• Эхлэл
  • Японы эзэн хаан хаан ширээнээс татгалзжээ

Японы эзэн хаан хаан ширээнээс татгалзжээ

2016/08/08

Японы эзэн хаан Акихито өнөөдөр /2016.08.08/ хаан ширээнээсээ татгалзах хүсэлтээ илэрхийлснийг үндэсний телевизээр дамжуулах аж.

Өмнө нь түүний эцэг болох эзэн хаан Хирохито 1945 оны наймдугаар сарын 15-нд радиогоор Японыг Дэлхийн Хоёрдугаар дайнд ялагдсаныг зарлаж байсан бол жаран жилийн дараа түүний хүү Акихито 2011 оны гуравдугаар сарын 16-нд Фукушимагийн цунами, газар хөдлөлтийн талаар телевизээр мэдэгдэл хийж байжээ.

82 настай эзэн хаан Акихито хаан ширээнээсээ татгалзах тухай видео бичлэгийг урьдчилан хийж өнөөдөр /2016.08.08/ орон нутгийн цагаар 15:00 цагт телевизээр цацахаар болсныг хааны ордны хэвлэлийн агентлаг IHA мэдээлсэн байна.

Энэ нь Японы түүхэнд гарч буй анхны хаан ширээнээсээ татгалзсан тохиолдол юм. Үүний гол шалтгаан нь сүүлийн жилүүдэд эзэн хааны биеийн байдал тааруу байгаа аж. Зүрх нь өвчилсний сацуу хорт хавдар туссаны улмаас хагалгаанд орж, эмчилгээ ихээр хийлгэж байгаатай холбоотойгоор өөрийн үүргээ гүйцэтгэж чадахаа больсон тул томоохон арга хэмжээнүүдэд оролцохдоо ядарч сульдан, бага зэргийн алдаа гаргадаг болсон байна.

Хааны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлж буйгаар хаан, хатан нар жилд 250 олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, 75 гадаад албан ёсны айлчлалд оролцох шаардлагатай байдаг аж. Харин одоогийн байдлаар 100 орчимд оролцох боломжгүй болсон байна.

Японы дайны дараах хуулиар амьд ахуй цагтаа хаан ширээнээсээ буухыг зөвшөөрдөггүй байсан бөгөөд Абэгийн засгийн газар дээрх асуудалтай холбоотой эзэн хааны хуульд өөрчлөлт оруулах ёстой болоод байгаа юм.

Акихито нь Япон улсын 125 дахь эзэн хаан бөгөөд хааны удам 14 зууны турш тасалдалгүй үргэлжилсэн байна. Амьд бурхан гэж бэлэгшээгддэг Японы хааны угсааны гэр бүл нь Дэлхийн Хоёрдугаар дайны дараа бэлгэдлийн шинж чанартай болж, тухайн үед засгийн эрхийг авсан хүчин хааны удмын гэр бүлийн хөрөнгийг хураан авсан аж. Харин одоогийн засгийн газар хааны гэр бүлийн жилийн төсвийг 100 сая доллараас хэтрүүлэхгүйгээр хяналтандаа байлгадаг байна.

Эзэн хааны 56 настай ханхүү Нарухито нь хаан ширээг залгамжлах аж.

Японы хаант засаглал нь 2,000 гаруй жилийн өмнөөс эхлэлтэй дэлхийн хамгийн урт хугацаанд үргэлжилсэн хаанчлал юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна