• Эхлэл
  • Ж.Ганбаатар: Бүх хүн банкаа дүүргэх нөөц Монгол байхгүй

Ж.Ганбаатар: Бүх хүн банкаа дүүргэх нөөц Монгол байхгүй

2023/12/11

Өнгөрсөн өдрүүдэд бензин, шатахуун олдохгүй, ШТС-уудад их хэмжээний дараалал үүсч иргэд өнжин хонон дугаарласан. Үүнээс өмнө импортлогч компаниуд АИ-92 шатахуунаа борлуулж дуусахын тулд АИ-95 шатахуун зарахгүй байна, дамлагчдад бөөнөөр нь зарж байна гэхчилэн таамаг, шүүмжлэл дэгдсэн. Мөн ОХУ манайд хориг тавьсан, БНХАУ-гаас гуйсан нефть нь хил дээр гацсан гэсэн таамаг дэвшүүлж байсан. Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэр /УУХҮ/-ийн сайд Ж.Ганбаатар өнөөдөр /2023.12.11/ шатахуун яагаад хомсдсон талаар тайлбар хийлээ.

Түүний хэлснээр бол манай улсын гол ханган нийлүүлэгч ОХУ  дотооддоо шатахууны  хомсдолтой хэвээрээ байгаа. Мөн ОХУ экспорт баруун тийш бус БНХАУ, Энэтхэг гэх мэт зүүн өмнөд Азийн улс орнууд руу төвлөрсөн. Зүүн Сибирь болоод алс Дорнодын хэсэгт төмөр замын бөөгнөрөл болcноос манай нийлүүлэлтийн хугацаа өмнөх үеэс хоцролттой байгаа гэсэн байна.

Дашрамд сануулахад  өнгөрсөн есдүгээр сарын 21-нд  ОХУ хориг тавьснаар манайд 21 хоног шатахуун нийлүүлээгүй. Сүүлийн үед ямар нэгэн хориг тавиагүй байгаа юм.

Сонирхолтой нь хомсдлын дараагийн шалтгааныг сайд дотоодын хэрэгцээ ихэссэнийх гэжээ.

Тэрээр:

-Монгол Улсын экспорт түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Энэ нь дизелийн хангамжинд шууд нөлөөлж байна. Бид жилд дунджаар 30 сая тонн нүүрс гаргадаг байсан бол өнөөдөр 65 сая тонн нүүрс экспортлосон байна. Оны эцэст 70 сая тоннд хүрэх магадлалтай байна. Ес болон арван сартай харьцуулахад 12 дугаар сард илүү өндөр экспорт хийх магадлалтай. Үүнээс болж дизель түлшний хэрэглээ өссөн. Томоохон 5-6 уурхайн дизель түлшний хэрэглээ манай улсын нийт дизель түлшний 60 хувийг хэрэглэж байна. Монгол Улс ойролцоогоор 90-100 мянган тонн дизель түлш сардаа хэрэглэдэг. Гэтэл уул уурхайн салбарын томоохон уурхайнууд 50-60 мянган тонн дизель түлш хэрэглэж байна. Энэ нь шатахууны хэрэглээ өссөнийг илтгэж байна. 2022.01.01-нээс 2022.12. 31-нийг хүртэл дизель түлшний нийт импорт 987.875 тонн байв.

Гэтэл өнөөдрийн байдлаар буюу эхний арваннэгдүгээр сарын байдлаар ОХУ-аас 1.235.736 тонн дизель импортлосон байна.

Нийлүүлэлт хэвийн явагдаж байна. Харин Монгол Улсын дотоод хэрэглээ өндөр гарлаа. Бид хэрэглээгээ тооцож бэлтгэлээ хангасан. Харин есдүгээр сарын 21-нд гарсан ОХУ-ын хоригтой холбоотойгоор 21 хоног манайд огт шатахуун орж ирээгүйгээс шалтгаалаад нөөц бүрэн барагдсан. Энэ асуудлаас бид гарч чадахгүй байна.

Дизель түлшний тухайд ОХУ-аас Монголд нийлүүлдэг хэмжээгээрээ өгнө. Илүү нийлүүлж чадахгүй гэж байгаа. Өөрөөр хэлбэл, нэмэгдсэн 30 хувийн хэрэглээг давж өгч чадахгүй байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ гэхээр БНХАУ-аас 31.500 тонн дизель түлш захиалсан.

Зарим иргэд намайг БНХАУ-аас гуйсан гэж шүүмжилсэн. Гуйхаас өөр арга байхгүй л байна.  Энэ түлшний эхний 5000 тонн нь өнөөдөр ирж байна. Дизель түлшний нөөцлөлт их байна. ШТС-уудаар бөөний үнээс хямд зарж байна. Бөөнөөр нь авч  цааш нь дамлаж зарах үзэгдэл байгаа учраас ямар нэгэн захиалгагүй, падангүйгээр дизель түлш Улаанбаатараас гаргахыг  өнөөдрөөс хориглож байна. Нийлүүлэлтээ нэмэгдүүлнэ.  Төр зохицуулалтаа хийнэ. Үүний үр дүнд харьцангуй тогтворжино гэж бодож байна.

Дэлхийн зах зээл дээр бензин болоод дизель түлшний үнэ унаж байна. Арваннэгдүгээр сард ОХУ-ын дизель түлш 930 ам.доллар байсан. Арванхоёрдугаар сард 855 ам.доллароор манайд нийлүүлсэн. Харин БНХАУ-аас 1080 ам.доллараар авч байна.

Манай нийт шатахууны 90 хувийг нийлүүлдэг Ангарскийн үйлдвэрээс  ачигдсан бүтээгдэхүүн 4-5 хоногийн дотор Монголд ирдэг. Харин бусад үйлдвэрээс ачигдаж байгаа дизель түлш 21, заримдаа сар болох тохиолдол ч бий.

 Ангарскийн үйлдвэрээс 18 мянган тонн АИ-92 замдаа явж байна. Зарим нь ороод ирчихсэн байна. Зарим нь ОХУ-ын нутаг дэвсгэрт байна. Цаашид АИ-92 болон дизель түлш дээр үнэ өсөхгүй.

 Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хомсдол далимдуулж үнэ өсгөх гэж байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ бол ташаа мэдээлэл. Үнэ нэмэгдэх биш харин ч буурч байгаа. АИ-92 705 ам.доллароор авах таван жилийн хатуу гэрээтэй. ААН-үүдийн алдагдал гурван жил байсан бол одоо харьцангуй буусан. Би сайд болоод энэ гэрээг байгуулж чадсан. Бас л нүүрээ улалзуулан байж, аж ахуй гадарладаг хүний хувьд энэ гэрээг хийсэн. Жил жилээр нь сунгаад явдаг. Үнэ өсөх ямар ч шалтгаан байхгүй гэв.

Ийнхүү сайд мэдээлэл хийж, болж өгвөл дараалал үүсгэхгүй байхыг иргэдээс хүсэнгээ бас сонирхолтой үг унагасан нь:

-Бүх хүн банкаа дүүргэх нөөц Монгол Улсад байхгүй. Ойрын үед энэ нөөц хангагдана. Улсад нэг ч ШТС байдаггүй. Улсад одоогоор нөөц гэж байхгүй. ААн-үүд л нөөцөлдөггүй. Онцгой байдлын журмаар нөөцөлж байгаа асуудал бий. Үүнийг манай яам мэдэхгүй. Шадар сайд мэдэж байгаа гэв.

Эрхэм Уул уурхайн сайд Шадар сайдтайгаа мэдээлэл солилцдоггүй юм байх даа.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин