• Эхлэл
  • Лувсангийн Одончимэд таалал төгслөө

Лувсангийн Одончимэд таалал төгслөө

2016/07/16

Улсын Их Хурлын гишүүн, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Ерөнхийлөгч асан зохиолч, нийтлэлч Лувсангийн Одончимэд 2016 оны 7 дугаар сарын 13-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсч, нөхөж баршгүй гарз тохиолоо.

Л.Одончимэд нь 1942 онд Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрж, 1977 онд Прага хотын Карловын Их сургуулийн аспирантурт анагаах ухааны дэд эрдэмтэн цол хамгаалсан.

Л.Одончимэд нь ажил хөдөлмөрийн гараагаа 1967-1971 онд Дорноговь аймгийн Анагаах Ухааны Дунд сургууль багшаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1971-1974 онд Дорноговь аймгийн Анагаах Ухааны Дунд сургуулийн захирал, 1971-1983 онд МАХН-ын төв хорооны зааварлагч, 1983-1991 онд МҮЭ-ын Төв Зөвлөлд Амралт сувилалын газрын дарга, 1991-1992 онд МҮЭ-ын Төв Зөвлөлд Эрүүлийг хамгаалахын үйлдвэрчний эвлэлийн төв хорооны дарга, 1992-1996 онд Дорноговь аймгийн засаг дарга, 1996 оноос Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Ерөнхийлөгч, 2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн, 2006-2008 онд Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Нийгмийн Хамгаалал хөдөлмөрийн сайдаар тус тус ажиллаж байсан билээ.

Л.Одончимэд нь Монгол Улсын Нийгмийн хагмааллын салбарыг толгойлон ажиллаж байхдаа төрөөс хүмүүнлэгийн талаар баримтлах бодлогыг анхлан санаачилж, батлуулсан юм. Түүний туйрвасан ном зохиол, судалгаа шинжилгээний ажил бүхэн монголын утга зохиол, түүхийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан. Зохиолч, нийтлэлч Л.Одончимэд нь “Чулуу шиддэг жаал” номоороо Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, “Хоржоонтой дурсамж” номоороо утга зохиолын дээд шагнал болох “Алтан өд” шагналыг хүртсэн. Тэрээр Говийн Ноён хутагт Данзанравжаа судлалыг дэлхийн түвшинд гаргах үйл явцад Данзанравжаа судлалын олон улсын төвийн Тэргүүний хувиар үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм.

Талийгаачийн улс орныхоо төлөө зүтгэсэн нөр их хөдөлмөр, шулуун шударга, ажилч хичээнгүй, нөхөрсөг зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.

Түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, ах, дүү хамаатан садан, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Одонгоо аав хэмээн олны хайр хүндлэлийг хүлээсэн Л.Одончимэд өнгөрсөн арванхоёрдугаар сард элэг шилжүүлэн суулгах өндөр өртөгтэй хагалгаанд орохоор хандив цуглуулж байсан юм. Гэсэн ч бусдын өгснийг зүгээр авахыг хүсэлгүй өөрийн "Алтан өд" шагнал хүртсэн бүтээл болох "Найман шарга морь" хэмээн алдаршсан 6 боть номоо 150 мянган төгрөгөөр худалдах зар түгээж байсан билээ. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн тэрбээр энэрэхүйн үйлсийн төлөө тэмцэгч, Ноён хутагт Данзанравжаа судлалыг дэлхийн түвшинд гаргаж ирсэн соён гэгээрүүлэгч, эрдэмтэн, зохиолч нийтлэлч байлаа.

Ум сайн амгалан болтугай.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна