгөө хэлэх вэ?

-Гадаад аливаа айлчлалууд дандаа эрэлхийлэл байж ирсэн гэж би нэг удаа тэмдэглэсэн. Монгол Улсын олон улсын нэр хүнд хангалттай сайн байна. Монголыг зорьж ирэх гадаадын өндөр дээд төлөөлөгчдийн айлчлал тогтмолжиж байна. Айлчлалууд хоёр урсгалтай болсон. Манай улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, идэвхтэй, онолын хувьд прагматик гадаад бодлого явуулж чадаж байна. Гадаад бодлого хоёр хөрш ба гуравдагч хөршүүдийн хооронд тэнцвэрийг зөв барьж чадаж байна. Түүний нэг илэрхийлэл нь энэ айлчлал болно. Дэлхийн тэргүүлэх глобал гүрэнд уригдаад айлчлаад очиж байгаа чинь өөрөө улс төрийн өндөр ач холбогдолтой үйл явдал юм. Монгол Улсын олон улсын нэр хүнд хэр байгаагийн шалгуур үзүүлэлт болно. Тэр дундаа дэлхийн тэргүүлэх Өрнөдийн гүрнүүд, тэдний Өрнөд ертөнцөд Монгол гэдэг энэ жижиг улс хэр хүндлэгдэж байгаагийн ил тод илэрхийлэл, бүр олон улсын хэмжээний үйл явдал гэж үзэж хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Гадаад айлчлал болгон энэ улсын хөгжил дэвшил, шилжилтийн амаргүй цаг үеийн бэрхшээлийг гэтэлгэх шинэ түншийн, шинэ хамтрагчийн, шинэ хөрөнгө оруулалтын, худалдааны шинэ эргэлтийн төлөөх эрэлхийлэл байдаг гэдгээ дахин давтан тэмдэглэе. 

-Таны харж байгаагаар Ази гэлтгүй бүх улс орны жуулчдыг олноор татахын тулд гадагшаа эх орноо сурталчлан таниулах ажлыг ямар байдлаар хийвэл илүү үр дүнтэй байх бол?

-Эх орны сурталчилгаа гэдэг маш том стратегийн асуудлыг хөндөж байна. ГХЯ бүтэцдээ гадаад сурталчилгааны департаменттай болсон нь боловсон хүчнээ байршуулж цаг аргацаах гэсэн санамсаргүй алхам байгаагүй юм. Үүнийг Элчин сайд байсан хүний хувьд зориуд хэлж байна. Бид ГХЯ нд ч, хилийн чанадад ч ажиллаж байхдаа эх орноо дэлхий дахинд, суугаа орондоо сурталчлах ажлыг тасралтгүй хийдэг. Дипломат албаны нэг том үүрэг нь. Сурталчлан таниулна гэдэг нь ГХЯ ба Соёлын яам, Засгийн газрын үндсэн үүрэг төдий биш л дээ. Хариуцах эзэд нь нийт монголчууд өөрсдөө, ерөөсөө Монгол Улс өөрөө юм. Монголын нийгэм-эдийн засгийн бүх салбар гадаад сурталчилгааны бодит индэр нь юм. Нийслэл хот нь автозамын түгжрэлтэй, өвөлдөө утаатай, бороо орохоор үерт автчихдаг, хүмүүс нь ядуу дорой, өлөв долов, түшмэд нь авилгач царайлж байвал гадаад сурталчилгаа шууд нойл зааж байгаа нь тэр болно. Тэгэхлээр улс нийтээрээ босч хөдөлмөрлөх, эх орноо сайн сайхан харагдуулах бүх үйлсэд сэтгэл, гар нийлж оролцох хэрэгтэй. Хилийн чанадад суугаа, яваа монголчуудад бас том ачаа ногдоно. Дипломат алба яаж ч хүчирдэггүй монголчуудын гэмт хэрэг, хэл ам таталсан үйлдлүүдийг таслан зогсоож байж гадаад сурталчилгаа үр дүнд хүрнэ. Гэх мэт яривал зөндөө учир зовлон байна даа. 

-Салбар яам хувийн хэвшлийнхэнтэй хэрхэн уялдаа холбоотой ажилласнаар илүү үр дүнд хүрнэ гэж харж байна вэ. Олон улсын туршлага нь ямар байдаг юм бэ?

-Олон улсын туршлага гэж нэг их томоор ярьмааргүй байна. Улс болгон л өөр өөрийн давуу талтай. Давуу талаа бид бодитой олж хараад XXI зууны даяаршилтай шууд холбоод авах хэрэгтэй юм л даа, нэг үгээр. Энэ их өргөн уудам нутаг дэвсгэртээ аялал жуулчлал хөгжүүлэх хамгийн наад захын боломжит хувилбар бол энэ улсыг тэр чигт нь гэдэггүй юм аа гэхэд нийслэл хавиа тэр чигт нь гольфын талбай болгочихмоор байна. Баабар бичсэн байсан даа. Ердөө хагас бүтэн сайнд гольф тоглоод буцаад явчих япон, солонгосчуудын мөнгийг хуримтлуулах асар их давуу тал байнаа гэж. Хятадын өмнөд нутагт тэр хоёр улсын гольфчид хахаж байна гэж. Гэтэл нөгөөх нь халуун орны бүгчим уур амьсгалтай. Манайд бол хаврын адаг сараас намрын адаг сар хүртэл жуулчдыг татах цаг агаар байна. Дэлхий өөрөө дулаарч байна. Иймд аялал жуулчлалын сезоны цаг хугацааг уртасгах хэрэгтэй. Дөрөвдүгээр сараас 10 дугаар сарыг дуустал аялалын жуулчлалын улирал болгох, түүнд юуны өмнө нийслэл, цаашлаад нийслэлд ойр, залгаа аймгууд ажил үйлсээ зохицуулах хэрэгтэй. Өвөл зөвхөн цас үзэх гэж, даарч үзэх гэж, тэр идэр есийн хүйтнийг нь мэдрэх гэж наашаа цувах жуулчид бас байж болноо доо. Хайгаад байвал гарц боломж маш их байна. Явж явж Монгол маань өөрөө аялалын жуулчлалын олон улсын туршлага түгээгч болж ч болно. Өөдрөгөөр харах хэрэгтэй. Санаж сэрэх хэрэгтэй, овсгоо самбаа нэн чухал байна.

-Цаашид манай улсын аялал жуулчлалын салбарын өнгө, ирээдүй, жуулчдын урсгал ямар түвшинд хүрэх бол. Та төсөөллөө хуваалцаач?

-Хэрэв дээр миний яриад байгаа боломж гарцуудыг буй болгоод зөв, төлөв түвшин хэрэгжүүлж чадах юм бол аялагчдын тоо огцом өснө дөө. Би их өөдрөгөөр харж байна. Агаарын тээврийн үнэ хөлсийг зохицуулж, ухаалаг смарт болгох хэрэгтэй. Тасралтгүй наашаа цувж байхаар. Аялал жуулчлалын урсгалыг уртасгах хэрэгтэй. Өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх хэрэгтэй. Гольф, мөрийтэй тоглоом, казиногоор жуулчдыг татах хэрэгтэй гээд дээр ярьчихлаа даа.

-Олон улсад аялал жуулчлалын салбарын бодлого, чиглэл ямар түвшинд явж байна вэ. Санаа сэдэл авч улсынхаа аялал жуулчлалын салбарт нэвтрүүлэх боломжтой сайн туршлага юу байгаа бол?

-Энэ эрчээ алдахгүй, барьцаа улам ахиулж л шинэ шатанд гаргана даа. Дээр энэ асуултын хариуг өгчихсөн. Эргээд уншина уу. 

-Монгол Улс олон улс дахь харилцаандаа ахиц дэвшил гаргахын тулд юунд анхаарах ёстой вэ?

-Гадаад харилцаа ахиц дэвшилтэй яваа. Монголын нийгэм-эдийн засгийн бүх салбаруудыг нэг том зургаар авч үзэхэд гадаад бодлого, гадаад харилцаа тасралтгүй прогрессоор өссөөр ирсэн байдаг юм. Өссөөр ч байна. Огт сааталгүй ямагт урагш давшиж яваа цорын ганц салбар нь. Хүн амын тоо цөөн, эдийн засаг хязгаартай, далайд гарцгүй, геополитикийн өвөрмөц байршилтай, тэр нь давуу тал болдоггүй ийм нэг улс гэхэд өнөөдөр олон улсын тавцанд тодорч харагдахаар гадаад бодлого явуулж байна. НҮБ-д нэр хүнд ямагт өндөр явж ирсэн. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны нэг том тоглогч болж чадсан гэх мэт зөв зүйтэй алхмууд олныг нэрлэж болно. Монголын хувьд нэг онцлог нь ийм жижиг улс ийм их идэвхи гаргаж, тэгээд олон улсын харилцаанд нэр хүндтэй оролцож ирсэнд гадаадын улс төрчид, дипломатчид, цэргийн зүтгэлтнүүд, эрдэмтэд гайхан тэмдэглэдэг. Яаж чадав гэж. Учир нь энхийг эрхэмлэж чадаж байна. Олон тулгуурт гадаад бодлогоо тууштай явуулж байна. Ямагт эрэлхийлж байна. Гадаад бодлого дээрээ дотооддоо эв нэгдэлтэй байна. Дэлхийн бүх улс оронтой найрамдлыг эрхэмлэж байна. Дэлхийн бүх улс оронтой дипломат харилцаа тогтоож, Монгол Улсаа хүлээн зөвшөөрүүлж чадаж байна, энэ бүхэн чинь манай гадаад бодлогод өгөх гол үнэлгээ болно.

-Ярилцсан Танд баярлалаа, Таны цаашдын ажилд амжилт хүсье!


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин