Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадамд эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан Доржсүрэнгийн Сумъяа олимпийн мөнгөн медалийг хүртэж монголчуудыг баярлуулж, төрийн далбаагаа мандууллаа. Риогийн олимпоос медаль авсан анхны тамирчин, жүдо бөхийн төрлөөр олимпоос медаль хүртсэн анхны эмэгтэй жүдоч.
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 23 орны шилдгийн шилдэг жүдочид өрсөлдсөн юм.
Дэлхийн чансааг тэргүүлэгч Д.Сумъяа “А” хэсгийг тэргүүлэн барилдан барилдаж, эхний тойрогт хийлсэн. Улмаар Голландын В.Саннег ялж, шөвгийн наймд дэлхийн аваргын дөрвөн мөнгөн медальт Португалийн Телма Монтейог нэмэлт цагт торгуулиар хожин хэсгийн аварга болсон юм. Манай бөх хагас шигшээд "Лондон 2012" олимпийн аварга, дэлхийн хошой аварга Японы алдарт бөх Каори Мацүмотой барилдаж, 25 секундэд цэвэр ялан мөнгөн медалийн болзол хангаж, аваргын төлөө дэвжээний эзэн орны бөх Рафаэль Силвад ялагдлаа.
“Рио-2016” олимпийн жүдо бөхийн тэмцээний 57 кг-ын жингийн медальтнууд хэвлэлийн бага хуралд оролцлоо.
Д.Сумъяа “Каори Мацүмо бол Лондонгийн олимпод түрүүлсэн, дэлхийн хошой аварга, дэлхийн шилдэг жүдоч. Бид олон удаа таарч барилдаж байсан. Бие биенийхээ барилдааныг сайн мэднэ. Хэдийгээр Каори өмнөх олимпийн аварга ч гэлээ энэ олимпод түүнийг ялна гэсэн итгэлтэйгээр дэвжээнд гарсан. Багшийнхаа зөвлөснөөр барилдлаа. Барилдааны өмнө тайван байсан. Аваргын төлөө барилдахдаа ч тэр. Харамсалтай нь, алтан медалийг зорилгоо болгож байсан ч түүндээ хүрч чадсангүй. Гэхдээ Монголын жүдочид, Монголын тамирчид маань үлдсэн өдрүүдэд өндөр амжилт гаргаж, монголчуудыгаа баярлуулна гэдэгт итгэлтэй байна. Багийнхаа салхийг хагалж, энэ олимпийн эхний медалийг хүртсэндээ баяртай байна. Тамирчдадаа амжилт хүсье. Биднийг дэмжиж, итгэл найдвар тавьж суугуу ард түмэндээ баярлалаа” гэв.
ДОРЖСҮРЭНГИЙН СУМЪЯА
1991-03-11-нд төрсөн
Увс аймаг, Монгол Улс
Гавьяат тамирчин, "Хилчин" спорт хороо
Лондон-2012 олимпийн наадамд оролцсон
2015, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Хүрэл медаль, Астана, Казахстан
2014, Азийн наадам, Хүрэл медаль, Инчён, БНСУ
2016, Азийн аварга шалгаруулах тэмцээн, Алтан медаль, Ташкент, Узбекстан
2016, Олимпийн наадам, Мөнгөн медаль, Рио-де-Жанейро, Бразил
Сэтгэгдэл байхгүй байна