Нээлтээ хийсэн даруйдаа үзэгч олны анхаарлыг ихэд татсан “Скай пирамид” продакшны “Зангараг” уран сайхны кино нь ОХУ-ын Москва хотноо 18 дахь жилдээ болж буй “Детектив фест” Олон Улсын наадмаас “Гранпри” шагнал хүртсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тус киноны найруулагч А.Батбаатар өөрийн цахим хуудаснаа “Зангараг” МУСК-ны уран бүтээлчиддээ хандан “Энэ бол бид бүхний шагнал” хэмээн баяраа хуваалцсан.
Ийн Монгол кино дэлхийн зах зээлд гарсан нь Монголын кино урлаг хөгжиж буйн тод жишээ болж чадлаа.
Ингээд саяхан болж өнгөрсөн “Академи авардс” наадмын талаар “Зангараг” уран сайхны киноны найруулагч А.Батбаатартай ярилцлаа.
-ОХУ-д болсон “Детектив фест” Олон Улсын наадмаас “Зангараг” уран сайхны кино Гранпри шагнал хүртсэн. Энэ бол маш том амжилт. Тэгэхээр яриагаа энэ наадмын сонин хачинаас эхэлье?
-Энэ жил 18 дахь удаагаа болж буй уг наадамд 57 орны уран бүтээлчид 442 бүтээл ирүүлснээс шилдэг 35 бүтээлд шалгаран үлдэж Гранпри шагнал хүртсэн.
Энэ фестивальд адал явдалт (action), детектив кинонууд оролцдогоороо онцлогтой. Анх наадамд очоод дэлхийн олон орны мундаг уран бүтээлчдийн бүтээлтэй өөрсдийнхөө бүтээлийг харьцуулаад үнэхээр сүрдэж байсан.
Шагнал авна гэсэн бодол байгаагүй гэж хэлж болно. Шагнал гардуулах ёслол дээр “Харизма” ("Зангараг" киноны орчуулсан нэр) гээд зарлахад зүүдэлж байгаа юм шиг сонин мэдрэмж төрсөн. Тайзан дээр яаж гарч бууснаа одоо ч санадаггүй.
Энэ фестивалийн шүүлт, зохион байгуулалтаас нь асар их сурах зүйл байсан гэдгийг энд онцолмоор байна. Шагналаа гардаж авахад фестивалийг зохион байгуулсан холбооны ерөнхийлөгч 30-40 хуудас материал авчирч үзүүлсэн л дээ.
Энэ нь кино тус бүрт өгсөн шүүгчдийн үнэлгээ байсан. Шилдэг киног шалгаруулахдаа зураглаач, найруулагч, зохиол, нүүр хувиргалт гэх мэт киноны бүх үзүүлэлт дээр оноо өгч шалгаруулсан нь надад маш их таалагдсан. Нийтдээ 20 шүүгч шүүсэн. 10 нь Москвагийн кино урлагийн академийнх, бусад нь гаднын орноос уригдаж ирсэн шүүгчид байсан.
-“Зангараг” кино Гранпри шагнал хүртэхэд нөлөөлсөн гол үзүүлэлт нь юу байсан гэж шүүгчид дүгнэсэн байсан бэ?
-Зураг авалт, зохиол, монтажийг маш их гайхаж байсан. Монголчууд яаж ингэж монтаж хийв ээ гэж байсан. Манай киноны монтажийг “Содура” кинон дээр ажилласан Ш.Тансаг хийсэн. Бид нар адал явдалт кино хийж байгаа учир сүүлийн үеийн дэлхийн шилдэг кинонд ашиглаж байгаа монтажаар хийсэн.
Үүгээрээ ч манай кино онцлогтой. Зодооны хэсэг гарч байхад үзэгч дотор нь өөрөө орсон юм шиг сэтгэгдэл төрүүлтэл манай зураглаачид зургийг авч чадсан. Киноныхоо зохиолыг би өөрөө бичсэн. Олон жил бодож явсан зүйлээ кино болгоод бүр цаашлаад энэ амжилтанд хүрсэнд их баяртай байгаа. 1995, 1996 оны үед траншейны хүүхдүүд гэж маш их байдаг байсан. Гэтэл 1990-ээд оны сүүлээр гэнэт алга болсон.
Төрөөс тэр хүүхдүүдэд асрамжийн газар барьж өгөөд сургууль, соёлд оруулаагүй. Гэтэл тэд хаашаа алга болсон бэ гээд нь ухах юм бол их хүнд сэдэв. Надад хүн болгоны өссөн орчин чухал биш санагддаг. Баян тансаг айлд өслөө ч буруу нөхөдтэй нийлээд буруу замаар будаа тээгээд явж байдаг.
Гэтэл ядуу айлд өссөн хүүхэд өөрийнхөө хүч хөдөлмөрөөр амжилтад хүрсэн байдаг. Өссөн орчноосоо шалтгаалаад сайн сайхан, муу муухай амьдардаггүй. Гагцхүү насанд хүрсэн хойноо амьдралд хэрхэн хөлөө олох вэ, зорилго юу вэ гэдгээ зөв тодорхойлж чадах юм бол энэ нийгэмдээ төлөвшөөд зөв амьдарч чадах юм байна гэдгийг зохиолоороо харуулахыг зорьсон.
-Та нар энэ фестивалийн талаар хаанаас мэдээлэл авч оролцсон бэ?
-“Сити” дээд сургуульд урлагийн тэнхимийн эрхлэгч А.Баярмэнд уралдааны талаар мэдээлэл өгсөн. БСШУЯ болон бүх урлагийн байгууллага руу энэ талаар мэдээлэл илгээдэг юм байна лээ. Гэтэл урлагийнханд энэ талаар огт мэдээлэл очдоггүй. Тиймээс гаднын уралдаануудын талаарх мэдээллийг хүргэдэг нэгдсэн байгууллага баймаар санагддаг. Одоо бол уран бүтээлчид өөрсдөө сургийг нь гаргаж, бүтээлээ өөрсдөө орчуулж, зардлаа ч гэсэн өөрсдөө шийдээд л явж байна шүү дээ.
-“Детектив фест” Олон Улсын наадамд оролцсоноор таны хувьд ололттой зүйл их байсан байх?
-Энэ наадамд оролцсоноор маш их урам зориг авсан. Фестивалиас харж байхад Монголын кино уран бүтээлчид үнэхээр авьяастай юм байна. Бидэнд дэлхийн төвшинд өрсөлдөх чадвар, чадамж бүх зүйл нь байгааг ойлгосон. Өөрсдийнхөө үеийн залуу уран бүтээлчдэд уриалахад бид гадагшаа танигдаж байж, уран бүтээлийн маань чанар чансаа улам дээшилнэ үү гэхээс зөвхөн монголынхоо хүрээнд уран бүтээлээ хийгээд байвал хөгжихгүй юм байна.
Уран бүтээлээ чанаржуулахын тулд бид гаднын орноос туршлага хуваалцаж, олон зүйлд суралцах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож авлаа. Миний хувьд ОХУ-д болсон энэ наадамд оролцсоноороо өөртөө хоёр том босго тавьж байгаа. Нэгдүгээрт, муу юм хийх эрх байхгүй. Хоёрдугаарт, техник технологиос эхлээд ажиллаж байгаа баг маань хүртэл олон улсын шаардлагад нийцсэн байх ёстой.
-“Зангараг” киногоороо өөр гадны фестивальд оролцох уу?
-Есдүгээр сард Японд болох олон улсын фестивальд оролцох хүсэлтээ илгээсэн.
-Олон улсын наадамд амжилттай оролцсоны дараа гаднын улсуудад киногоо гаргах урилга ирдэг. Хэр их хүсэлт ирж байна вэ?
-Олон газраас хамтарч ажиллах санал ирсэн. Ирэх есдүгээр сараас Казахстан, Буриад, Киргизстан улсад гаргах санал ирээд байгаа.
-Саяхан болж өнгөрсөн “Академи авардс” наадмын талаарх сэтгэгдлийг тань сонсмоор байна. Таны хувьд анх удаа оролцсон гэсэн?
-Зохион байгуулагчдын зүгээс энэ наадамд оролцооч гэсэн санал ирсний дагуу манай кино энэ жил найман номинацид нэр дэвшсэн. Тэгэхдээ би шагнал аваагүйдээ маш их баярлаж байна.
Хэрвээ би авсан бол маргааш нь буцаагаад өгөх хэмжээний сэтгэгдэлтэй байна. Энэ наадмыг Монголын кино урлагийнхны дунд биш, урлагийн сургуулиудын оюутнуудын дунд зохиовол яасан юм бэ гэж харагдсан.
Зохион байгуулалт, арга хэмжээ, шүүгчид нь ч тэр. Үнэхээр таалагдаагүй. Яагаад Монголын кино урлагийг, кино уран бүтээлчдийг нь урьж авааччихаад ингэж доромжилж байгаа юм бол. Кино урлагийнхан тэнэг хүмүүс биш. Энгийн хүмүүсээс илүүтэй кино урлагийг мэднэ. Номинац бүрт санал нэгтэйгээр дүгнэлтээ гаргачихсан сууж байхад зааланд сууж байгаа уран бүтээлчдийн бодож байснаас эсрэг хүмүүст өгчихдөг нь ямар учиртай юм бол.
Миний хувьд үнэн бодит зүйл ярьж байгаа болохоор айхгүй байна. Энэ наадмыг зохион байгуулж байгаа хүмүүс маань дебют гэсэн шагналынхаа утгыг ядаж ойл-гохгүй байна л даа. Уг нь энэ шагналыг шинэлэг, онцлог санаа дэвшүүлсэн бүтээлд олгох гээд байгаа юм л даа.
“Замбуулин дуусах болоогүй” гэдэг олон ангит кино байдаг л кино. Энэ кино юугаараа онцлог байж, монголын кино урлагт ямар тэсрэлт хийв. Нэг ангит уран сайхны кино дотор ганцхан олон ангит кино нэр дэвшээд тэр нь энэ шагналыг яагаад авчихав "TV5" телевизийн III-р сувгаар шууд дамжуулсан гээд шагнаад байгаа юм уу. Учрыг нь үнэхээр ойлгосонгүй.
-Шүүгчдийн бүрэлдэхүүнд уг нь кино урлагийн шилдэг уран бүтээлчид багтсан байсан шүү дээ?
-Бидний хайрлаж хүндэлдэг ардын жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Жигжидсүрэн, урлагийн гавьяат зүтгэлтэн Б. Нагнайдорж, Н.Зундуй, Б.Лхагвадорж зэрэг мундаг хүмүүс энэ наадмыг шүүсэн. Үүнд ч манай залуу үеийн уран бүтээлчид дуртай байдаг. Энэ хүмүүсээр киногоо дүгнүүлнэ гэдэг бидний хувьд аз завшаан. Үнэндээ энд нь болж бид орж байхад академийн шүүлт нь эсрэгээрээ байна.
Хэзээ ч тэд ийм шүүлт хийхгүй. Алтан үеийнхээ мундаг уран бүтээлчдэд бас харамсч байна. Тэргүүн гэж яриад байгаа Б.Цогтбаяртай нийлээд уран бүтээлчдийн дунд байгаа ялзралд яагаад хутгалдчихав. Тэд бидэнд хайрлагддагаараа хайрлагдаад явж байх байсан юм шүү дээ.
-Дараа, дараагийн “Академи авардс” наадамд таныг оролцохгүй гэж ойлгож болох уу?
-Би энэ наадамд дахиж оролцохгүй. Уг нь төрөөс ч юм уу зохицуулалт хийгээд өндөр төвшинд зохион байгуулан цаашдаа Олон Улсын хэмжээнийх болтол өргөтгөвөл байх ёстой наадам.
-“Зангараг” киноны хувьд таны анхны найруулагчаар нь ажилласан бүтээл. Таны үндсэн мэргэжил зураглаач гэж сонссон?
-2002 онд Кино урлагийн дээд сургуулийг Г.Маш багшийн удирдлага дор зураглаач мэргэжлээр дүүргэсэн. Төгссөнийхөө дараа цөөнгүй бүтээл дээр зураглаачаар ажиллаж байгаад 2004 онд БНСУ-д суралцахаар явсан.
Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн “Аргасун хуурчийн домог” гэх зэрэг олон бүтээл дээр зураглаачаар ажиллаж байсан. Зураглаачаар суралцах болсон шалтгаан нь намайг урлаг руу хөтөлж оруулсан гэж хэлж болох аавын минь дүүтэй холбоотой. МҮОНТ-д найруулагчаар ажилладаг Л.Нацагням ах маань “Найруулагч болохын тулд эхлээд маш сайн план тавьж чаддаг, мэддэг байхад маш сайн найруулагч болж чадна” гэж зөвлөсний дагуу зураглаачаар суралцсан юм.
-Дараагийн уран бүтээлийн ажлаа эхлүүлсэн үү?
-“Скай пирамид” продакшн “Хоёр ертөнц” гээд шинэ адал явдалт киноныхоо ажилд зургаадугаар сарын 20-ноос орох гэж байна. Австралиас зураглаач урилгаар авчирч байгаа. Зураглаачаар ажиллаж байсан бүтээлүүд нь Канн болон олон улсын томоохон кино фестивалиудад оролцож байсан. Киноны онцлог гэвэл адал явдалт киноны гол дүрд эмэгтэй хүн тоглож байгаагаараа онцлогтой.
-Залуу уран бүтээлчдийн хувьд тулгарч буй гол бэрхшээлд та юуг нэрлэх вэ?
-Залуу уран бүтээлчдэд хөрөнгө санхүүгийн асуудал хамгийн хүнд байдаг. Улсаас дэмжээд өгөх юм бол дэлхийд гайхагдах бүтээл төрүүлнэ гэдэгт итгэж байна. Ц.Цэрэнболд ах, Б.Амарсайхан, Р.Анхням зэрэг манай уран бүтээлчид Холливудын уран бүтээлд тоглож эхэллээ.
Гэтэл тэднээс өмнө “47 ронин”, “Хатуу самар-5”, “Марко Поло” гэх мэтчилэн Холливудын алдарт кинонд тоглосон Н.Цогтсайхан гээд монгол залуу байдаг.
Мөн “Тэнгэрийн чоно”, “Action crew” гээд орлон тоглогчдын багийг магтмаар байна. Манай кинонд үнэхээр сайн ажиллаж чадсан, сэтгэлтэй залуучууд байдаг. “Марко поло” кинонд тоглохдоо техник, моринд гарамгай байдлаараа Ази байтугай дэлхийн хүмүүсийг гайхуулаад ирсэн байна.
“Зангараг” уран сайхны киног үзээгүй хүмүүс болон дахин үзэх сонирхолтой хүмүүс их байгаа шүү дээ. Киног хаанаас үзэх боломжтой вэ?
Үзэгчид уран бүтээлийг маань эерэгээр хүлээж авч, дэмжиж байгаад их баяртай байна. Манай киног Юнивишн болон Скай медиагаар үзэх боломжтой.
Баярлалаа, танд Амжилт хүсье.
Сэтгэгдэл байхгүй байна