• Эхлэл
  • Үе залгамжилсан төмөр замчин, вагоны “эзэгтэй” Г.Сарантуяа

Үе залгамжилсан төмөр замчин, вагоны “эзэгтэй” Г.Сарантуяа

2023/08/08

 

 

Төмөр зам гэдэг том айлын баяр төсөрхөн болсон. Нийт 16 мянга гаруй ажилтантай, энэ том айлын амьдрал нарийн сахилга зохион байгуулалттай өөрийн гэсэн хатуу дүрэмтэйгээрээ онцлогтой. “Төмөр замын вант улс”-ын вагоны үйлчлэгч буюу проводник хэмээх онцгой сонирхолтой мэргэжилтэй, гайхамшигтай дайчин бүсгүйчүүдийн дүр зураг галт тэрэг хурдлахын өмнө гартаа дарцаг барин зогсч байдаг гоо бүсгүйчүүдээр төсөөлөгддөг.  Тэдний нэг Гаажидын Сарантуяа Зорчигчийн вагон депогийнхон хэмээх халуун бүлдээ 36 жил ажиллаж байгаа гайхалтай дайчин эмэгтэй. Түүний аав төмөр замын намын хорооны дарга, ээж нь нам төрийн удирдагч Ю.Цэдэнбал агсны вагоны үйлчлэгч байсан. Өдгөө хүү нь ээж, эмээ, өвөөгийнхөө үйлсийг залгамжлан төмөр замдаа ажиллаж буй. Ийн гурван үеийн залгамжлал болон төмөр замдаа ажиллаж буй Г.Сарантуяатай баярын үеэр ярилцсанаа хүргэж байна.

-Жил болгон Хонхор хэмээх энэ газар Төмөр замчдын баяр болдог. Үнэхээр ч өргөн дэлгэр, сайхан баяр болдог юм байна. Та бүхэнд баярын мэнд хүргэхийн ялдамд энэ жилийн баярын онцлог нь, цаашилбал төмөр замчдын баярын онцлогийг та товч тодорхойлж хэлнэ үү гэж хүсмээр байна?   

-Тийм ээ. Үнэхээр сайхан баяр болж байна. Тэр тусмаа жил болгон болдог төмөр замчдын баяр маань Ковид цар тахлын улмаас гурван жил тасалдаж байгаад энэ жил болж байгаа учраас төмөр замчид бидний хувьд үнэхээр онцлог. Ер нь хүн болгон сэтгэл тэнэгэр сайхан байна. Бидний баяр хүмүүсийн эв нэгдлийг илэрхийлж, цаашид эрч хүчтэй ажиллах урам зориг өгдөг маш сайхан үйл явдал гэдгийг илүү мэдэрч байна. Өмнө нь бол жил болгон болдог учраас тийм их анзаардаггүй байж. Энэ жилийн хувьд Монгол хүн болгон зохион байгуулалттай, урам зоригтой сайхан наадаж байна. Даан ялангуяа төмөр замчид маань сахилга баттай, цаг нарийн баримталдаг, зохион байгуулалттай ажилладаг учраас баярын үеэр ч хариуцлагатай, цаг нарийн баримталдаг зан чанар нь тод харагдаж байна.

-Төмөр замчдын хувьд нээрээ цагийг маш хатуу баримталдаг онцлогтой байх шүү?

-Манай төмөр зам хөдөлгөөний аюулгүй байдал, цагт захирагддаг нарийн онцлогтой. Галт тэрэг 18 цаг 11 минутанд хөдөлнө гэсэн бол яг л 18.11 минутдаа л хөдөлдөг, дараагийн өртөө, зөрлөгт мөн л яг л цагтаа очдог. Нэг ч минутын зөрөөгүй, яг цагаа баримтлах ёстой. Тийм болохоор манай төмөр замчдын № 1 асуудал сахилга бат байдаг. Цагт захирагдаж, сахилга бат хариуцлагыг баримтлан ажиллаж байж, төмөр зам аюулгүй хариуцлагатай байдаг. Тэр зан чанар нь баяр наадмын үеэр ч яв цав харагдаж байдаг шүү.

-Ингэхэд та яагаад төмөр замын мэргэжил сонгосон, төмөр замд ажиллах болсон бэ?

-Би үе дамжсан төмөр замчин гэдгээрээ бахархдаг. Миний аав Гаажид насаараа төмөр замд ажилласан, төмөр замын намын хорооны дарга хүн байсан. Ээж маань мөн насаараа төмөр замд ажилласан. Ю.Цэдэнбал даргыг нам төрийн удирдагч байх үед нь яг тэр вагоны үйлчлэгчээр ажиллаж байсан. Ээжийн маань ажиллаж байсан, Ю.Цэдэнбал даргын вагон одоо музей болсон байгаа.

Аав, ээж  маань төмөр замчин болохоороо төрж, өсөхөөсөө эхлээд л төмөр замын амьдралаар амьсгаж, өөрийн эрхгүй төмөр замын мэргэжлийг сонгосон доо. Ингээд 36 жил төмөр замд, вагон деподоо ажиллаж, энэ хамт олон, энэ мэргэжил, энэ байгууллагатай амьдралаа холбосон гэж хэлж болно, үүгээрээ ч их бахархдаг. Анх вагоны үйлчлэгчээр ажлын гараагаа эхэлж, дараа нь вагоны дарга одоо технологи инженерээр ажиллаж байна. Миний залгамж халааг мөн үргэлжлүүлэн хүү Ц.Цогтбаяр  цахилгаан цехийн засварчнаар ажиллаж байна.

-Гурван үе дамжсан төмөр замчид юм байна шүү дээ. Бид бол вагоны үйлчлэгчдийг проводник гэж нэрлэдэг дээ. Проводникүүд маш хөдөлмөрч, маш үзэсгэлэнтэй, гав шув хийсэн түргэн хөдөлгөөнтэй, дайчин эмэгтэйчүүд төсөөлөгддөг. Ажил нь ч өөрөө их онцлогтой байх аа?

-Хүмүүс вагоны үйлчлэгч гэхээр яг галт тэрэг хөдлөхөд дохио өгөөд, гоё дүрэмт хувцсаа өмсөөд, тугаа бариад зогсч байдаг тэр дүр төрхөөр ихэнхдээ төсөөлдөг. Гэтэл яг үнэндээ бол хүмүүст үйлчилнэ, зорчигчдод тусламж үйлчилгээ үзүүлнэ, зорчигчдоо буулгаж, суулгана, байрлуулна, цагаан хэрэглэл, цай, кофегоор үйлчилнэ, цэвэрлэгээ хийнэ, өвөл бол галч хийнэ гээд ажил маш их. Дээрээс нь галт тэрэгний аюулгүй байдлаа хангана. Яаралтай тохиолдолд хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ гээд тухайн хариуцсан вагонтой холбоотой бүхий л ажлыг хариуцна. Ерөөсөө л тухайн вагонд ямар л асуудал гарна түүнийг даван туулах чадвартай байх ёстой. Вагон дотор бүхий л амьдрал өрнөж байдаг.  Стресстсэн бухимдсан хүмүүс ч байна, агсан согтуу тавих нь ч бий. Эсвэл баяр жаргалтай мөчөө хуваалцаж яваа гээд бүхий л төрлийн хүмүүстэй тааруулж, яг тэр сэтгэхүйгээр хандаж ажиллана, уурлаж бухимдсан бол тайвшруулж, өвдөж шаналсан бол тусламж үзүүлэх гээд ямар нөхцөл байдал байна, манай үйлчлэгч нар хүрч ажиллана. Бүх л өнгийн амьдрал вагонд өрнөнө шүү дээ.

-Гэснээс ээж тань Ю.Цэдэнбал агсныг ямар хүн байсан талаар дурсаж ярьж байсан уу, магадгүй та өөрөө ч уулзаж тааралдаж байсан уу?

-Би бол тааралдаж байгаагүй ээ.  Ээж маань харин их дурсаж ярина. Нам төрийн удирдагч л гэнэ, гэтэл манай дарга их зөөлхөн сайхан, нэг бодлын өрөвдмөөр хүн байсан шүү гэж ярьдаг. Айлд дураараа ороод, аяга цай уучих ч эрх байхгүй, айлд ороод чихэр амсчих эрх байхгүй, дандаа хүний хараа хяналтан дор байдаг, гэхдээ маш хүнлэг, зөөлөн хүн байсан гэдэг.

-Ю.Цэдэнбал агсны тухай дурсамж номонд нээрээ айлд ороод хоол идэхийг нь зөвшөөрдөггүй байсан гэж бичсэн байсан санагдаж байна шүү. Хажууд нь ажиллах хүмүүсийг ч нарийн шалгуураар сонгодог байсан байх?

-Тухайн үед хажууд нь ажиллах хүмүүсийг НАХЯ судлаж, ажиллаж болох эсэхийг нь шийддэг байсан гэдэг. Нам төрийн удирдагч гэдэг утгаараа хорлож, хордчих вий гэж харж хамгаалж, хянаж байдаг байсан байх. Ер нь ч нарийн судладаг байсан. Манай аав прокурорын мэргэжилтэй намын ажил хийдэг байсан болохоор маш нарийн судлаж байж, ээжийг тэр албанд ажиллуулсан болов уу.

Манайх олуулаа, бид эцэг эхээс есүүлээ. Манай эгч хүнд өвчнөөр өвдөөд, ээж цаашид улсын ажлыг цалгардуулж болзошгүй тул ажлаас чөлөөлж өгнө үү гэж НАХЯ-нд өргөдлөө өгч, ажлаасаа чөлөөлүүлж байсан гэдэг.  Ер нь л манай ажил бол өндөр сахилга бат шаарддаг ажил л даа.

-Сайхан дурсамж яриа өрнүүлсэн танд баярлалаа. Аяны алтан шар зам тань өлзийтэй байж, ган зам зурайж байг ээ?

-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Мөн нийт төмөр замчид, хамт олон, ахмадууд гэр бүлд нь хамгийн сайн сайхныг ерөөе өө.  


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин