• Эхлэл
  • МҮОНРТ-ийн ерөнхий захирлыг сонгон шалгаруулна

МҮОНРТ-ийн ерөнхий захирлыг сонгон шалгаруулна

2024/03/02

МҮОНРТ-ийн ерөнхий захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу энэхүү сонгон шалгаруулалтыг зарлаад буй аж. Иймд дээрх ажлын байранд нэр дэвших хүсэлтийг гуравдугаар сарын 14-ний 18.00 цаг хүртэл хүлээн авахаар болжээ.

Нэр дэвшигчид тавих шаардлага: 

  • Монгол Улсын иргэн;
  • Улс төрийн нам, байгууллагын гишүүн бус байх;
  • Сүүлийн 2 жилд улс төрийн нам, түүний харьяа байгууллагад орон тооны ажил, албан тушаал эрхэлж байгаагүй;
  • Бусад радио, телевизэд хөрөнгө оруулагч, эсхүл сүүлийн хоёр жилийн хугацаанд хөрөнгө оруулагч байгаагүй;
  • Ял шийтгэлгүй.

Бүрдүүлж ирүүлэх баримт бичиг:

  • МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэхээр хүсэлт гаргагчийн анкетыг бөглөж ирүүлнэ. (mnb.mn сайтаас татаж авна уу)
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Магистр, эсхүл түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар;
  • Ажил эрхлэлтийг тодорхойлох баримт бичгийн хуулбар;
  • Энэ жагсаалтын 1-д заасан анкетад дурдсан мэдээллийг нотлох бусад баримт бичгийн хуулбар;
  • Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаж байгааг нотлох бусад баримт бичгийн хуулбар.
  • Хүсэлт гаргагч нь доор дурдсан агуулга бүхий мөрийн хөтөлбөртэй байх бөгөөд мөрийн хөтөлбөрөө битүүмжилсэн байдлаар хүсэлтдээ хавсарган ирүүлнэ. Үүнд:

МҮОНРТ-ийг хөгжүүлэх бодлого:

  • Нэвтрүүлэг, контентын бодлого, чанар, үр нөлөөг сайжруулах санал;
  • Менежмент, техник, технологийн шинэчлэлийн бодлогыг боловсронгуй болгох төлөвлөгөөтэй байх аж.

Сануулахад, МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар ажиллаж байгаа А.Бүрэнбаатарыг 2021 оны гуравдугаар сард нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулж, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн шийдвэрээр томилж байв.

Гэвч Авлигатай тэмцэх газар түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан эрүүгийн хэрэгт буруутган, шалгасан.

Түүнийг МҮОНРТ-ийн нэрээр төрийн өмчит компаниас ажил гүйцэтгэнэ гэж их хэмжээний мөнгийг хувьдаа шилжүүлэн авсан,  байгууллагынхаа санхүүд орох ёстой байсан их хэмжээний мөнгийг бусадтай хуйвалдан завшсан, ажилтан ажилд авахдаа авлига авсан, байгууллагын төсөв хөрөнгийг дур мэдэн хууль бусаар захиран зарцуулсан байж болзошгүй зэрэг асуудлаар буруутган эрүүгийн хэрэг нээн шалгаж дууссан байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин