• Эхлэл
  • Дэлхийд гарах гол гарц- төмөр зам

Дэлхийд гарах гол гарц- төмөр зам

2023/11/08

Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форум Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдаж  буй. Ирэх баасан гаригийг дуустал үргэлжлэх Олон улсын тээврийн форум (ITF) -ээс “Азийн бүсийн өндөр түвшний 2 дахь удаагийн яриа хэлэлцээ”-г зохион байгуулна. Уг форумд гадаад улс орнуудын Элчин сайдын яамд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын 20 гаруй байгууллага, 60 гаруй улсын төлөөлөл, гадаад дотоодын 200 гаруй аж ахуйн нэгжийн 1400 орчим төлөөлөгч, 200 гаруй хөрөнгө оруулагч оролцож байна.

Төмөр зам, иргэний нисэх, авто зам, авто тээвэр, далайн тээвэр, хуурай боомтын асуудлаар Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын байгууллагууд, хөрөнгө оруулагчдад танилцуулах нь энэхүү форумын гол зорилго. Энэ удаагийн форумаас бүс нутгийн интеграцад нэгдэхийн тулд тээвэр ложистикийн салбарын тулгамдаж буй асуудлыг хамтран зөвлөлдөж, бодит шийдлүүдийг гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн үеэр илэрхийлсэн.

Мөн бүсийн хэмжээнд тээвэр, логистикийн салбарын эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, гааль, тариф, хилийн горим журам, баримт бичиг, дата мэдээллүүдийн нийцлийг сайжруулах, тээврийн коридоруудыг хөгжүүлэх, салбарын тулгамдаж буй бусад асуудлыг хамтран шийдвэрлэхийн чухлыг тэмдэглэсэн

“Тээврийн долоо хоног 2023” олон  улсын форум хоёр дахь өдрөө  төмөр замын салбар хуралдаанаар үргэлжилж  төр, хувийн хэвшлийн төлөөлөл, аж ахуй нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчлан оролцож байна. Энэ үеэр төмөр замын салбарт,  үйл ажиллагаа явуулдаг компаниуд хийж буй ажлууд, тулгамдаж буй асуудлуудаа ярилцсан юм.

 УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт "Тээврийн долоо хоног" олон улсын форумд Монгол Улсын төмөр замын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж сэдвээр илтгэл танилцуулсан.

Манай улс саяхныг хүртэл БНХАУ-тай төмөр замаар Замын-Үүд-Эрээн гэсэн ганцхан боомтоор холбогдож байсан. Харин өнөөдөр Шивээхүрэн-Сэхэ, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч боомтуудыг шинээр холбох ажлыг амжилттай эхлүүлж Хятадын талтай тохирч чадсаныг тэрээр онцолсон.

Цаашлаад Ханги-Мандал, ОХУ-тай Арцсуурь-Цагаантолгой зэрэг дараагийн шинэ гарцуудыг нээхээр Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яам анхааран ажиллаж байгаагаа  дурьдсан.

Ингэснээр төмөр замын таван шинэ гарцтай болохын сацуу хил холболтын төмөр замууд баригдаж, шинэ гарцууд нээгдсэнээр 2030 он гэхэд төмөр замын хүчин чадал жилд 180 сая тонн болж нэмэгдэнэ гэсэн юм. 

Тэрбээр, Бидний урд хойд хөрш, Ази Европ, цаашлаад далайд, дэлхийд гарах гол гарц бол төмөр зам. 2019 онд ганцхан төмөр замын төв коридороор 28.2 сая тонн ачаа тээвэрлэж байсан. 2023 оны байдлаар шинэ төмөр замуудын туршилтын тээвэрлэлтүүдийг эхлүүлж, 37.7 сая ачаа тээвэрлэхээр ажиллаж байна.

Мөн 2023 оны эхний 10 сарын байдлаар төмөр замаар 3.6 сая тонн транзит ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 39 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэв. 

 

“Максимал” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Даваасүрэн:

“Тээврийн долоо хоног 2023” форум өргөн хүрээнд зохион байгуулалт сайтай байна

анай “Максимал” ХХК компани нь 2011 онд байгуулагдсанаасаа хойш , төмөр  замын зураг төсөл боловсруулах геодезийн  үйлдвэрлэл үйлчилгээ, ТЭЗҮ болон судалгаа шинжилгээний чиглэлээр  10  гаруй  жил үйл ажиллагаагаа  явуулж байна.  Монгол Улсын  бүтээн байгуулалтад оролцон зөвлөх үйлчилгээний 10 гаран  төсөл төмөр замын зураг, техник  эдийн засгийн болон, урьдчилсан техник  эдийн засгийн судалгааны 200 гаруй  төсөл  хөтөлбөрүүдэд ажиллаж, өнөөдрийг хүртэл 1400  гаруй км төмөр замын техникийн ажлын зураг профилийн шалгалтын зураг төслийг  гүйцэтгэсэн.

-Хийж  бүтээсэн томоохон ажлуудаасаа  дурьдвал?

-2019 онд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захиалгаар “Зүүнбаян-Тавантолгой” чиглэлийн төмөр  замын ажлын зураг  төслийг боловсруулсан. Өнгөрсөн хугацаанд “Оюутолгой” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрэл” ХХК, “Монголын алт” ХХК, “Улаанбаатар гурил” ХХК, “Багануур” ХК,  “Хөтөл цемент шохой” ХК, “Монголросцветмет” ТӨҮГ  зэрэг олон байгууллагуудтай хамтран ажиллаж төмөр замын  төсөл дээр хамтран  ажилласан. 

-Өнөөдрийн форумын талаарх сэтгэгдэлээ  хуваалцвал?

-“Тээврийн долоо хоног 2023” олон улсын форум маш өргөн  хүрээнд өндөр  зохион байгуулалттай явагдаж байна. Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэхэд мэдээж  гадны  хөрөнгө оруулалт маш  чухал.   Тэр ч утгаараа анх  удаа зохион байгуулагдаж байгаа энэхүү  форумд манай компани оролцож үйл ажиллагаагаа танилцуулж байна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулж, дэмжлэг үзүүлж байгаа салбарын  яам болон  оролцож байгаа байгууллагуудад амжилт  хүсье.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин