Б.Ууганбаяр Чингэлтэй дүүргийн 17 хорооны 37-р сургуулийн төгсөгч. Чингэлтэй дүүрэгт бага насаа өнгөрөөсөн тэрээр өөрийнхөө төрсөн хороонд нэр дэвшиж буй. Хорь гаруйхан настай тэрээр бас хамгийн залуу нэр дэвшигч гэгдэж буй. Гэхдээ Б.Ууганбаяр хувийн компаниа байгуулж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд оролцож байсан юм байна.
-Та өсч торнисон Чингэлтэй дүүргийнхээ 17 дугаар хорооноос нэр дэвшиж байгаа. Өөрийн тань тодорхойлох хамгийн чухал чанар, онцлог гэвэл та товчхоноор юу хэлэх вэ?
-Би “Монголын залуучуудын холбоо”-ны хүмүүнлэгийн байнгын хорооны тэргүүлэгч гишүүн, “Залуучуудын холбоо”-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн. Залуучуудын байгууллагад ажиллахад залуучуудын дуу хоолой хаана хүрдэг вэ, эрх баригчдад хүрч чадаж байна уу үгүй юу гэдгийг сүүлийн 4-5 жил судлан гал тогоонд нь ажиллаж байна. Тэр үүднээсээ залуучуудын дуу хоолойг илэрхийлж, залууст хандсан бодлогыг илэрхийлэх, залуу сэтгэлгээ, залуу хүмүүсийн эрч хүчийг орон нутгийн удирдлагад оруулж ирэх зорилго гэж тодорхойлж байгаа. Аливаа бодлого санал санаачлагыг амьдралд хөрсөн дээр нь үр дүнтэй амьдруулахад зорилго, хандлаг чухал. Тийм болохоор залуучуудыг зөв чиглэл рүү хандуулж, зөв хандлагатай болгох маань гол зорилго гэж хэлж болно.
-Тэгвэл таны өссөн орчин, тухайлбал, танай тойргийн залуусын хувьд ямар онцлогтой гэж бодож байна вэ?
-Манай хорооны залуучууд ажлын төрсөн мэт хүмүүс байдаг. Ажлаа хийгээд амьдралаа сайхан болгох гэж зүтгэж байгаа залуус олон. Тэднийг илүү хүчтэй, зорилготой идэвхтэй болгоход туслах сан гэж боддог. Жишээлбэл, залуучууд сонгуульд саналаа идэвхтэй өгөх ёстой гэдгээс эхлээд хандлагыг өөрчлөх сайжруулах зүйл олон байгаа. Миний хувьд залуучууд руугаа хандсан ажлыг илүү их хийх хэрэгтэй гэж бодож явдаг. Залуучууд нь улс орны суурь, улс орны хөгжил залуусаас шалтгаана гэдгийг харуулах хэрэгтэй.
-Нэр дэвшиж буй хороонд тулгамдаад буй асуудал, асуудлыг шийдэх ямар арга зам байна гэж харж байгаа вэ?
-ДИТХ-ын орон нутгийн байгууллын төлөөлөл, чадамж жил ирэх тусам сайжирч байгаа гэж харж байна. Цаашид улам илүү сайжирч нээлттэй ард иргэдийн оролцоог дээдэлсэн байгуулал бий болно гэдэгт итгэж байна. Ерөнхийдөө 2016 оны сонгуулийг харж байхад нэр дэвшигчдийн ихэнх нь залуус байна. Шинэ үе гарч ирэх гэж байна. Залуучууд гарч ирж байна гэдэг нь шинэ давалгаа гарч ирж байгаа гэсэн үг. Шинэ бодлого, шинэ сэтгэлгээ гарч ирж байгаа юм.
-Аливаа ажил гүйцэтгэхэд юу хамгийн чухал вэ?
-Ямар ч ажлыг сэтгэлээрээ хийх юм бол бүх л ажил амархан. Тэгэхээр сэтгэл хамгийн чухал гэж бодож байна. Ээж аав маань намайг гол нь зөв хүн бай гэж сургаж өсгөсөн. Хүнд худлаа хэлэхгүй, гай болохгүй зөв амьдрах хэрэгтэй гэж сургадаг байсан.
-Нийслэл болон дүүргүүдийн өнгөрсөн хугацаанд хийгдэж ирсэн бодлого шийдвэр, амжилт алдаа онооны талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Нийслэл Чингэлтэй дүүрэг их ажил хийж байгаа. Үүнийг би буруутгаж, шүүдэг хүн биш. Хуучин бол гэр хороолол дунд чөлөөт цагаа өнгөрөөх газар байдаггүй төв рүү орж ирэх болдог байсан. Гэтэл одоо хороонуудад чөлөөт цагаа өнгөрөөх газрууд баригдсан байна. Хийж байна хэрэгтэй гэсэн зүйлсийг огт хийхгүй биш хийж байгаа нь сайн хэрэг.
-Өнгөрсөн дөрвөн жилд Ардчилсан намын баг Гэр хорооллын төлөвлөлт хэмээх том ажил санаачилсан. Том ажлын хувьд цаг хугацаа ч шаардлагатай, хүндрэл бэрхшээл ч тохиолдож байсан байх. Гэхдээ иргэд, ялангуяа гэр хорооллынхон эхлэлээ тавьсан энэ ажлыг амжилттай үргэлжлүүлээсэй гэж бодож байгаа байх?
-Би өнгөрсөн дөрвөн жилд гэр хороололын дахин төлөвлөлтийн чиглэлээр ажиллалаа. Дахин төлөвлөлт үнэхээр хэрэгтэй юм байна, бүтэх боломжтой юм гэдгийг ойлгосны үндсэн дээр хувийн бизнесээ эхлүүлсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг амжилттай үргэлжлүүлэхэд хэрхэн төлөвлөх, заавал бүгдийг орон сууц болгох шаардлагатай юу, эсвэл дэд бүтцийг бүрдүүлснээр хаус хороолол, айл өрх бүр өөр өөрсдийн боломж сэтгэлд нийцсэн байшинтай болох уу гээд шийдэх олон асуудал бий. Энэ ажилд хувийн хэвшлийнхэн чухал нөлөөтэй, идэвхтэй оролцох шаардлагатай юм.
Хүнийг бурхан бүтээнэ, бусдыг нь барилгачид бүтээнэ гэгчээр барилгын салбарт хүч үзэж байна. Одоогоор “Старк индестри” ХХК болон “Гал хээр” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байна. Цаашид ч Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлаа үргэлжлүүлэн ажиллах болно.
-Таны хобби, сонирхдог спорт?
-Чөлөөт цагаараа спортоор хичээллэх дуртай. Сайн ч биш ч гэсэн тоглоно. Ерөнхий дөө шатрын спортыг илүү сонирхдог, багадаа ахмадуудыг тоглож байхыг хараад сурч байсан. Сагсан бөмбөг болон, хөл бөмбөгийн хорхойтон ч гэлээ тийм ч сайн тоглож чадахгүй. Эр хүн наадамд гурван даваатай, найранд гурван дуутай гэдэгчлэн Монгол хүн юм чинь барилдах дуртай, бас дуулах дуртай. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах юмсан гэж бодож явдаг.
-Таны ойрын болон хэтийн төлөвлөгөө?
-Нийгэм болоод ард иргэдийг зөв хандлагатай болоход нь туслая гэсэн зорилготой гэдгээ хэлсэн. Чингэхийг тулд өөрөө зөв үлгэр дуурайлалтай байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг. Ер нь хөгжингүй орныг харахад зөв хандлага, зөв бодлоготой орон л хөгжлийн шатандаа гарсан байдаг. Бид нэг нэгнийгээ дэмждэг байх хэрэгтэй. Одоо олон хүмүүсийн хувьд зарим талаасаа нэгнээ дэмжихээсээ илүү татах нь илүү болчихоод байгаа юм. Тэгэхээр тэр хандлагыг устгая гэсэн бодолтой байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг үзэхийг хүсвэл дор дарж уншина уу
Сэтгэгдэл байхгүй байна