• Эхлэл
  • Мөрийтэй тоглоомын газарт гарсан хэргийг шалгаж байна

Мөрийтэй тоглоомын газарт гарсан хэргийг шалгаж байна

2016/10/10

Сүхбаатар дүүргийн нутагт байрлах автомат тоглоомын газарт буу гарган иргэдийг сүрдүүлж, хоёр иргэнийг хутгалж танхайрсан хэрэг энэ сарын 9-10-нд шилжих шөнө гарчээ. Зарим эх сурвалжийн мэдээгээр 30 хүнийг хутгалсан гэсэн мэдээлэл гараад байгаа. Харин Цагдаагийн ерөнхий газраас мэдээлснээр бол тухайн үед тоглоомын газар 30 орчим хүн байсан, хоёр хүн хутгалуулан эмнэлэгт хүргэгдсэн гэжээ. Улсын төв нэгдүгээр эмнэлгийн ойролцоо байрлах “Шош” хэмээх тоглоомын газарт нэгэн этгээд “АКА-М” маркийн буу тулган танхайрсэн хэргийн дуудлага цагдаа нарт ирсний дагуу сэжигтэнг баривчлан Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж эхэлсэн гэж албаны эх сурвалж мэдээллээ. Мөн зарим эх сурвалж хэргийн газраас нэг кг орчим алт, их хэмжээний мөнгө олдсон гэж мэдээлж байгаа юм.

Харин тэнд байсан хүмүүсийн яриагаар бол сэжигтэн залуу тус мөрийтэй тоглоомын газар тоглож их хэмжээний мөнгө алдсан. Ингээд шөнийн 02.00 цагийн үед “Дахиад мөнгө авч ирье, хаалгаа онгойлго” хэмээн шаардсан. Хамгаалагч залууг хаалга онгойлгоход хэсэг бүлэг залуус тоглоомын газар руу нэвтэрч “АК” буу тулган дээрэм хийж, бусдын биед хохирол учруулсан гэжээ.

Ч.Гэрэл

Нэмэлт мэдээлэл: 2016.10.10-ны 14:00 цагийн байдлаар:

Хутгалуулсан зургаан хүний биеийн байдал хүнд байна гэв

Мөрийтэй тоглоомын газар гарсан хэргийн талаар ЦЕГ-аас албан ёсны мэдээлэл хийлээ. 

Үүнд: Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо буюу Нэгдүгээр эмнэлгийн ойролцоо өнгөрсөн шөнө 02.00 цагийн орчимд хүмүүс зодолдоод байна гэсэн тусламжийн дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид очиход, тус хорооны нийтийн орон сууцны нэг давхарт байсан 10 залууд  иргэн А,Б нарын зургаан хүн буу тулган сүрдүүлж, залуусыг хутгалан 40 сая төгрөг болоод бусад эд зүйлсийг нь дээрэмдсэн хэрэг гарсан байжээ. СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байцаагчид болон ЭЦГ-ын хүчнийхэн шуурхай ажиллаж сэжигтэн А,Б нарыг газар дээр нь баривчилсан тухай ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэн мэдээллээ. Саатуулагдан шалгагдаж буй сэжигтэн А,Б нарыг Эрүүгийн хуулийн 147.3 дугаар зүйл ангиар ...“Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, урьд нь уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол, бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан бол эд хөрөнгийг хурааж арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” ... буруутган эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн байна. Харин хутгалуулсан иргэдийн зургаагийнх  нь биеийн байдал нь хүнд байгаа аж.

Сэжигтэн А нь өнгөрсөн намар өршөөлөөр суллагдсан аж. Харин сэжигтэн Б нь Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйл ангиар буюу  “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах” заалтаар буруутгагдан хэрэг нь шүүхийн шатанд байх явцад дахин эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн байгаа юм.

Одоо цагдаагийн байгууллага гэмт этгээд дээрэм хийхдээ ашигласан галт зэвсгийг хаанаас олж авсан болоод дээрэмдүүлсэн 10 залуу олноороо шөнийн цагаар юу хийж байсан, дээрэмдүүлсэн гэх их хэмжээний мөнгө нь хууль бус байсан уу зэргийг шалгаж, тогтооно гэдгийг ЦЕГ-аас мэдээллээ. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна