Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл өөрийг нь үндэслэлгүйгээр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татсан талаар даваа гаригт мэдээлсэн. Ийн Э.Бат-Үүлийг яллагдагчаар татах гэж байгаа улстөрийн зорилготой гэмээр үйлдлүүдийг эсэргүүцэж, Ардчилсан холбооны анхдагч гишүүн С.Батчулуун, Ц.Хурцбилэг, СГЗ С.Амарсанаа, МУГЖ Д.Сосорбарам, “Хонх” хамтлагийн дуучин Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс хэвлэлийн бага хурал хийж, байр сууриа илэрхийллээ.
МУГЖ Д.Сосорбарам: -Бидний амьдарч буй орчин нийгэмд коммунист нөлөө, социалист схем, фашист хяналт нөлөөтэй хэвээрээ энэхүү гурвалжин дунд бид амьдарч байгаа юм байна. Ардчиллыг бий болгосон хүмүүсийг гүтгэж байна. Жинхэнэ хүний эрх, эрх чөлөө, дархлаа бүрэлдээгүй байна.
Би хэзээд ч дарангуйллын эсрэг байдаг. Гэтэл өнөөдөр Монголд дарангуйллын нийгэм тогтчихсон байна. Тийм учраас ардчиллыг дэмждэг, өөрийнхөө эрх ашгийг дээдэлдэг хүн бүхэн өөртөө үнэ цэнэ өгч, үнэний төлөө яваач ээ гэж хэлмээр байна. Би хэдэн зуун сая хүний өмнөөс ч үнэний төлөө гав ганцаараа зогсоход бэлэн байна. Энэ хуулийн байгууллагууд намын даалгавраар ажиллаж ирсэн жишгийнхээ дагуу хүмүүсийг хэлмэгдүүлж эхэллээ. Нэг засаг солигдоход цагдаагийн дарга солигдож, цаад хүчнийхээ гар хөлөөр ажиллаж байгааг амьдралд олон үйл явдал тод харуулж байна.
Коммунистууд төрийн толгойд гарахаар ийм зүйл хийдэг. Үүнийг таслан зогсоох цаг болсон. Бид хүний эрхийг дээдэлсэн нийгмийг байгуулж чадаагүй юм байна. Өнөөдөр хүнд ёс бусаар халддаг, КГБ-ын аргаар, гэмгүй хүнийг буруутгадаг, ял тулгадаг болж. Энэ өдрөөс хойш би дуугүй байхгүй. Одоо бид дуугарах цаг нь болсон. С.Зоригийн аллагын цаана хамтдаа зүтгэж явсан нөхрийг тэр хэрэгтэй хутгаж хаяад өөрсдөө ялалт байгуулсан. Үүний цаана бол гудманд яваа хүмүүс, энд цугласан бүгдийн эрх рүү шагайж байгаа буу гэж харж байна. Тиймээс дуртай нэгнээр нь олон нийт рүү буу шагайлгахгүй. Өнөөдрийн өнгөн дээр ардчилсан, хүмүүнлэг энэрэнгүй үзлийг дээдэлдэг хүн сууж байгаа. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч бол бидэнтэй хамтдаа тэмцэж явсан, одоо ч энэ үйл хэрэгт ойр дөт байгаа хүн. Ардчиллын хүн гэхээсээ илүү Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн тэргүүнийх нь хувьд Ц.Элбэгдоржид хатуу шаардлага хүргүүлнэ. Энэ юу болоод байна вэ, та төрийн тэргүүний хувьд юу гэж үзэж байна вэ гэж асуумаар байна.
С.Батчулуун: -С.Зоригийг хөнөөсөн хэрэг Зоригийнх биш боллоо. Энэ хэргийг илрүүлэх хүсэл зорилготэй нэг ч хүн алга. С.Зоригийнхоо араас харуусч, илрээсэй гэж 20 жил хүлээлээ. С.Зоригийг хөнөөсөн хэрэг гэдэг юмаар улс төрийн хамгийн хар хорлонтой үйлс хийдэг ийм зүйл болголоо. Одоо С.Зориг нь чухал биш болоод, энэ хэргээр хэнийг алах вэ гэдэг болсон байна. Бид үүнийг тэвчиж чадахгүй. Тэр хүн ийм зүйлийн эсрэг байсныхаа төлөө хөнөөгдсөн юм. Хамгийн чухал зүйл хамгийн сүүлийнх болчихоод байна. Хэн төрийн эрх мэдэлтэй байна тэр нөгөөхөөсөө өшөө авч, үнс нурам болгох гэж оролддог болж. Бид С.Зоригийн нөхдүүд учраас, Ардчиллыг үүсгэн байгуулсан учраас үүнийг бид зөвшөөрөхгүй. Би С.Зориг, Э.Бат-Үүл гэдэг хоёр хүнтэй 8 жил хамтдаа ажиллахдаа эх орны төлөө санал зөрөлдөж байснаас хувийн өс хонзон байгаагүйг бид гэрчилнэ. Одоо энэ бүх бусармаг хэргийг таслан зогсоох цаг болсон. Ардчилсан холбоо бол маш хүлээцтэй. Юм бүхэн дээр гарч ирээд байдаг холбоо ч биш. Анхдагч нар маш дөлгөөн 20 жил хүлээцтэй явж ирсэн. Харин бид нэг хөдөлбөл яг л 90 оных шигээ хөдөлнө. Нэгийг нь хутгалж хөнөөгөөд, амьд байгаа нэгийг нь сүнс сүг болгох гэж байгаа бол хамт олноор нь алаарай. Мянга мянгууланг нь шоронд хатааж алаарай гэж хэлнэ.
Н.Энхбаяр: -Ардчиллын он жилүүдэд Хувьсгалт намынхан Э.Бат-Үүлийг гутаахын тулд хулигаан гэж нэрлэж байсан. Тэр үед бид бие биеэ хулигаан гэж хэлдэггүй байсан. Бат-Үүлийн хулигаан байсан үгүйг манай 40 мянгатынхан дэндүү сайн мэднэ. Хэсэг бүлэг хүмүүс нэгнээ бөөрөлхөж байхад хажуугаар нь зүгээр өнгөрч чаддаггүй тийм л хүн. Одоо ч тийм хэвээрээ. Хар багаасаа мэдэх хүний хувьд би ингэж л хэлнэ. Тийм учраас энэ эрх баригч намынханд хандаж хэлэхэд Э.Бат-Үүлийг дэндүү хэлмэгдүүллээ. 2000 оны сонгуулиар хэлмэгдүүлсэн. Одоо ханах хэрэгтэй гэлээ.
Сэтгэгдэл байхгүй байна