• Эхлэл
  • Нэр дэвшигчийг заавал "хазаж, имэрч" байж таньдаг юм биш

Нэр дэвшигчийг заавал "хазаж, имэрч" байж таньдаг юм биш

2024/01/09

Нэгэнт ирэх сонгууль болон сонгуулийн тогтолцооны асуудал хөндсөн дээрээ нэг зүйлийг гүйцээгээд хэлчихмээр санагдав. Өчигдөр буюу пүрэв гаригийн чуулганаар СЕХ-ны гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал хэлэлцэх үед ч гэсэн зарим нэг гишүүдийн зүгээс “нам сонгох нь аюултай” гэсэн мессеж өгөхийг оролдож байгаа харагдсан учраас энэ асуудлыг бүр ч хөндөх ёстой байх.

Өнгөрөгч зургаадугаар сард УИХ-аар баталсан Үндсэн хуулийн өөрчлөлт, түүнийг дагаж өөрчлөгдсөн УИХ-ын сонгуулийн тухай хуулиар сонгуулийн холимог тогтолцоог хуульчилсан. УИХ-ын 126 гишүүний 78-ыг тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаар сонгоно. “Хувь тэнцүүлсэн систем” гээд байгаа нь үндсэндээ намын жагсаалтаар сонгох арга юм. Энгийнээр хэлбэл тухайн намын жагсаалтад бичигдсэн 48 хүнийг улс орон даяар нэг тойрог болж сонгоно. Энэ жагсаалт нь нийт сонгогчийн хэдэн хувийн саналыг авна, нөгөө 48 нэр дэвшигчийн мөн төдий хувь нь УИХ-д сонгогдож, барианд орно гэсэн үг. Үлдсэн 78 нь тойргуудаас сонгогдоно. Ийм л энгийн юм.

Өмнө нь 2012 оны сонгуулиар бид нэг удаа туршаад үзсэн. УИХ-ын 76 гишүүний 28-ыг (37 орчим хувь) нь намын жагсаалтаар сонгож байсан бол энэ удаа 126-гийн 48-ыг (38 хувь) нь намын жагсаалтаар сонгох болж байна. Ердөө нэгхэн хувийн зөрүү. Энд ямар нэг аюул, эрсдэл байна уу?

Харин ч 2012 оны сонгууль ерөнхийдөө сонгогчдын өгсөн саналыг харьцангуй “гайгүй” тусгасан сонгууль болсон юм шүү. Үүнээс өмнө болон хойно жижиг 76 тойрог дээр сонгууль явуулахад нийт сонгогчийн 40 гаруйхан хувийн саналыг авсан нам 80-90 хувийн суудал авдаг гаж тогтолцоо байлаа. Хамгийн олон санал авсан нэг дэвшигч барианд орж, үлдсэн 60 хувь сонгогчийн санал гээгддэг, гудамжинд хаягддаг систем. Жижиг мажоритари тойрог дээр сонгууль явуулахын гол дутагдал нь энэ. Уг нь бол нэгмөсөн нийтээр нь хувь тэнцүүлсэн системээр сонгочихвол нэг ч сонгогчийн санал гээгдэхгүй. Гэвч одоохондоо хууль баталж байгаа нөхөд нь ч, сонгууль өгч байгаа сонгогчид нь ч үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй байна л даа. Нэр дэвшигчидтэй заавал нэг гар барьж, нүд рүү нь харж, болж өгвөл “хазаж” үзэж байж сонголтоо хийхийг хүсдэг.

Хоёрдугаарт, намын жагсаалтаар сонгогдсон гишүүд нь тойрогтой зууралдахгүй, улс орны хэмжээнд бодлого явуулах, намын бодлого, мөрийн хөтөлбөрийг дэмжиж ажиллах, эдийн засгийн үр ашигтай хөрөнгө оруулалт, мега төслүүдээ хөдөлгөх  тал дээр тойргоос сонгогдсон гишүүдээс хувь илүү ажилладаг. Сумын соёлын төв, хөшөө, фонтанаас давж хардаг гэсэн үг. (Уг нь энэ чинь тухайн сум, суурингийн засаг захиргаа өөрсдөө хийчих ажил байгаа юм л даа) Үүний тулд намын жагсаалт гэдэг юм байдаг. Улс төрийн намууд улс орны хэмжээнд бодлого гаргаж ажиллахын тулд тэр түвшинд бэлтгэгдсэн лидерүүд, мэргэшсэн боловсон хүчнээ гаргаж ирэх ёстой биз дээ. 

Гуравдугаарт, хамгийн гол зүйл. УИХ-ын гишүүнийг сонгохын тулд заавал тэр нөхрийн гар хөлийг барьж, хазаж, имэрч байж таньдаг, мэддэг юм биш. Тухайн нэр дэвшигчдийн туулсан зам, намтар түүх нь өөрөө хэн нь хэн болох, төр түшилцэх хэмжээний боловсрол мэдлэгтэй, ёс суртахуунтай хүн мөн үү, биш үү гэдгийг бэлээхэн хэлээд өгнө. Ялангуяа тойргуудыг томсгоод, бүсчилсэн сонгууль явуулахаар болсон чинь нэр дэвшихээр горилогчдын зүгээс “Сонгуулийн сурталчилгаа 14-хөн хоног байхад яаж ийм олон хүнтэй уулзаж, ийм олон судмаар явж амжих юм бэ” гэж урвалзаж, цорволзож байгаа харагдана лээ. Оны босгон дээр улс төрийн намуудын төлөөл оролцсон хэлэлцүүлгийг 25-р суваг, NTV телевизээр дамжуулсан. Өчигдрийн чуулган дээр ч мөн гишүүдийн зарим нь ярьж байна лээ. Сонгогчдын зүгээс ч тийм зүйл хэлэх байх. Гэвч нэгэнт хууль батлагдсаны дараа ийм сул дэл үг ямар ч ач холбогдолгүй. Ач холбогдолтой байлаа гээд хуульд өөрчлөлт оруулах хугацаа үлдээгүй.

Тэгээд ч өнөөдөр хүмүүс зөвхөн нүүр нүүрээрээ тулж, гар гараа барилцаж байж мэдээлэл солилцдог, бие биенээ таньж мэддэг цаг улирсан. Харилцаа холбооны технологи гэдэг юм хөгжөөд, телевиз, радио, интернэт, твиттер, фэйсбүүк, инстаграм гээд дуртай сүлжээгээрээ бие биетэйгээ холбогдох боломж, мэдээлэл дамжуулах өчнөөн олон суваг байна. Дээр нь цаасан хэвлэл гэж юм бий. Эрхбиш монголчуудаа нийтээрээ бичиг үсэгт тайлагдсан улс. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдөр нэр дэвшигчдийн танилцуулга, намтар түүх сонгогчдын гар дээр очсон байхад сонгогч сонголтоо хийх бүхэл бүтэн 14 хоног ард нь үлдэж байна гэсэн үг. Намын жагсаалт ч гэсэн сонгогчийн гар дээр очино.

Гэх мэтчилэн мэдээлэл дамжуулах өчнөөн олон суваг байхад заавал нэг нөхрийн хөлстэй гарыг барих гэж уралдах, зөрөлдөх ямар шаардлага байна? Ямар өнгөрсөн зуунд байгаа биш дээ. Хөгжил дэвшил гэж юм юуны төлөө байдаг юм бэ? Хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, цаг хугацааг хэмнэх, холыг ойртуулж, хоёрыг уулзуулахад чиглэдэг биш билүү. Тэгвэл тэрнийхээ үр дүнг үзэх, хэрэглэж хэвших хэрэгтэй биз дээ.

ЭХ СУРВАЛЖ:INEWS.MN

Б.ЗАЯА

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин