Хувь тавилан

2024/01/06

Нийтлэлч Д.Баярхүүгийн нийтлэлийг хүргэж байна.

-Монголчуудын нэг том эмгэнэл байнаа. Ажиглагдаад байна. Хувь тавилантайгаа эвлэрдэггүй. Эсвэл эвлэрлээ гээд бүр нохойн замаар ордог.

-Зөв явбал зөөлөн хорвоо, буруу явдал хатуу хорвоо гэдгийг монгол хүн огт ойлгохгүй, тоох ч үгүй.

-Шал хэрэггүй, итгэмээргүй зүйлд итгэнэ, итгэх ёстой зөв зүйлд итгэхгүй.

Та ядарч зүдэрч явна. Нэг л болохгүй байна. Үүний буруутан хэн бэ гэдэгт хариулт хайя. Хамтдаа. Та бүхэн дотроо тунгааж, бас саналаа нэмэрлээрэй.

Гол буруутан нь монгол ёс заншил, аж төрөх ёсон, нэг үгээр нөгөө алдарт нүүдлийн соёл иргэншил маань шүү дээ. Зоригтой хэлчихье. Яагаад?

Яагаад гэвэл монголчуудыг хоёрын хооронд, гурвын дунд байлгаж ирсэн, нэг талд нь гаргачихаж чаддаггүй. Бүгдийг ерөнхийлдөг, бөөрөнхийлдөг. Зөв ч биш, буруу ч биш, гэхдээ явж явж бүгдээрээ зөв, хийсэн буруу үйлдэл, буруу хандлага нь бүгд зөв болж уучлагддаг. Буруу хандлага гэдэгт санаатай ажилгүйдэл, санаатай ядуурал, санаатай арчаагүйтэл, жалга довны үзэл, нутгархал, залилан, хулгай зэлгий, худал хэлэх гээд бүгдийг нь би нэрлэнэ. Бүгдээрээ ингээд л ноололдоод зунгааралдаад, хамт зовоод, хамт жаргаад (Цагаан сар, Наадам гэх мэт), хөгжих ч үгүй, ухрах ч үгүй, муудалцаж ч чадахгүй, эвлэрч ч чадахгүй, найзан дундаа, ерөөлийн байдалд явж байх ёстой гэсэн монгол сэтгэхүй ямагт ноёлж иржээ.

“Архины тайлбар” гарчгаар нийтлэл бичлээ. Олон хүнд хүрлээ. Гэхдээ Төр нь эрс шийдэмгий тусгаж авч болдоггүй, бүр цаанаасаа нэг өөр зүйл хатгаад. Тэр нь нөгөө хоёрын хооронд, гурвын дунд байлгаж ирсэн, өөх ч биш, булчирхай ч биш, эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй монгол чанар Төрд нь яваад байх шиг. “Хөөрхий дөө, ядарсан юм даа” гээд уучлах сэтгэл нь давчихна. Ядуу дорой, ядарсан амьтныг буруутгах бүү хэл оролдож гоочилж болохгүй гээд хуульчилчихсан аятай. Дан хайр, итгэл, зөөлөн харц архичид руу бэлчинэ. 

Архи уух нь буруу, архидах ба архичид шал буруу гэсэн хэрнээ тэднийг цаагуураа л нэг өрөвдөж хайрлаад (“Хөөрхий дөө, ядарсан амьтан яахав дээ”) архийг нь уулгаад мөрт нь байлгаж байя гэсэн монгол хүний энэрэнгүй чанар нийгэмд цухалзана. “Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундааг зохистой хэрэглэхийг уриалж байна”–Гэмтлийн эмнэлгийн дарга уриалжээ. Хайр, харам, бас өглөг нь хамт хэлэгджээ. Хөөрхий, архийг нь уулгая, ууг ууг,гэхдээ битгий үхчихээрэй!Өөх ч биш, булчирхай ч биш. Төрийн хайрыг шингээж уу гээд байгаа аястай. Дан хайр, итгэл, зөөлөн харц. Өөр юу гэх юм бэ?

Малчдыг 100% биеийг нь даалгая, мал сүргээ бэлчээртэй нь хувьчилж, эзэмшичихээд 33 жилийг чилийтлээ өнгөрөөчихлөө, өвөл цас их ордог, хахир хүйтэн болдог, зуд болдог гэдгийг малчид мэдэхийн цаагуур мэддэг гээд биччихсэн чинь ад болов оо. Малчдад улсаараа нэг хайр зөрүүлээд зарлачих нь тэр. Монгол орныг мал нь авч яваа, хотын биднийг малчид тэжээж байгаа, мал нь хилээ хамгаалдаг, иймээс малчдад бүх нийтээрээ туслах аян болоод явчлаа. УОК даргатайгаа, юутай хээтэйгээ хөдөө өвөлжих юм болоод явчлаа. Одоо хотын айл өрх болгоноор хөвөнтэй бээлий, нэмнээ оюулах л үлдлээ. Дан хайр, итгэл, зөөлөн харц. Өөр юу гэх юм бэ? “Хөөрхий дөө, ядарсан хэдэн малчид минь!”.

Ганц хөдөө ч биш, Монголын нийгэм тэр чигтээ хувьчлагдаад 33 жилийг чилийтлээ өнгөрөөчихжээ, монголчууд аа. Төрийн мэдэлд Төр, засаг нь л үлджээ. Төрийн мэдлийн аж ахуйнууд, сургууль эмнэлгүүд бас байнаа. Төр, засгаа тасралтгүй сонгож иржээ. Та бидний сонголт. Байж байгаа нь тэр учраас Төр рүү би дайрах гээгүй.

Үлдэх бүх нийгэм чинь хувьчлагдаад, хувийн нийгэм болчихсон байна. Төрийн мэдлийн үйлдвэр, уурхайнуудыг хувьчлах, цаашлаад эмнэлэг сургуулиудыг хувьчлах, өөрөөр хэлбэл социалист агуулгаас нь салгах цаг үе ирээсэй гэж хүсдэг хүн би байна. Социализм амь бөхтэй яваа салбаруудыг шууд хувьчлахгүй бол хулгай зэлгий, хээл хахууль нь дэндлээ. Ардууд нь дагаж залхуураад, бэлэнчлээд, халамжлуулаад. Энэ чинь л нөгөө салж өгдөггүй социализм нь капиталист Монгол дотроо байгаад байгаа нь тэр шүү дээ! 

  • Санал: Хувьчлагдсан хувийн энэ нийгмийг үндэсний хөрөнгөтнүүдийн гарт л өгмөөр санагдах юм.
  • Бас нэг санал: Хувьчлагдсан хувийн энэ нийгэмд мөлжлөгийг хуульчлая. “Зөөлөн мөлжлөг” гэе л дээ. “Зөөлөн түрээс” гэдэг шиг, тэгж нэрлэсэн ч яадаг юм. 

Хувьчлагдсан хувийн нийгэмд МОНГОЛ ХҮН хүн төрхөө олж амьдрах гэж ёстой нэг хөглөж өгч байнаа. Нүднээ үл үзэгдэгч ЭРХ ЧӨЛӨӨ нь өөрт нь байгаад байдаг, түүнийгээ олж харж, мэдэж мэдэрнэ гэж байхгүй, хөглөөд байх нь тэр. Тэр эрх чөлөө нь юуны өмнө хувь заяагаа өөрөө шийдэх эрх чөлөө юм. Яаж амьдрах, юу хийж, юугаар гол зогоож, юугаар хөлжиж дэвжих нь өөрийнх нь гарт байгаад байдаг. Энэ бол хувьчлагдсан хувийн нийгмийн гол онцлог, гол шалгуур. Гэтэл түүнийгээ мэдрэхгүй дэвэн дэлхийгээр сэвээд, дээшээ асаад. Эрх чөлөө гэдгээ шүүмжлэх, мөчөөрхөх, барьцах, атаархах, муу хэлэх, муулах гэдгээр орлуулчихсан.

Баабар найз маань хатуухан атлаа яг үнэнээр нь хэлжээ: – Өөрийг чинь онцлоогүй! Монголчуудын 99% нь шуналтай, боломж олдсон бол бүгд хусна. Ингэж хэдүүлхнээ цусалчихаад надад юу ч олдсонгүй гэж ард түмэн уурлаж буй. “Хулгай хийсэн нь хожоод, шударга үлдсэн нь ХОХИРЧ байна”. Ингэж их хэлдэг. Хулгай хийх бололцоо олдоогүй учраас ШУДАРГА!

Улс төрчид, УИХ-ын гишүүдэд атаархах явдал доозноосоо ёстой хэтэрсэн. Тэр нь шударга ёс гэгдэх боловч бараг 90% нь зүгээр л атаархалаас үүдэлтэй. Атаархаж үхэж байна. Хувьчлагдсан хувийн нийгэмд Төрийн эрхийг хэнд бариулахыг чинь ардчилсан хувьсгал заагаад өгнө. Тэр дагуу л шувтан сонгож сонгогдож ирсэн. Атаархаж үхэх гээд байгаа бол 2024 онд сонголтоо өөрчилчөх, тэгээд л боллоо! Эсвэл өөрөө дэвшээд ялаад гараад ир!

ХУВЬ ТАВИЛАН гарт чинь байна. Муу амьдрана уу, муухай ажил хийнэ үү, зарцлагдана уу, өвчилнө үү, эдгэнэ үү, даарна уу, осгоно уу–энэ бүхэн чинь Таны л ХУВЬ ТАВИЛАН. Гудамж цэвэрлүүллээ, зах дээр зогсоолоо, хүнд ачаа зөөж үүрч байна, зовж үхлээ гэсэн бөөн уур уцаар нийгэмд яваа. Сайн сайхан яваа, эсвэл оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийг цаанаасаа нэг үзэн ядсан шинжтэй үзэн ядалтын гал нүднээс нь асна. Таны л ХУВЬ ТАВИЛАН. Таныг тэр хүнд бохир (хогийн) ажил руу албадаж оруулсан, албадаж хийлгэж байгаа өөр нэг ч хүн Танаас өөр байхгүй. Эрх чөлөөгөө эдэлсээр явж явж Таны тэнцэх чадах ажил дээр чинь Таныг нийгэм тавьчихжээ. Ингэж гуриатахаа мэдсэн юм бол яах гэж сул дэл, өөртөө хяналтгүй явсан юм бэ? 

Таны тэнцэх чадах ажил дээр чинь Таныг нийгэм тавьчихлаа гэдэг ёстой гашуун атлаа үнэн үг шүү. Үнэн мөн гэж байдаг бол тэр чинь. ХУВЬ ТАВИЛАН гэж энэ шүү дээ. Гэтэл монголчууд байнга ямар нэгэн юм нэхээстэй, гоншигноостой. Хувьчлагдсан хувийн нийгэмд өвлийг давах гэж эх орон маань ёстой нэг тамтай зам туулж байнаа. Осгож үхлээ, буруутан нь Хотын дарга. Зам дээр түгжирлээ. Түгжрэл хариуцсан сайд ба Хотын дарга. Гэтэл өвөл болдог, хүйтэрдэг, осгож үхэх шахдаг гэдгийг мэдэхийн цаагуур мэддэг хэрнээ тэгж даарсны шан хэн нэгэн буруутан байх ёстой. Бүх юман дээр буруутан хайна. “Биднийг муу амьдрууллаа”, “Ард түмнийг даарууллаа”, “Бензинээр хавчлаа”–дан дээшээ ассан хийрхэл нийгмээр дүүрэн. Хувь тавилантайгаа эвлэрдэггүй, дээшээ асчихдаг? 

 

Монголчуудад атаархал хэзээ ирээд нүүрлэчихснийг мэдэхгүй. Хэдэн мянган жилээр яригдах уу? Эсвэл бага хаадын дараахнаас уу? Мэдэхгүй! Өнгөтэй өөдтэй яваа нэгнээ үзнэ гэж байхгүй, нийтээрээ ам хэлээ билүүдээд муулна. Өөрийнх нь өрөөсөн дугуй мэтээр ойлгоно сэтгэнэ. Тэгээд өөртэйгээ харьцуулаад өөрийгөө зөв хүнд бодчихно.

Ерөнхийлөгчид нэр дэвшигч асан Д.Энхбатнайзын нэг чухал афоризм байна: –Монголчууд бидний хамгийн том дутагдал бол хамтраад бялуугаа томруулахын төлөө явдаггүй, харин бие биенээ хулхидаж, бялууг ганцаараа идэхийн төлөө тэмцэлдэг. Харамсалтай нь ийм тэмцэлд хэн нь ч яллаа, нийт дүнгээрээ юу ч нэмдэггүй, бусдад хамтдаа байнга ялагдаж явдаг!

Ан амьтнаас биднийг ялгаруулах гол онцлог буюу бурханы бэлэг юу юм бэ? Сэтгэн бодох,ажил хийж амь зуух ухаан хүн бүрт тэгш заяасанд байдаг юм. Ан амьтан араатан жигүүртэн бишээс л хойно ХҮН гэдэг энэ бодгаль заавал (заавал шүү!) ажил хийж, хөдөлмөрлөж, (ХӨДӨЛМӨР БОЛ ХҮНИЙ АМЬДРАЛЫН ХАМГИЙН ГОЛ ЗҮЙЛ гэсэн хууль бий) бүр үхэн үхтлээ сэтгэж, явж, эрж, хөдлөж хорвоог дуусгах ёстой юм. Үүнийг чинь л би өргөн утгаар Таны ХУВЬ ТАВИЛАН гэж нэрлээд байгаа ухаантай юм. Өөрийнхөө хувь тавиланд тохирсон ажлаа хийж амь зуух ёстойгоос атаархаж мөчөөрхөөд, амаа билүүдээд хорвоогийн өдөр хоногийг өнгөрөөнө гэдэг ёстой гонж шүү. Хоног чинь явж өгөхгүй ээ!

Сул дэл, өлөв долов, хоёрын хооронд гурвын дунд хоног тоолдог нүүдэлчний задгай амьдралаа үтэр түргэн гээвэл ямар вэ, монголчууд минь?

-Үргэлжлэл бий

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин