• Эхлэл
  • Фүкүшима дахь Монголын иргэдтэй холбоо барихаар ажиллаж байна

Фүкүшима дахь Монголын иргэдтэй холбоо барихаар ажиллаж байна

2016/11/22

Японы Фүкүшима мужид өнөө өглөө газар хөдөлсөн талаар дэлхийн мэдээллийн агентлагууд мэдээлж байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас албан ёсны мэдээлэл гаргасан байна. Уг мэдээлэлд:

Өнөө өглөө 05.59 цагт Япон улсын Фүкүшима мужийн ойролцоо 7.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсон. Үүний улмаас Японы зүүн хойд нутгийн эргийн зарим мужуудад бага хэмжээний цунами болов.

Газар хөдлөлтөд иргэдийг нүүлгэн шилжүүлэх, аюулгүй газарт шилжүүлэх арга хэмжээг цаг алдалгүй авч байгаа байна. Мөн газар хөдлөлт, цунамигийн талаарх иргэдийн ойлголт, хувийн бэлтгэл өндөр байсантай холбоотойгоор хохирлын хэмжээ бага байгаа аж. Одоогийн байдлаар Фукушима, Мияаги мужид цунамигаас сэрэмжлэх тухай анхааруулга хэвээр үргэлжилж байна.

Япон Улсад Монгол Улсын нийт 6590 иргэн ажиллаж, амьдарч байгаагаас зүүн хойд эргийн мужууд болох Фүкүшима /48/, Аомори /8/, Иватэ /24/, Ибараки /162/, Мияаги /89/, Чиба/832/ мужуудад нийт 1163 иргэн оршин суудаг байна.

Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ эдгээр бүс нутагт оршин сууж буй иргэдийн талаар мэдээлэл авч, холбоо барихаар ажиллаж байна" гэсэн байна.

Дашрамд дурдахад газар хөдлөлтийн голомт газрын гүний 25 км-ээс чичирхийлж мэдрэгдсэн бөгөөд газар хөдлөлтөөс үүдэн Мияаги мужийн Сэндай боомтын ойролцоо 1.4 метрийн өндөр, Фукушимагийн далайн эргийн ойролцоо нэг метр орчим өндөр далайн давалгаа үүссэн гэжээ.

Фукушима мужид 2011 онд газар хөдлөлт болж, улмаар цунами үүсэн тус мужийн "Фукушима Даичи" цөмийн цахилгаан станц осолдож, их хэмжээний хор хохирол учруулж байсан. Энэ удаагийн газар хөдлөлтийн хүч харьцангуй бага байгаа ч "Фукушима Даичи" цөмийн цахилгаан станцын 3-р реакторын хөргөлтийн системийг түр зогсоон үйл ажиллагааг нь дахин сэргээсэн байна.

Гэхдээ дахин цунами үүсч болзошгүй гэж сэрэмжлүүлсний дагуу далайн эргийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, боомт дээрх усан онгоцуудыг эргээс холдуулах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Газар хөдлөлтийн нийт гарз хохирлын хэмжээг тогтоогоогүй байгаа. Одоогийн байдлаар хоёр хүн бэртэж гэмтсэн гэдгээс өөр мэдээ ирээгүй байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин